Ж.Бат-орших: Унаач хүүхдүүдийг бүтэн жилээр даатгана
Жил жилийн наадмаар чихнээс хонх уяж олны анхаарлын төвд байдаг сэдэв бол хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдал.
Дээдэс өвгөдөөс уламжилсан төрт ёсны баяр цэнгэл наадмаа хурдан морины уралдаангүйгээр төсөөлөх аргагүй. Сүүлийн жилүүдэд унаач хүүхдийн эрх, аюулгүй байдал хурцаар хөндөгдөх болж асуудлыг аль нэг тийш шийдэх гарц хэрэгтэй болсон.
Морь уралдуулъя гэвч хүүхдийн амь нас, аюулгүй байдал чухал.
Тийм ч учраас Хүүхдийн төлөө үндэсний газраас хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд хурдан морины унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, даатгалын байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.
Энэ тухай Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Оршихоос тодрууллаа.
-Даатгалын компаниудыг ямар сонгон шалгаруулалтаар сонгосон бэ?
-Мэдээж энэ ажлыг өдүүлж биднийг хамтран ажиллахыг уриалсны хувьд ХТҮГ-аас дээрх даатгалын компаниудад шалгуур тавьж байгаа. Юун түрүүнд тухайн компаний төлбөрийн чадвар буюу нөхөн төлбөр олгох санхүүгийн чадвар болон зах зээлд эзэлж буй байр суурийг нь гол шалгуур болгосон. Бидний зүгээс ч хамгийн баталгаат үйлчилгээ, өргөн цар хүрээтэй гэж үзэн даатгалын компаниудаа санал болгосон.
-Энэ жилээс бүтэн жилийн хугацаатай даатгадаг болж байгаа юм байна?
-Тийм ээ, урьд жилүүдэд унаач хүүхдийн даатгал хугацааны хувьд хэт ^баригдмал байсан. Жишээлбэл, яг наадмын хоёр, гурав хоногт л даатгадаг байсан. Уг нь гэнэтийн ослын даатгалыг хамгийн багадаа бүтэн жилээр хийх ёстой байдаг. Тэр тусмаа хүүхэд даатгаж байгаа бол.
Тиймдээ ч санамж бичигт гарын үсэг зурснаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж хүүхэд бүрийг бүтэн жилийн хугацаатай даатгаж байна. Энэ хугацаанд зөвхөн хурдан мориноос унаж бэртэхэд биш энгийн, ахуйн осолд өртсөн ч нөхөн төлбөр олгож байх юм.
Даатгалын компаниуд гарах эрсдэлийг зогсоож, урьдчилан таамаглаж чадахгүй харин эрсдлийг санхүүгийн талаас нь шийдвэрлэж чадна. Ер нь, унаач хүүхэд бүрийг даатгах нь зүйтэй. Манайхан даатгана гэхээр л муу ёр зөгнөлөө, заавал унаж бэртэх ёстой юм уу гэх мэтээр ханддаг. Гэвч эрсдэл гэдэг хэлж ирдэггүй зүйл шүү дээ.
-Өнгөрсөн жил унаач хүүхдийн гэнэтийн ослын нөхөн төлбөрт даатгалын компаниас хэчнээн төгрөг олгосон байдаг юм бол?
-Өнгөрсөн жил харьцангуй олон хүүхэд бэртэж гэмтсэн. Даатгалын байгууллагууд тухайн хүүхдийн бэртэл, гэмтлийг нарийн тодорхойлсон эмчийн магадлагаагаар дээр үндэслэж нөхөн төлбөрийг хувьчилж олгодог.
Харин амь нас нь эрсэдсэн тохиолдолд 100 хувь олгодог. Энэ жилийн хувьд даатгалын хураамжийн тал дээр илүү уян хатан хандаж байна. Учир нь, унаач хүүхдийн ар гэр ихэвчлэн малчин айл өрх байдаг болохоор хураамжийг хамгийн багаар буюу 0.5-0.7 хувиар бодож байгаа.
Уг нь жирийн үед даатгалын үнэлгээний дүнгийн нэг хувиар боддог. Гэхдээ үнэлгээг хэрхэн хийхийг унаач хүүхэд, хүүхдийн эцэг эх, ар гэрийнхэн л шийднэ.
Мөн өвлийн уралдаан, аймаг сумдын наадам гээд жилд цөөнгүй уралддаг учир энэ нь харьцангуй үр өгөөжтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна. Ер нь заавал улсын баяр наадам гэлтгүй жижиг аймаг сумдын наадамд илүүтэй анхаарах ёстой гэж үзэж байна.
Учир нь тэдгээр наадмуудын үеэр унаач хүүхэд унаж бэртэх цаашилбал амь насаа алдсан ч чимээгүйхэн хав дарагдаад өнгөрөх нь бий. Тиймээс унаач хүүхэд бүрийг даатгах нь зүйтэй гэж үзсэн.
Манай холбоо, даатгалын байгууллагууд энэ ажлыг дуусгасан хойнс ХТҮГ болон Санхүүгийн зохицуулах хороо хяналт, шалгалтын ажлыг хариуцах юм. Мөн наадмын дараа манай холбооноос нэгдсэн тайлан гаргана. Үүнд нарийвчилсан тос баримт дурдаж илүү эмх цэгцтэй болгож өгнө.