“Улаанбурхан өвчингүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөн болж байна
“Монгол улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг хүлээн авах ёслол, мөн “Улаанбурхан өвчингүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөн 2014 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөний нээлт, ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Ньюнт-У Су, ДЭМБ-ын НДББ-ийн дархлаажуулалтын албаны дарга Сергей Диордица, ДЭМБ-ын НДББ-ийн Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны гишүүн Академич П.Нямдаваа нар оролцлоо.
Түүнчлэн “Улаанбурхан өвчингүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөнд аймаг, нийслэлээс эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүд нийт 300 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааны үеэр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ажил үйлсэд хувь нэмрээ оруулж, амжилт бүтээлээрээ салбартаа үнэлэгдэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр шагнагдсан зарим хүмүүст шагналыг гардуулан өглөө.
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гэрэлтуяа: Өнөөдөр дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй, дархлаажуулах үйл ажиллагаанд оролцож буй нийт хүмүүсийн баярын өдөр юм.
Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гэрэлтуяа:
“Улаанбурхан өвчнийг таслан зогсоосон батламжаа хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 18 жил оролцон, ажиллалаа. Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт, аюулт халдварт өвчнөөс хүн ардаа хамгаалах дархлаажуулалтын хөтөлбөрийн, эмч, ажилчдын 40 жилийн хөдөлмөр ийнхүү гарлаа. Өнөөдөр дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй, дархлаажуулах үйл ажиллагаанд оролцож буй нийт хүмүүсийн баярын өдөр юм. Вакцины үр дүнг тоохгүй байхын аргагүй юм. Өвчлөл гарахгүй, үр хүүхдүүдээ эрүүл саруул байлгах нь хамгийн чухал шүү дээ. Дорнод аймагт 2010, 2011 онуудад 1000 гаруй хүүхэд вирүст А гепатит-аар өвдөж байсан. Бид үүний эсрэг А гепатитын вакциныг сайн дурын дархлаажуулалт, үндэсний товлолт вакцинжуулалтад оруулж, хүүхдүүдийг хамруулснаар өнөөдөр манай аймагт А гепатит бараг устаж байгаа үр дүнтэй ажиллаж байна.”
Академич П.Нямдаваа ДЭМБ-ын НДББ-ийн Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны гишүүнээр Монгол улсаас сонгогдон ажилласан байна.
Академич П.Нямдаваа
“Баталгаажуулах хороо нь бүсийн улс орнуудын Засгийн газруудад хандан, тухайн асуудлаар мэргэшсэн хүнийг ажиллуулах санал өгсөн, тухайн хүн нь улсынхаа Засгийн газрыг биш, харин тухайн мэргэжлээ төлөөлөх, бие даасан байх хэрэгтэй байдаг. Баталгаажуулах хороонд дархлаажуулалтын асуудлаар мэргэшсэн хүмүүс орон бүрээс байна гэсэн үг юм. Өвчлөл бүртгэгдэхээ байсан гэдэг нэг асуудал, харин дахин цаашид уг өвчнийг гаргахгүй байх баталгаатай систем нь тухайн улсад байна уу гэдгийг тогтоох нь чухал учраас энэ чиглэлийн асуулга, тандалтыг улс орон бүрийн баталгаажуулах хорооноос гаргаж бүсэд ирүүлдэг. Вирүс судлаач хүнийхээ хувьд халдварт саа болон улаанбурхан гэх вирусын гаралтай 2 өвчнийг таслан зогсоох үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг.”
Дархлаажуулалтын ачаар улаанбурханы тархалтыг таслан зогсоож, хүн ардаа аюулт өвчнөөс аварч буй энэхүү амжилтаа хадгалан, цаашид үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулахад хүн бүр илүү хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Дархлаажуулалтын үйл ажиллагааны хүрээнд олсон дээрхи ололт амжилт нь хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой юм. Тухайлбал,
ЖАЙКА нь 1997-2002 онд “Эх, хүүхдийн эрүүл мэнд” төслийн хүрээнд мөсөн ханатай хөргөгч, хөлдөөгч, зөөврийн сав, хэмийн хяналтын хэрэгслээр дархлаажуулалтын нийт нэгжийн 98 хувийг, 2012 онд нийт хөргөгчийн 54 хувийг шинэчилсэн.
дархлаажуулалтын нийт нэгжийн 98 хувийг, 2012 онд нийт хөргөгчийн 54 хувийг шинэчилсэн.
НҮБ-ын Хүүхдийн сан “Дүүрэг бүрт хүрч үйлчилье” төслийг 6 аймаг, 4 дүүрэгт хэрэгжүүлж, эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.
ДЭМБ нь дархлаажуулалт бүхий халдварт өвчний лабораторид суурилсан тандалт, лавлагаа лабораторийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, сургах гарын авлага, аргачлалаар хангах зэрэг олон талт арга хэмжээг дэмжин тусалж байна.
Вакцин дархлаажуулалтын Глобаль Альяанс байгууллага нь 2005 оноос тавт вакцинаар хангах “Дархлаажуулалтын үйл ажиллагааг дэмжих”, “Эрүүл мэндийн тогтолцоо"-г бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
Засгийн газар нь бодлого шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулан 2003 оноос дархлаажуулалтын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2013 оны байдлаар дархлаажуулалтад зориулан 7,1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн салбарын болон дархлаажуулалтын үйл ажиллагаанд хамтран ажилладаг үндэсний, төв, орон нутгийн хамтрагч байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, эмч, мэргэжилтэн, вакцинатор нарын ажлын үр дүн хийгээд эцэг эхчүүд, хүүхдүүд, иргэдийн идэвхитэй оролцоо, тал бүрийн дэмжлэг нь дээрхи амжилтын үндэс гэдгийг дурдах нь зүйтэй.