Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва
2014.07.04

Д.Тэрбишдагва: Цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг улсынх болгох эсэхийг хотын захиргаа шийднэ

- Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 14 мянган сандлыг шинэчлэхэд 280 сая төгрөг төсөвлөсөн гэх мэдээллийг Нийслэлийн удирдлагууд өгсөн. Гэтэл энэ ажил тендэргүйгээр хийгдсэн байх юм. Үүнд тайлбар өгнө үү? 

-Тендэр зарлахад 14 мянган сандлыг 300 гаруй сая төгрөгөөр нийлүүлэх санал орж ирсэн. Тиймээс нийслэлээс бие төлөөлөгч явуулан газар дээр нь хэлэлцээр хийж худалдан авах ажиллагааг явуулсан. 

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ сандлын төлбөр болох 110 сая төгрөгийг улсын төсвөөс Хятадын компанид шилжүүлсэн талаарх мэдээллийг гаалиас өгч байсан. Тэгэхээр үлдсэн 90 сая төгрөгийн талаар асуулт үлдэж байна? 

-14 мянган сандлыг анх авахдаа бид Хятадын Тэнжинь хотод суух төлөөлөгчийн газар болон Эрээн хотод суух Нийслэлийн төлөөлөгчийн газраар судлуулсан. Ингээд бидэнд 360 орчим сая төгрөгөөр худалдан авах санал ирсэн.

Үүнийг Н.Отгонбаяр дарга өөрийн биеэр очиж судлан 274 сая төгрөгөөр худалдан авахаар захиалга өгсөн. Ингээд захиалсан сандлуудаас бэлэн болж хилээр орж ирсэн тоогоор нь мөнгийг нь шилжүүлж байсан.

Тэр 110 сая төгрөг үлдэгдэл төлбөр юм. Үүнийг шилжүүлээд сандлаа хүлээн авсан. Энэ сандал бол 2.5 кг-тай хамгийн үнэтэй, чанартай сандал байгаа. 

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувь нь хувь хүний эзэмшил, 49 хувь нь нийслэлийн өмчөөр бүртгэлтэй байдаг. Гэтэл наадмаар засвар үйлчилгээний хөрөнгийг төсвөөс гаргадаг. Харин нөгөө 51 хувийн эзэмшигч нь хэдэн төгрөг гаргадаг вэ?

-Төв цэнгэлдэх хүрээлэнг тохижуулах ажлыг өмнөх жилүүдэд модон сандал будах 15 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж ирсэн. Харин бусад тохижилтын ажлыг хувь эзэмшигч гаргадаг. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад Үндэсний баяр наадмыг ингэж л тэмдэглэж ирсэн юм байна лээ.  -Энэ газраа улс өөрийн эзэмшилд авах боломж бий юу?  -51 хувь төрийнх байх уу, үгүй юу гэдгийг хотын захиргаа шийдэх асуудал.