Б.Мэндбаяр:1 кг шар нунтгийг экспортлоход гарах ашиг нь 30-60 доллар гэсэн үг
ШУА-ийн Физик технологийн хүрээлэн магистр Б.Мэндбаяр
2014.06.25

Б.Мэндбаяр:1 кг шар нунтгийг экспортлоход гарах ашиг нь 30-60 доллар гэсэн үг

ШУА-ийн Физик технологийн хүрээлэн магистр Б.Мэндбаяртай “Уран, шар нунтгийн талаар Монгол эрдэмтэд” семинарын үеэр ярилцлаа. Тэрээр Ураны хүдэр, олборлох үе шат, эдийн засгийн тооцооны талаар илтгэл тавьсан юм.

-Ураныг олборлоод, эхний ээлжинд шар нунтаг гаргаж авахад хэдэн төгрөг зарцуулах талаар та анхан шатны эдийн засгийн тооцоог хийсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

Одоогоор манай улсад уран олборлох биш, хайх шатандаа явж байгаа.  Тиймээс урьдчилсан байдлаар шар нунтаг гаргах анхан шатны тооцоог хийсэн байгаа. Нэг килограмм шар нунтаг гаргаад, экспортлох нийт үнэн нь 72,5 доллар болж байна.

-Энэ тооцоог дэлхийн бусад оронтой харьцуулвал ямар байна гэсэн үг вэ?

Дэлхий бол 1 фунтыг 45-65 доллараар зарж байгаа бөгөөд 1 кг нь 100-145 долларт хэлбэлзэж байна гэсэн үг. Тэгэхээр 1 кг шар нунтгийг экспортлоход гарах ашиг нь манай улсын хувьд 30-60 доллар гэсэн үг.

-Олборлох гэхээр ямар асуудлыг шийдэх шаардлагатай байгаа вэ?

Хайгуулын шатанд явж байгаа учраас хайгуулын шатаараа нөөцөө бүрэн тогтоосны дараа яаж баяжуулах вэ, яаж нунтаг гаргаж авах вэ гэдгээ л судална. Хэрвээ компаниуд ашиглалтын лицензээ авчихвал тооцоо давхар хийгдэх ёстой.

Одоо ашигт малтмалын хууль болон зарим нэг хоригоос болоод зөвшөөрөл олгохгүй байгаа.

-Зөөвчийн ураны ордыг хамгийн сүүлд илрүүлсэн. Ер нь хичнээн ураны орд байна вэ?

Зөөвчийн ураны орд бол Дундговь аймагт байдаг бөгөөд Гурван сайхан компани илрүүлсэн. Ураны 15 төрлийн орд байгаа. Монголд байгаа нь ихэвчлэн ашиглахад эдийн засгийн хувьд бага зардалтай эрдэс чулууны уран байдаг. Мөн байгаль орчинд ээлтэй. Нөхөн сэргээлт хийхэд амар байдаг. Бусад улсын хувьд фосфоритоос гаргаж авдаг. Ялангуяа манай урд хөрш. 

-Хэрвээ ураны олборлоод эхэлвэл тэнд ажиллах хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөл их хүнд байх уу?

Уусган баяжуулах арга бол өөрөө хялбар арга. Газар доор H2СО4 ыг шахаад, нөгөө талаас нь соруулж авдаг. Нөгөө талдаа үйлдвэрлүү сорогдоод шууд машин дотор нь бүх зүйлийг нь хийчихнэ. Хүн гараараа хийх аюултай орчин байхгүй.