2014.06.03

Нийслэлийн нийтийн тээврийн маршрут зохион байгуулалт "хаос" байдалтай байна

Автобусны тоог нэмнэ, техникийн шинэчлэнэ гэж ярихаас биш шугам чиглэлд шинэчлэл хийнэ гэж  ярихгүй байгааг албаны хүмүүс хэлж байна. Гэтэл манайх шиг нэг автобусны буудал дээр 20 автобус чихцэлдэж, хүнээ булаацалддаг хот хаана ч байхгүй гэхэд болно.

...Зүүн салаа, Таван шарын чиглэл 10 орчим автобус зэрэг хөдөлж байна. Эдгээр автобуснуудын чиглэл Драгоны уулзвар хүртэл давхацдаг.  Тиймээс хэн түргэн явна тэр олон зорчигч суулгадаг учраас алдагдалгүй ажиллахын тулд уралддаг байна.  Уг нь нэг автобус буудал дээр 30 сек саатаж, арын автобуснаас 3 минут орчмын зайтай явах ёстой. Гэтэл энэ стандартыг баримтлах ямар ч боломжгүйгээр маршрутыг  хийгдсэн байдгийг нийтийн тээврийн шугамын инженер хэлж байлаа.

Төмөрлөг Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд тэргүүн Д.Жаргалсайхан “Улаанбаатар хотын маршрут зохион байгуулалтын тооцооллууд бодогдох ёстой. Өнөөдөр хүртэл бид иргэдийн эрэлт, хэрэгцээ дээр тулгуурласан маршрут зохион байгуулалтыг хийсэн. Энэ нь үндсэндээ ШУ-ын үндэслэлгүй, хаус байдал руу оруулчхаад байгаа юм. Ер нь маршрутын төлөвлөлт,  чиглэл,  график давхцалуудын коэффицентын байх ёстой оптимал түвшинд нь байлгачих юм бол нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа компаниудын үр ашигтай ажиллах бүрэн боломжтой” гэв.