“Хонгор сумыг мартахгүй” хөдөлгөөн өрнүүлэхээр болжээ
“Нэгдсэн Монгол”, “Иргэдийн шударга шүүх” ТББ болон иргэний арав гаруй хөдөлгөөн хамтран Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд цианидад хордсон талаар дуу хоолойгоо нэгтгэх аж. Энэ асуудлаар иргэний хөдөлгөөнийхөн хэвлэлийн хурал хийж
“Тус сумын 2500 гаруй хүний олонх нь нутгаасаа дүрвэж, хордлогоос үүссэн хорт хавдраар 90 нь нас барж, хөнгөн болон хүнд шатны хавдраар 200-300 хүн шаналж байна. Хонгор сумыг хордуулсан гэм буруутныг тогтоогоогүй, хариуцлага хүлээх этгээд ч тодорхой бус болсон. ЭМЯ болон холбогдох эрх бүхий газраас шинжилгээ хийсэн ч иргэдийг хамуурсан хэмээн буруу онош тавьсан.
Гадны орны шинжээчид, төрийн бус байгууллагуудын явуулсан судалгаагаар хорт хавдартай иргэдийг цианидын хордлогоос болж өвчилсөн гэж үзсэн.
Төр, засгаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн гомдлыг барагдуулаагүйн дээр энэ хэрэг замхрах шатандаа орлоо.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд ч химийн бодисоос хордох аюулд өртөөд байна. Байдал ийм байхад эрх бүхий албан тушаалтнууд уул уурхайн компаниудад хайгуулын лиценз олгож байгаа нь Хонгор суманд тохиолдсон хэргийг давтаж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна” гэв.
Тэд “Хонгор сумыг мартахгүй” хөдөлгөөн өрнүүлж эхний удаад Хонгор сумын иргэдийг нүүлгэн шилжүүлж, ажлын байраар хангаж, амьжиргааны зээл олгох, амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр олгохыг шаардах гэнэ. Мөн Хонгор суманд урт хугацааны байгалийн нөхөн сэргээлт хийх ёстой гэлээ.