МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С. Эрдэнэбат
2014.06.11

С.Эрдэнэбат: Энгийн үед халахад хүндрэлтэй голдуу 40-өөс дээш насны хүмүүсийг ажлаас халж байна

Тулгамдаж байгаа асуудлын нэг нь аж ахуй нэгж байгууллага  ажилчдаа цомхотгох явдал болоод байна. Хэдийгээр олон зуун байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдаа цөөлөхгүйгээр даван туулдаг ч өнөөгийн эдийн засгийн хүндрэлд хамгийн их өртөж байгаа нь уул уурхайн салбар болжээ.

МҮЭХ нь өнгөрсөн жилийн хугацаанд албан бус мэдээллээр жижиг дунд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг 2000 орчим байгууллага тодорхой хугацаагаар ажилчдаа амраасан тухай мэдээллийг өглөө.

Энэ байдал нь даамжирч ажилчдаа цомхотгох хүртэл арга хэмжээг ихээр авах болсон гэв. Ажилчдын цаана тэдгээрийн ар гэрийнхэн эрүүл мэнд, боловсролын хүнд байдалд орох хүрч байгаа юм.

Энэ талаар МҮЭХ ямар байрь суурьтай байгааг тодрууллаа.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С. Эрдэнэбат:

“Ямар нэгэн байдлаар ажлын байрыг нь хадгалж үлдээх арга хэмжээг авах хэрэгтэй. Гэхдээ энэ нь ганц Хөдөлмөрийн яамны ажил биш. Бусад яамдууд анхаарах ёстой.

Төрийн зүгээс ерөнхийд нь татвар бууруулах гэх байдлаар урт хугацааны зүйлийг яриад суугаад байж болохгүй. Тодорхой шат дараалсан арга хэмжээг авч болно. Тэгэхгүй бол хүндрэлийг нь арилгаж байна гээд төр баахан хөнгөлөлт чөлөөлөлт өгчихсөн байхад компаниуд далимдуулаад хүмүүсээ халах эрсдэлтэй.

Сүүлийн үед бидэнд ирсэн мэдээллээр энгийн үед халахад хүндрэлтэй голцуу 40-өөс дээш насны хүмүүсийг ажлаас халж байна гэх мэдээлэл ирсэн” хэмээв.