Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан
2014.06.02

Чингис бондоос санхүүжүүлсэн өвлийн хүлэмжид тариалсан ногоо импортын 20 хувийг орлоно

"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-т хийхээр төлөвлөсөн ажлуудад баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлөөс Засгийн газрын бодлого шийдвэрт дэвшүүлсэн санал, хийсэн ажлын талаар долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийж байгаа юм.

Монголд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч байгаа хүндрэлүүдийг шийдэх гарц, үйл ажиллагааны зардлыг бууруулах арга замын талаар өнгөрсөн долоо хоногт тус зөвлөл Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч ярилцаад, хэд хэдэн тодорхой санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргэлээ. Дээрх зөвлөмжүүдийн дагуу шийдвэр гарвал бизнесийн үйл ажиллагаа нь удааширсны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа компаниудад дэм өгнө гэж Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.

Мөн хүнсний ногооны импорт орлох өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжсэний үр дүн гарч эхэлснийг зөвлөлөөс мэдээллээ.

Энэ чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс 88 төсөл ирсний 15-ыг нь дэмжин санхүүжүүлж, эхний хүлэмжүүд өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон. Чингис бондын хөрөнгөөс 23,4 тэрбум төгрөгийг өвлийн хүлэмжийн төслүүдэд зориулан байршуулснаас 70 хувийг нь гаргаж санхүүжүүлээд байна гэж ҮХААЯ-ны “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийн нэгжийн захирал А.Чойжамц танилцууллаа. Энэ онд 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаас 20 га-г нийслэлд, үлдсэнийг орон нутагт барина. Өвлийн хүлэмжид тарих өргөст хэмх, улаан лооль, чинжүү, саладны байцаа, гүзээлзгэнэ улсын нарийн ногооны нимпортын 20 шахам хувийг орлоно гэсэн урьдчилсан тооцоо бий. Хүлэмжид тариалсан ногоо зах зээлд борлогдож эхэлсэн ба зах зээл дэх нарийн ногооны үнийг огцом хямдруулж байна гэж бизнесийн төлөөлөл дүгнэлээ. Улирлын хамааралгүй ажиллаж, энэ хэрээр олон ажлын байр хадгалах нь өвлийн хүлэмжийн эдийн засагт үзүүлэх бас нэг чухал нөлөө юм