О.Содбилэг: Эдийн засаг хямарсан үед төрийн өмч үнэд хүрэх үү
УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.
-Эдийн засгийн хямралын талаар хэн хүнгүй ярьж байна. Ялангуяа, танай намынхан баримт судалгаатай нь ярих болсон. Иргэдийн амьдралд ч гэсэн энэ хямрал хүчтэй мэдрэгдэж байна. Хямралаас гарах гарц нь юу бол?
-Эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Үүнийг үндэсний компаниуд ажилтнаа цомхотгож, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсанаас тод харж болохоор байна. Бодит байдал ийм байхад дотоодын компанид ажилладаг хүний цалин нэмэгдэхгүй байна.
Эсрэгээрээ компаниуд ажилчиддаа цалингаа 20-30 хувиар хасах, эсвэл өргөдлөө өгөх гэсэн хоёр сонголт өгч байна шүү дээ. Энэ хямрал мөн үү гэвэл тийм гэж хариулна. Ажилгүй хүн орон сууцны, автомашины, цахилгаан барааны лизингээ яах вэ гэдэг асуудал урган гарна.
Ер нь олон хүн цалингаас хамаарсан зээлтэй байгаа нь нууц биш. Тэгэхээр хямрал нь цааш улам даамжирч байна гэсэн үг. Бөөний борлуулалт хийдэг том компаниуд үйл ажиллагаа нь тааруухан байгааг өнгөрсөн жилээс ярьж байсан. Тэгвэл одоо жижиглэнгийн борлуулалт ч зогсч эхэллээ.
Эдийн засгийн үзүүлэлтээр нь авч үзсэн ч гэгээтэй зүйл харагдахгүй байна. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 70 хувиар буурсан. Манай зээлжих зэрэглэл В хасах болсон. В гэдэг хөгжиж буй орнуудын зэрэглэл.
Гэхдээ хасах руу шилжинэ гэдэг санхүүгийн хувьд тогтворгүй, эрсдэлтэй байна гэж дүгнэж байна гэсэн үг. Манай зээлжих зэрэглэл буурснаар цаад үр дагавар нь гадаадаас зээл авч үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын зээлийн хүү өснө.
Яагаад гэвэл гадаадын банкууд “Танай эдийн засаг, санхүүгийн орчин тогтворгүй байгаа юм байна. Бид эрсдлээ тооцоолж зээлийн хүүгээ нэмнэ” гэсэн байр суурь илэрхийлнэ шүү дээ.
Ингэхээр бизнес эрхлээд аль болох чадах чинээгээрээ хөдөлж байгаа компаниудад хүнд цохилт болж байгаа юм. Одоо Засгийн газраас дахин цохилт өгөх гэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчтэй гар барьж зургаа авхуулчихаад “В.Путинтай тохирчихлоо” гэж ярьж болохгүй. Ийм байдлаар манай хөршүүд ажилладаггүй. Тиймээс урт хугацааны стратеги төлөвлөгөөтэй хоёр хөрштэйгөө харилцахгүй бол болохгүй.
-Эдийн засгийн хүндрэлээс гадна бидэнд хөрөнгө оруулах сонирхолтой улс алга байна?
-Монгол Улс гадаадын валютын орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгээ эхлээд олох хэрэгтэй. Манайхаас үргээд явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх их чухал даа. Гэхдээ 100 хоногийн дотор бүх юм өөрчлөгдөөд сайжирна гэж байхгүй. Энд зайлшгүй анхаарах ёстой нэг асуудал бол хоёр хөрш улс маань эдийн засаг, улс төр, соёлын харилцаагаа улам бэхжүүлж байна.
Дунд нь байгаа Монгол Улс ямар алхам хийх ёстой вэ. Хөршүүдтэйгээ ажил хэрэгч, найрсаг харилцаагаа манай улс батжуулах хэрэгтэй. Түүнээс Ерөнхий сайд шиг “Хоёр хөршийн удирдлага уулзаа л биз. Юун сүртэй юм” гэдэг хандлагаар цаашид харьцаж болохгүй. Тиймээс хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй.
Жишээ нь, Хятадын “Чалко” компанийн гэрээ байна. Нэгэнт гэрээ байгуулсан бол заалтаа хэрэгжүүлэх ёстой. Харин хойд хөрштэйгөө хэд хэдэн асуудлаа тодорхой болгох шаардлага байна. Улаанбаатар төмөр замын хөндлөн явах замаа яах юм.
Саяхан болсон Петербургийн олон улсын эдийн засгийн уулзалтын үеэр хувийн компаниуд “Роснефть” компанитай гэрээ байгуулж, шатахуун худалдан авах орчноо тогтворжуулж чадлаа. Нөгөөтэйгүүр манай төр засаг ч үүнд анхаарал хандуулах цаг болсон. Эрх баригчдын ярьж байгаа шугам хоолой, эрчим хүч, замын хөтөлбөрөө бодитой ажил болгомоор байна.
Зөвхөн уулзаад бид ийм хүсэлтэй байна гэдгээ цаад талдаа уламжлахаас илүүтэй албан бичиг явуулж, гарын үсэг зурж баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй ОХУ-ын Ерөнхийлөгчтэй гар барьж зургаа авхуулчихаад “В.Путинтай тохирчихлоо” гэж ярьж болохгүй. Ийм байдлаар манай хөршүүд ажилладаггүй. Тиймээс урт хугацааны стратеги төлөвлөгөөтэй хоёр хөрштэйгөө харилцахгүй бол болохгүй.
Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид Оюутолгойг харж байна. Монголын Засгийн газар Оюутолгой компанитай яаж ажиллах нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Манайд байгаа гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том загвар нь Оюутолгой учраас тэр.
-Засгийн газар ямар цохилт өгөх гэж байна. Үр дагавар, хор уршиг ихтэй юу?
-Эрх баригчид өрийн хязгаарыг нэмэгдүүлэх талаар ярьж байна. Хэрэв олонхиороо хүч түрээд хуулиа батлуулах юм бол дахин зээл авах нь. Тэгэхээр гадаадын банкууд бидэнд өндөр хүүтэй зээл өгнө. Өмнөхөөсөө өндөр өртөгтэй бонд босгоно. Үүнийхээ хүүг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь тодорхой.
Ингэхээр чөтгөрийн гурвалжин гэдэг шиг юм болоод байна л даа. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна. Хүмүүс энэ хүрээнд юу хийх ёстой талаар маргаж, мэтгэлцэж байна. Эрх баригчид бизнес эрхлэгчдэд учирдаг дарамтыг багасгана, иргэдээ ажилтай, орлоготой болгоно гэсэн ч энэ амлалт нь хэрэгжсэнгүй. Одоо болохоор “Хүлээж бай, хийх гэж байна” гэх юм. Тэгэхээр хоёр жилийн өмнө хийх ёстой байсан ажлаа одоо л эхлүүлэх гээд байгаа юм уу гэж харж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийг эрх баригчдын санал, санаачилгыг эсэргүүцэж , саад болж байна гэсэн тайлбар тавьж байгаа. Тийм юм огт байхгүй. Тэгээд ч бидэнд саад болох боломж байхгүй шүү дээ. Төрийн эрх мэдэл бидэнд биш АН, эвслийнхэнд байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа тулгын гурван чулуу болж байгаад улсаа галзуу хөгжүүлнэ гэж амласан хүмүүст бүх боломж нь нээлттэй байна. Тиймээс ажлаа хийх үлдлээ.
Засгийн газраас хуулийн төслүүдээ бөөнөөр оруулаад үзье, зарим нь батлагдах байлгүй гэсэн өнгө аясаар хандаж байх шиг санагдаж байна.Өмнө нь оффшор бүсэд мөнгөө хадгалж байснаа нуулгүй илчилбэл нэг удаа өршөөнө. Ингэхдээ баримтыг нь устгана гэх мэтчилэн буруу сэдэлтэй хуулийн төслүүд оруулж ирж байна.
-1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулах хуулийн төслийг та санаачлан өргөн барилаа. Засгийн газраас санаачлан эргүүлээд татсан хуулиас юугаараа ялгаатай юм бэ?
-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэг хувийн татвар авдаг байх агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр орлогын албан татварын доод босго 10 хувь байгаа. Түүнийхээ 90 хувийг улсаас эргүүлэн авдаг байх хуулийг эрх баригчид боловсруулсан.
Тэгэхээр аж ахуйн нэгжүүд 90 хувиа эргүүлж авах гэж дахиад баахан бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болно. Үүний оронд 10 хувийн татвараа шууд нэг болгох саналыг манай бүлгийн гишүүд гаргаж, хуулийн төсөл боловсрууллаа. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс олон бичиг баримтад дарагдахгүйгээр ажлаа чөлөөтэй хийх боломжийг нээж өгч байгаа юм.
-Эдийн засгаа эрчимжүүлэхээр Засгийн газраас оруулсан хуулийн төслүүд бүгд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, маргаан дагуулж байна. Газрын хуулиа ч яахав эргүүлээд татчихлаа. Татвараа нуусан хүн, аж ахуйн нэгжийг өршөөх хуулийн төсөл, Ашигт малтмал, Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа бол?
-Эрх баригчдын зэрэг орж ирсэн хуулиуд өнгөрсөн хоёр жилийн алдаа, балгаа арилгаж мөрөө засах арга гэж би хувьдаа харж байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийхгүй эдийн засгаа унагачихаад нөхцөл байдал бишдээд ирэхээр олон хуулийн төсөл зэрэг өргөн барьж сандарсан арга хэмжээ авч байна. Өмчөө хувьчлах гэж байна.
Ер нь эдийн засаг ингэж шалдаа буусан үед төрийн өмч ямар үнэлгээтэй байх вэ бодоод үз дээ. Энгийнээр бодоход хүн аливаа эд зүйлээ үнэтэй үед нь зарахыг бодно биз дээ. Үнэ нь буучихсан үед зарах гээд байгааг нь бодолцох хэрэгтэй. Тэгэхээр надад үнийг нь унагаж байгаад зараад байна уу гэсэн хардлага төрж байна.
Засгийн газраас хуулийн төслүүдээ бөөнөөр оруулаад үзье, зарим нь батлагдах байлгүй гэсэн өнгө аясаар хандаж байх шиг санагдаж байна. Энэ олон хуулийн төслүүд эдийн засгийн хувьд хэр үр ашигтай, иргэн, аж ахуйн нэгжид ямар давуу талтайг тооцоолсон нарийн тоо баримт байхгүй байна. Үүний оронд төрийн өмчөө зарна.
Өмнө нь оффшор бүсэд мөнгөө хадгалж байснаа нуулгүй илчилбэл нэг удаа өршөөнө. Ингэхдээ баримтыг нь устгана гэх мэтчилэн буруу сэдэлтэй хуулийн төслүүд оруулж ирж байна. Газрын тухай хууль дээр маш их маргаан дэгдлээ. Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалт байсан. Сайжруулах зүйл ч олон байсан. Буруу хуулийн төсөл оруулж ирснээрээ бүхнийг баллаад хаячихлаа. Эрх баригчдын бодлогын алдаа их байна.
-Ерөнхий сайд ашиггүй ажилладаг МИАТ компанийг хувьчлах нь зүйтэй гэж мэдэгдсэн. Агаарын тээврийн компанийг хувьчлаад ашигтай ажиллах баталгаа бий болов уу?
-Төр хамгийн муу менежер. Төрийн өмчит компанийн захиралд мэргэжлийн хүнээс илүүтэй улс төрийн томилгоо явагддаг. Ер нь мэргэжлийн хүнийг төрийн өмчит компанийн удирдлагаар тавьж байгаа нь цөөн дөө. Тиймээс хувьчлалыг болгоомжтой хийх хэрэгтэй. МИАТ компани гэхэд шинэ онгоцтой, боловсон хүчний багтай, олон жилийн түүх, туршлагатай.
Үүн дээр нислэгийн тогтсон маршруттай. Гэрээт нислэгийн маршрут дээрээ сайн ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ хувьчлаад энэ асуудлыг шийдэж чадна гэсэн баталгаа байхгүй. Ямар үнээр хувьчлах вэ гэдгийг бодолцох ёстой. Одоогоор тоймтой мэдээлэл гарахгүй байна.
-Н.Батбаяр сайдын асуудал яагаад хойшлоод байна вэ. Байнгын хороогоор танай бүлгийн гишүүд байр сууриа баттай хамгаалж чадаагүй нь эрх баригчидтай тохиролцоо хийсний шинж гэж таамаглахад хүргэсэн?
-Эдийн засгийн байнгын хороо хуралдах гэж хоёр долоо хоносон. Дараа нь МАН-ын бүлгийн гишүүд огцруулах хүсэлгүй байна гэсэн ташаа мэдээлэл тараасан. Бидний байр суурь хэвээрээ байгаа. Асуудлыг хэлэлцэх болохоор УИХ-ын дарга З.Энхболд хойшлуулсан. Эрх баригчид Н.Батбаярыг огцруулахгүй байх арга сүвэгчилж байна.
-Орхон аймгийн түшээтэй ярилцаж байгаагийн хувьд нэг асуулт байна. Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд танай аймагт ямар бүтээн байгуулалт өрнүүлэв?
-Н.Алтанхуягийн Засгийн газар Орхон аймагт “Эко” хороолол гэж хэдэн байшин барилаа. Ямар ч стандарт шаардлага хангаагүй барилга шүү. Өвөл болохоор шугам хоолой нь хөлдчихнө. Мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тогтоосон ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг очоод тууз хайчилчихсан болохоор стандарт дүрэм баримтлахгүйгээр бариад байх шиг байна.
Энэ бол маш муу төсөл. Тэгээд ч манай Орхон газар нутаг багатай. Гэтэл тэр багахан газарт нь ямар ч стандартгүй хэдэн байшин барьчихсан. Түүний оронд орон сууц барьсан бол эрдэнэтчүүд дуртайяа хүлээн зөвшөөрөх байлаа. Үүнийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Тойргийн сонгогчид маань уулзах бүрт л энэ үгээ дайж байна.
-Та өчигдөр ОХУ-ын Холбооны хурлын зөвлөлийн даргын айлчлалд Монгол талаас багтаж ажиллалаа. Айлчлалын ач холбогдлыг юу гэж дүгнэх байна даа?
-УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын хариуцлагатай албан тушаалтан манай улсад айлчилсандаа талархаж байна. Монгол-Оросын харилцаа олон жилийн түүх, нөхөрлөлтэй. Хамгийн том жишээ гэвэл Эрдэнэт. Дараа нь төмөр зам орно. Энэ жил Халх голын ялалтын 75 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хоёр тал найрамдлын харилцаагаа улам өргөжүүлэн баталгаажуулах ёстой. Үүний тулд төр, засгийн хэмжээнд хариуцлагатай байх шаардлага тулгарч байна.