О.Баасанхүү: 100 тэрбум гээд хэлэхгүй дээ, хоёрын хооронд...
2014.05.29

О.Баасанхүү: 100 тэрбум гээд хэлэхгүй дээ, хоёрын хооронд...

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах өргөдлөө буцааж татсан. Та тодорхой хариулт хэлэхгүй юу, яагаад татсан юм бэ? Тохироо хийсэн юм уу?

-Татаагүй байсан бол яах байсан бэ? Тэмүүжин үлдэх л байсан. Гэхдээ үлдэх үндэслэлтэй болоод үлдэж байгаа юм биш. Яг үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж, манай намын дарга Н.Энхбаяр болон бусад хүмүүс өөрсдийн кнопоо “татсан” гэсэн үг. Би гишүүддээ баярлаж байгаа, асуудлууд дээр жинхэнэ байр сууриа илэрхийлсэн. Дөчөөд гишүүн асуулт асуусан. Бүх гишүүн итгэж чадахгүй байсан ч даргынхаа командаар Тэмүүжинг авч үлдье гэж шийдсэн. Ийм ноцтой асуудлыг дэлгэж тавихад МАХН, “Шударга ёс” эвсэл яагаад дэмжээгүй юм бэ гэж их гайхсан. Эцэст нь кнопоо Тэмүүжингийн төлөө дарах юм байна гэдгийг мэдээд өргөдлөө татсан. Би Солонгос руу яваад, Н.Энхбаяр даргатай уулзсан.

-Заавар, зөвлөгөө авахаар явсан хэрэг үү? Хүмүүс бас тэгж хардсан...

-Н.Энхбаяр даргатай уулзах зорилго байгаагүй. Гэхдээ Энхбаяр дарга аа, яагаад заавал Тэмүүжинг үлдээж байгаа юм бэ гэж гайхаж уулзсан. Хувь хүн талаас нь аваад үзвэл хамгийн муу, нам улс оронд учруулсан бодлого талаас нь аваад үзвэл хамгийн ноцтой. Чуулган дээр Ерөнхий прокурор, ЦЕГ, ТЕГ-ын дарга нар мэдээлэл хийсэн, түүн дээр юу ярьсныг дэлгэх боломжгүй нь надад “сул тал” болчихоод байгаа. Би Тэмүүжинг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үздэг.

-Та өмгөөлөгч, хуульч хүн. Мэргэжил нэгтнүүд тань таныг Сарангэрэл охины нэр төрд халдсан гэж үзэж байна?

-Монголд байгаа мянга мянган хоригдлын эрхийн төлөө ярихгүй, энэ асуудлыг сүрхий яриад байгааг нь ойлгохгүй байна. Өмгөөлөгч гэдэг бол өмөөрөгч биш. Тэр нөхрийг би өмөөрөгч байна гэж хараад байгаа. Хэрвээ өмгөөлөгч бол баримтаа харах хэрэгтэй. Би тэр охиныг одоо хүртэл хар тамхины хэрэгтэй холбоотой гэдэгт итгэхгүй байгаа. Цаг хугацаа үнэний хэмжүүр. Хоригдож байгаа хүүхдийн талаар хэвлэл мэдээллээр гарч байсан. Би нэг зүйлд санаа зовж байгаа. Тэр хүүхэд яах гэж гайтай юм шиг ийм хүнтэй холбогдов доо гэж. Тэднийг хэн анх уулзуулсан юм бол. Тэр хүнд эхлээд хариуцлага тооцох хэрэгтэй. Би өмгөөлөгч байсан бол эхлээд тэр хүнийг буруутгах байсан.

-УИХ-ын чуулганы хуралдаан дээр та тэр охиныг яг юу гэж хэлсэн юм бэ? Хар тамхичин гээд хэлчихсэн юм уу?

-Би УИХ-ын чуулганы хаалттай хурал дээр тийм зүйл ярихгүй. Сэтгэлийн хөөрлөөр “Чи биеэ үнэлэгч, хар тамхичин хүмүүстэй тэмц ээ” л гэж Тэмүүжинд хэлсэн байж болох юм. Тэр хүн энэ хэрэг дээр ажиллаад, 10 тэрбумын нэхэмжлэлээ гаргаад яваг л дээ. Надад айх юм алга. Яахав, ядуу хүнд их мөнгө хэлэхээр аймаар сүрддэг байхгүй юу. Жишээлбэл, цалингаас цалингийн хооронд амьдардаг надад 10 тэрбум битгий хэл 10 сая төгрөг гэж хэлэхэд санаа зоволт байгаа. Би буруугүй ч гэсэн миний эхнэр, ээж, аав айна. Нээрээ буруудаад, их мөнгө төлөх болчихвол яана аа гэж. Шударга хүмүүс чинь ийм юмнаас айдаг байхгүй юу. Гарч байгаа процесс хэний зөв, буруу вэ гэхээс илүү үр дагавар нь санаа зовоох юм. Тэгэхээр нөхөр намайг ядуу байгааг мэдээд айлгаж байгаа байхгүй юу. Ингэж дайрч давшлах тусам Монголын ард түмэн надад улам л хайртай болох байх. Ажил хийж буй хүн алдаа гаргаж болно. Гэхдээ зорилго, утга нь зөв байх ёстой.

-Эрүүгийн хуулийн 192.1 хүндэвтэр гэмт хэрэгт ордог ч хорих заалт байдаггүй юм билээ. Тэр охиныг хууль зөрчиж хориод байгаа нь ямар учиртай юм бол?

-Би өмгөөлөгч нь биш. Миний хувьд гурван зүйлийг үзэн яддаг. Нэгд, эх орноосоо урвах. Хоёрт, хар тамхи. Энэ бол нийгмээр нь алах арга, бидний хамгийн ихээр үзэн ядах, эсэргүүцэх асуудал. Гуравт, албан тушаалын буюу авлигын хэрэг. Тэрийг би хэрэг угаах гэж нэрлэж байгаа. Бусдад ялаа үүрүүлчихээд, өөрөө тайван амьдардаг. Энэ гурав Монголын нийгмийг жинхэнэ “байдал”-д оруулна шүү.

-Таныг шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэгч гэх мэтээр дайрч давшлах нь их. Улс төрд орсноосоо хойш бараг л амар заяагаа үзсэнгүй дээ гэж харагддаг. Хэцүү байдаг уу?

-Хэцүү шүү. Би бүр зүрхний өвчтэй болчихоод байгаа.

-Гэр бүлийнхэн чинь энэ асуудалд эмзэглэдэг л байх даа?

-Би сүүлийн үед ээж аав, эхнэртээ “Битгий зурагт үзээрэй, битгий интернэт ороорой. Монголын мэдээ авч болохгүй шүү” гэж захиж байгаа. Хөгшчүүл чинь ямар ч идэвхтэй мэдээ үздэг юм. Уг нь ээжээс мэдээ битгий үзүүлээрэй гэж гуйгаад байгаа. Аймшигтай нь аав үзээд байна. Үнэхээр санаа зовж байна. Тэдэндээ би “Одоо дайралт эхэлнэ шүү” гэж хэлсэн.

-Гэмт хэрэг, зөрчлийн тухай хууль маш их шүүмжлэл дагуулж байна?

-Би энэ хуулийн “но”-нуудыг 100 хувь хэлж байгаа. Бохир, завааныг нь тэвчээргүйдээ гэдэг юм уу, араа бодохгүйдээ би хэлчихээд байгаа юм. Хүчингийн хэрэг нэг жилийн ялтай, 14 настай хүүхэд хүчиндэхэд хоёр жилийн ялтай. Ийм хууль оруулж ирсэн. Хүүхэд шийтгэх, тарчлаах хоёр өөр. Хүүхдээ заазуурдаж, хазаж тарчлаан зовоож байгаа хүмүүст маш өндөр ял өгөөд явуулах ёстой... Өмгөөлөгч хүний хувьд энэ хуулийг хурдан батлагдаасай гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ хууль батлагдсанаар олон үйлчлүүлэгчтэй л болох юм билээ.

-Таныг ШШГЕГ-ын дарга Ядамдоржийг огцруулах асуудлыг өргөн барьсан гэсэн? Энэ үнэн үү?

-Би тийм асуудал өргөн бариагүй ээ. Байнгын хорооны хурал дээр би “Тэмүүжин чи огцрооч ээ. Чиний наад суудал чинь хичнээн хүний цус, нулимсаар гагнагдаж үлдэх ёстой юм бэ. Чадахгүй бол ичсэн нүүрээрээ худлаа ч гэсэн агентлагууддаа хариуцлага тооцооч ээ” гэж хэлсэн. Тэгээд Ядамдоржоос “Чи хариуцлага үүрэх үү гэж асуухад “Би үүрч чадна” л гэж хэлсэн шүү дээ. Тэгтэл дараа нь би огцруулах гэсэн болоод... Манай намаас энэ асуудлыг гаргасан юм билээ. Хүнийг нь ч би олсон. Шаардлагатай бол хаана, хэнд өгснийг нь ч гаргаад тавьж болно.

-Хүн гүтгэсэн гэж танаас 10 тэрбум нэхэмжлэх вий. Дахиад асууя, та үнэхээр хүн гүтгэж, нэр төрд нь халдсан юм биш биз? 

-Би түрүүн хэлсэн. Хүн амныхаа зоргоор ярьж болно. Яахав, намайг ядуу гэдгийг тэд нар мэдэж байгаа. Их мөнгө хэлж айлгах хувилбар нь. Маргааш чи шоронд орно, үхнэ шүү, хараал хийнэ шүү гэж хэлвэл би айхгүй. Эхнэр, хүүхэд, хамаатан садан нь яана аа энэ хүн өрөнд орчих вий гэж айгаасай гэж хүсч байна. Амныхаа зоргоор ярьж л байг. 100 тэрбум гээд хэлэхгүй дээ, хоёрын хооронд жижигхэн мөнгө хэлж байхаар. Тийм биз дээ? Би бол сэтгэлээрээ баян хүн шүү.