Ж.Бат-Орших: Давхар даатгалыг хөгжүүлмээр байна
Монгол даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Орших
2014.06.08

Ж.Бат-Орших: Давхар даатгалыг хөгжүүлмээр байна

Монгол даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Оршихтой даатгалын хөгжлийн цаашдын бодлогын талаар ярилцлаа.

-Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд компаниудын хөгжил чухал нөлөөтэй. Одоогийн 17 компани хэтэрхий жижиг зах зээл өрсөлдөж байгааг юу гэж боддог вэ. Өсч, тэлэх боломжийг та хэрхэн харж байна?

Тийм ээ. Жижиг зах зээл дээр өрсөлдөөний байдал нь бүтээгдэхүүний чанараар бус, үнийн өрсөлдөөн болчихсон.

Асар том нутагтай мөртлөө, цөөн хүн амтай учир бизнесийн хүрээ бага. Энэ бол улсын онцлог. Даатгалын салбарын тухайд компаниуд цөөхөн байх нь зүйтэй гэж боддог. Үүний тулд нэгдүгээрт дүрмийн сангаа нэмэгдүүлээд, хоёрдугаарт тавигдах шаардлагаа өндөрсгөх хэрэгтэй. Мөн компаниуд ухамсраараа  нийлж томрох хэрэгтэй. Гадаад улсад компани байгуулахад өндөр шаардлага тавьдаг.

Гадны даатгалын зөвлөхийн хэлснээр монголд таваас зургаан компани байхад хангалттай гэж байсан. Тиймээс компаниуд хамтран ажилласнаар санхүүгийн чадавхи сайжирна. Энэ бол сайн дурын асуудал. Хүчээр нэгтгэхгүй.

-Даатгалын зах зээл ДНБ-ийн нэг хувийг эзэлж байгаа нь сул орон зай их байгаа гэсэн үг. Сул орон зайг яаж нөхөх үү?

Даатгалын хамрагдахгүй байгаа сул орон зайг хамруулахын тулд төрийн бодлого чухал, бодлого зохицуулалт чухал хэрэгтэй.

Арилжааны даатгалын зах зээл ДНБ-ын нэг хувийг эзэлж байна гэдэг нь зах зээл байгаа гэсэн үг. Иргэдийн 10 хүрэхгүй хувь нь даатгалд хамрагдаж байна. Харин жолоочийн хариуцлагын даатгал явснаас хойш тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Даатгалын компаниуд санхүүгийн чадавхи сайтай байх ёстой. Төр бизнесийн олон салбарыг дэмждэг ч санхүүгийн салбарыг дэмждэггүй. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, хөрөнгийн биржийг дэмждэггүй. Уг нь санхүүгийн зах зээлээ хөгжүүлж байж дэвжих учиртай.

-Даатгалын  салбараа хэрхэн хөгжүүлэх вэ?

Төрийн бодлого хэрэгтэй. Тухайлбал нийгмийн даатгалын тодорхой хувийг хувийн хэвшил хийх саналыг гаргадаг ч ерөөсөө дэмждэггүй. Төр тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа авч үлдээд ажилгүйдлийн даатгал, үйлдвэрийн ослын даатгалыг хувьд шилжүүлэх хэрэгтэй.

Төрийн бодлого хэрэгтэй.

Ажилгүйдэл, үйлдвэрлэлийн ослын даатгалыг төр даах хэрэггүй. Байгууллага, компаниуд ажилчдынхаа өмнө хариуцлага хүлээх ёстой ч төр өмнөөс нь үүрээд байдаг. Ажиллагсадаа хамгаалах нь компанийн үүрэг.

Төр бодлогын түвшинд сайжруулна гэхээр хууль эрх зүйн зохицуулалт сайн болох ёстой.  Одоогийн хяналт зохицуулалт бол дажгүй байгаа.  Гэхдээ гадагшаа урсч буй давхар даатгалыг дотооддоо хэрэгжүүлмээр байгаа юм.

-Давхар даатгалын тогтолцоог яаж бий болгох вэ. Та энэ талаар санал бодлоосоо хуваалцаач?

Төр экспортын даатгалаар заавал компани байгуулж хийх гээд байгаа нь буруу. Түүний оронд шинэ хуулиар яригдаж байгаа Малын даатгалын компанийн нэг чиг үүрэгт нь оруулаад явах боломжтой. Төсвөө танаж байгаа үед энэ нь зөв.

Түүнээс гадна төр давхар даатгалыг хийвэл хийвэл даатгалын компанид маш их том дэмжлэг болно. Үндэсний давхар даатгалын тогтолцоо байхгүй учраас даатгалын компаниуд эрсдлээ гадны компанид л даатгаж байгаа. Экспортын даатгалын хувийн компаниудад даалгаад харин давхар даатгалаа төр нь хийвэл түүнээс илүү дэмжлэг гэж байхгүй.

Төрийн зүгээс экспортын даатгалыг бий болгохоор зорьж байгаа нь маш зөв. Гэхдээ хэрэгжүүлэх арга нь буруу байгаа гэдгийг даатгагчдын холбоо их ярьж байгаа. 

-Салбарын боловсон хүчинг хэрхэн сайжруулах вэ. Холбооны зүгээс ямар ажил хийж байна?

Банкуудын холбооны банк санхүүгийн академи дээр түшиглэн даатгалын сургалтын төвийг нээхээр ажиллаж байгаа. Сургалтын хөтөлбөр гарчихсан. Сургагч багш нараа бэлдэж байна. Ингэснээр санхүүгийн зах зээлийн сургалт нэгэн цэгт төвлөрч байна гэсэн үг.

-Жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нийт хураамжаас илүү болж , компаниуд алдагдалтай байна гэсэн дүгнэлтийг өгч байсан?

Хуулиндаа хураамжийн хэмжээг хатуу заасныг эргэж ярилцах ёстой. Хуулинд өөрчлөлт оруулах хэцүү. Тиймээс замын хөдөлгөөний эрсдлийг багасгахад даатгалын компаниуд анхаарах ёстой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад тодорхой хөрөнгө зарцуулна гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.