ДЦС-III-ын 50 МВт-ын өргөтгөл ашиглалтад орлоо
Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. Энэ ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар болон БНХАУ-аас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанийн ТУЗ-ийн дарга нар оролцож үг хэллээ.
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн засгийн газар 2013 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 142 дугаар тогтоол гаргаж, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ны суурилагдсан хүчин чадлыг 50 МВт- /мегаватт/-аар өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм.
Энэ тогтоолын дагуу төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани шалгарч 2013 оны 06-р сарын 15-ны өдөр “Түлхүүр гардуулах” нөхцлөөр гэрээ байгуулж, төслийн ажлаа 2013.07.15-ны өдрөөс эхэлжээ.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэнэ
Чингис бондын хөрөнгөөр Хөгжлийн банкаар дамжуулан З5 сая ам.долларын санхүүжилтээр, 11 сарын дотор хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд станцын үндсэн барилгыг 12 х 30 метрээр өргөтгөж, хөргөлтийн цамхагийг болон эргэлтийн усны төхөөрөмжийн барилгыг шинээр барьж, 50 МВт-/мегаватт/-ын турбин-генератор шинээр суурилуулж, 6,3 /0,4 кВт-/киловатт/-ын цахилгааны хуваарилах байгууламж барьж, трансформатор суурилуулж, дулааны сүлжээний ус халаах байгууламж суурилуулсны зэрэгцээ бусад тоноглолын барилга угсралтын ажлуудыг хийжээ.
Хөргөлтийн цамхаг нь Fiber Glass буюу шилэн хуванцар материалаар хийгдсэн бөгөөд 71 метрийн өндөртэй, сууриараа 52.8м, оройдоо 31.6 м диаметртэй, 1200м2 хөргөлтийн гадаргуутай, цагт 11300 тн усыг хөргөх хүчин чадалтай юм. Энэ цамхагийг 5 сарын дотор барьж дуусгажээ.
Бүхэл бүтэн цахилгаан станцын хэмжээний бүтээн байгуулалт юм
“ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-/мегаватт/-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-/мегаватт/-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ 250-300 сая кВт/цагаар өсч, борлуулалтын орлого нь жилдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, цахилгаан дулаан, үйлдвэрлэх өөрийн өртөг буурах юм.
Дарханы ДЦС 48 МВт-/мегаватт/-ын чадалтай. Тэгвэл энэ өргөтгөл 2 МВт-аар илүү чадалтай гээд бодохоор бүхэл бүтэн цахилгаан станцын хэмжээний бүтээн байгуулалт юм. Хамгийн гол нь 11 сарын хугацаанд маш бага зай талбайд өөрийн дэд бүтэцэд тулгуурлан ийм том өргөтгөл хийж чадсанаараа өнөөдөр “ДЦС-3” ТӨХК-ийн хамт олон бахархаж байна.
Шинэчлэлийн Засгийн Газар, Эрчим Хүчний Яам, Хөгжлийн банк, ДЦС-3 компани, ажлын хэсэг, төслийн нэгж хэрхэн нягт уялдаатай, хурдтай ажиллаж болдогийг өөрөөр хэлбэл тодорхой зорилтын төлөө хамтын хүчээр хэрхэн амжилт олж болохыг энэ төсөл нотлон харуулж байна.