Д.Жаргалсайхан: Монголдоо ачааны машин үйлдвэрлэх боломжтой
Цахилгаан тээвэр компаниас жижиг оврын автобус үйлдвэрлэсэнтэй холбогдуулж тус компанийн дарга Д.Жаргалсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
-Өнөөдөр шинэ төрлийн жижиг автобусыг өнөөдөр танилцуулж байна. Цаашдаа ийм төрлийн автобусыг үйлдвэрлэх боломж, нөхцөл хэр байгаа вэ?
-Цахилгаан тээвэр компанийн үйлдвэр дээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргын захиалсан 10 ширхэг автобусыг үйлдвэрлэх ажил явагдаж байна. Үүний зэрэгцээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Хүй долоо худагт үйлчилгээнд явахад зориулж J-800 EV хэмээх цахилгаан машиныг үйлдвэрлэлээ. Энэ нь тусгай аккумлятороор явдаг эко автобус юм. Өдөрт 8-10 цаг ажиллана гэж тооцоолж, шөнөдөө найман цаг цэнэглэхэд болохоор үзүүлэлттэй байгаа.
-Урд хойд тэнхлэгийг импортоор оруулж ирснээс биш бусдыг нь Монголдоо хийж байгаа гэж ойлгож болох уу?
-Үйлдвэрлэлийн үйл явц хэрхэн өрнөж байгааг та бүхэн харж байна. Бид шаардлагатай түүхий эдээ гаднаас аваад өөрсдөө угсарч, үйлдвэрлэж байна. Анхны гарааны бүтээгдэхүүн 34 ажилбарт орж, Монгол хүмүүс тэрхүү ажилбар, угсралтыг хийж, ажлын байртай болж байна. Энэ бол автобус, машин үйлдвэрлэлийн томоохон эхлэл гэж ойлгож болно.
-Нэг автобус хийхэд хичнээн хугацаа зарцуулж байгаа вэ. Мөн хэдий орчим өртгөөр бүтэж байгаа вэ?
-Цахилгаан машины үнэ өртгийг бид хэлж мэдэхгүй байна. Орж байгаа түүхий эд, материалын үнийг бид эхнээс нь тооцож байна. Эхний ээлжинд нийслэлээс 100 сая төгрөгийн санхүүжилт өгч таван машин хийж дуусч байна. Зураг тооцооллын ажил бол зургаан сар болсон. Үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сар болж байна.
-Цаашдаа өөр ямар төрлийн машин үйлдвэрлэх боломжтой вэ?
-Ачааны машин үйлдвэрлэж болохоор байгаа. 0.5-50 тоннын даацтай ачааны машиныг Монголдоо үйлдвэрлэж, 30 мянган ажлын байртай болох боломж байна.
-Монголд цахилгаан машины үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, бололцоо бүрдсэн үү?
-Монгол Улсад олон зуун мянган машин байгаа. Энэ зах зээлд 40 тэрбум ам.долларын мөнгө эргэлдэж байгаа гэсэн тооцоо бий. Энэ мөнгө бүгд гадагшаа гаргадаг. Тэгэхээр энэ мөнгийг эх орондоо үлдээх, монголын залуусыг ажлын байраар хангах зэрэг дээр анхаарч чадвал боломж их байна. Социализмын үед монголд 30 мянган машинтай байсан учраас машин үйлдвэрлэлийн талаар ярих ч хэрэггүй байсан. Одоо бол томоохон боломж бүрдэж байна.
Металл хийц, түүхий эд бүгдийг дотроосоо үйлдвэрлээд хийх боломж их байна. Манай улс гаднаас их хэмжээний автобус, ачааны машин оруулж ирдэг. 600 нийтийн тээврийг 10 жил тутам парк шинэчлэл хийдэг гээд бодохоор жилдээ 60 орчим автобус шинээр авдаг. Нэг бүрийн үнэ 100 мянган ам.доллар гээд бодохоор манайд том зах зээл бий.