Ц.Даваасүрэн: Нэг гарцаар нүүрсээ зөөвөл үнийн “хайч”-нд орох эрсдэлтэй
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.07.17

Ц.Даваасүрэн: Нэг гарцаар нүүрсээ зөөвөл үнийн “хайч”-нд орох эрсдэлтэй

Ц.Даваасүрэн: Нэг гарцаар нүүрсээ зөөвөл үнийн “хайч”-нд орох эрсдэлтэй УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засгийн хямралтай уялдуулан Төсвийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд ямар арга хэмжээ авсан бэ. Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?  

-Хаврын чуулганаар эдийн засгийн хямрал, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авлаа. Тухайлбал, жижиг дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх боломжийг үргэлжлүүлэн олгохоор болсон. УИХ, Төсвийн байнгын хороонд татварын шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

Цаашдаа ч татварын бодлогод бизнесийн орчинг сайжируулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжих төлөвлөгөөтэй байна.

 -Эдийн засгийн нөхцөл байдлын хэтийн төлөв хэрхэх бол?

 -Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал юунаас болж байгааг эхлээд оношлох хэрэгтэй. Бид үүнийг валютын ханштай холбоотой гэж үзэж байна.

Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох хүсэлт гаргасан.

Учир нь мөнгөний бодлогын гурван заалтын нэгд Валютын ханшийг тогтвортой байлгах гэж заасан байдаг. Тиймээс энэ бодлогыг хариуцдаг институцийг удирдаж буй хүн алдаа гаргасан гэж үзсэн болохоор хариуцлага тооцох тогтоолыг өргөн барьсан.

Харин Монголбанкны зүгээс үүнийг экспортын орлого муудсанаас үүдэлтэй гэж буй. Гэтэл энэ жилийн эхний таван сарын экспортын орлогыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулвал 300 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байгаа нь валютын нөөц нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл тэд алдаагаа экспортын орлого руу чихээд байгаа. Энэ нь хариуцлага тооцох үндэслэл буйг харуулж байна. Тэгэхээр эхлээд хариуцлага тооцоод, гаргасан алдааг засах хэрэгтэй. 

-Та бүхний гаргасан энэ хүсэлтийг хаврын чуулганаар хэлэлцсэнгүй. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

 -Эдийн засгийн хямралыг үүсгэсэн буруутанд хариуцлага тооцох асуудлыг хойш тавьж буй нь буруу. Тиймээс УИХ дахь Бие даагчдын зөвлөл чуулганы хуралдааныг завсарлалгүй, хуралдах ёстой гэж үзэж байна. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал, Сонгуулийн тухай хууль зэрэг нэн даруй шийдэх ёстой хэд хэдэн асуудал бий шүү дээ. 

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Үүнд намын бүлгүүд байр сууриа илэрхийлж байгаа. Та уг хуулийн төсөлд ямар байр суурьтай байна вэ? 

-Энэ асуудлыг одоо шийдэх ёстой. Учир нь сонгууль дөхөх тусам гишүүд өөрсдийн эрх ашгийг бодож эхэлнэ. Үүний дүнд өрсөлдөгчгүй ялах тухай асуудал яригдана. Тиймээс сонгууль ойртоогүй байгаа энэ үед шийдэх юм бол олон түмэнд хэрэгтэй хууль болох байх. 

-Төсвийн байнгын хорооны даргын хувьд Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэр бодитой төсөөлж чадсан гэж үзэж байна вэ? 

-Сайн болоогүй гэж бодож байна. Яагаад гэвэл, бид Засгийн газрын бүтэцэд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан. Энэ яам дунд хугацааны бодлого төлөвлөлтийг сайн хийж чадахгүй байна. Жишээ нь, дунд хугацааны буюу гурван жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг өнгөрсөн жил УИХ-д оруулах ёстой байсан ч одоо болтол алга. Үүнийгээ батлуулаагүй байж ирэх жилийн хөрөнгө оруулалтыг шингээсэн эдийн засгийн үндсэн чиглэл гэхээр учир дутагдалтай, бодлогогүй хийгдсэн. Тэгэхээр энэ яам хөрөнгө оруулалтын бодлого, дунд хугацааны төлөвлөлтүүдээ хийдэг болж байж энэ ажил цэгцэрч, зөв болно. 

-Төмөр замын цариг сүүлийн үед нэлээд асуудал дагуулж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

 -Миний хувьд бол Засгийн газрын оруулж ирсэн саналд бага сага засвар хийхэд болно. Харин бие даагчдын зөвлөл зүүн бүсийн нутгаар гарах төмөр замтай байх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Энэ нь өргөн царигтай байх ёстой гэсэн үг юм. Яагаад гэвэл, ОХУ-ын нутгаар дамжин зүүн хойд Ази руу буюу нүүрсний гол хэрэглэгчид болох Япон, Солонгос улс руу гаргах хэрэгтэй.

Тиймээс тэр чиглэл рүү явсан нүүрсний замтай байвал өрсөлдөөн бий болно. Тэгэхгүй зөвхөн урагшаа татаад байх юм бол нэг зах зээлтэй, нэг гарцтай болж, үнийн хайч-нд орох эрсдэлтэй. Тиймээс бид зайлшгүй зүүн талдаа гарцтай байх нь чухал.

Харин Оюутолгой, Тавантолгойтойгоо холбосон ганцхан нарийн царигийн гарцтай байж болох юм гэсэн байр суурьтай байгаа.