Ардчиллын “партизан”-уудыг дэмжинэ
Ардчилсан хувьсгал
2014.06.18

Ардчиллын “партизан”-уудыг дэмжинэ

АН-ын зарим гишүүн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүддээ орон сууц олгох, эсхүл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг санаачилжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан, Д.Ганбат нарын гишүүн Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

Хуулийн төсөлд тусгаснаар ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан партизануудад нэг удаа байр эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, орон сууцжуулах ажлыг 2015 онд багтаан хэрэгжүүлэхийг тусгасан байна.

Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө Засгийн газраас санал авах ёстой.

Үүний дагуу Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж. Монгол оронд өрнөсөн Ардчилсан Хувьсгалын их үйл хэрэгт манлайлан оролцож, цаашдын төлөвшил, нийгэмд эзлэх байр суурийг бататган хамгаалах, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэн анхны зүтгэлтнүүдийн дийлэнх хэсэг амьжиргааны дундаж түвшингээс доогуур, нэн ядуу амьдралтай, насны хувьд 50-иас дээш, хөдөлмөр эрхлэх чадвар нь хязгаарлагдмал, өнөөгийн хөдөлмөрийн зах Зээлийн шаардлагад нийцэхгүй мөн давтан сургалтанд хамрагдах бололцоогүй болсон иргэд байгаа аж.

Тиймээс өнөөгийн эрх зүйт ардчилсан, иргэний нийгмийн үндэс суурийг тавилцсан Ардчилсан Хувьсгалын анхны зүтгэлтнүүдийг алдаршуулах, төрөөс нэг удаа буцалтгүй тусламж хэлбэрээр орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зайлшгүй шаардогагатай байгаа тул УИХ-ын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу энэхүү тогтоолын төслийг санаачилан боловсруулнаа хууль санаачлагчид онцолжээ.