Д.Гантулга: Даатгалын салбарын хөгжилд төрийн оролцоог зөв ойлгож тодорхойлох нь чухал
Монголын актуарчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Гантулгатай ярилцлаа.
-Даатгалын салбарын өнөөгийн байдлыг хэрхэн хардаг вэ. Иргэдийн санхүүгийн боловсролыг хэрхэн сайжруулах вэ?
Манай орны хувьд даатгалын салбар зах зээлийн жам ёсоор үүсэж хөгжөөгүй, харьцангуй шинэ салбар. Анх 17-р зуунд Лондон хотод Эдвард Ллойдын кофены газар далайн худалдаачид дундын сан байгуулж өөрсдийгөө эрсдлээс хамгаалах арга хэрэгсэл бий болгосноор энэ салбарын эхлэл тавигдсан гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, даатгал нь худалдаачдын өөрсдийнх нь санаачлагаар, зах зээлийн хөгжлийн явцад бий болсон зүйл. Харин манай оронд даатгалын салбарын үүслийг 1934 оноос эхлэн тоолдог ч тус салбар нь 1990 оноос хойш л зах зээлийн утгаар хөгжиж байна гэж үзэж болно. Даатгалын салбарыг чөлөөт зах зээлийн жамаар хөгжүүлнэ гээд зөнгөөр нь орхиж болохгүй.
Бусад улс орнуудын алдаа оноогоос суралцах, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах зэрэг ажлууд хийгдэх ёстой. Дүгнээд хэлэхэд даатгалын салбарыг харьцангуй богино хугацаанд амжилттай хөгжүүлэхийн тулд 1) төрийн бодлого, оролцоог зөв тодорхойлж, хэрэгжүүлэх 2) даатгалын талаар иргэдийн боловсролыг дээшлүүлэх 3) даатгалын салбарын эрсдлийн нарийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
Одоогийн байдлаар Монгол улсын даатгалын салбарын хөгжлийн бодлогыг Сангийн Яам хариуцаж, хяналт зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо гүйцэтгэдэг гэсэн ерөнхий ойлголт бий.
Гэтэл даатгалын салбарын дунд хугацааны хөгжлийн стратегийг боловсруулах ажлын хэсэг саяхан 2013 оны эцсээр байгуулагдаж байх жишээтэй. Иргэдийн даатгалын боловсролыг дээшлүүлэх ажлыг СЗХ манлайлан Монголын Даатгагчдын Холбоо болон бусад мэргэжлийн холбоотой хамтран ажиллавал үр дүнд хүрнэ гэж боддог.
-Даатгалын салбарт тулгамдаж буй асуудлыг актуарчдын зүгээс юу гэж харж байна?
Даатгалын бизнес нь андеррайтер, актуарч, нөхөн төлбөрийн мэргэжилтэн, маркетингийн мэргэжилтэн гэх мэт эрсдлийн нарийн мэргэжилтнүүдийн оролцоо шаарддаг санхүүгийн өвөрмөц үйл ажиллагаа.
Эдгээрээс актуарчид нь даатгалын бүтээгдэхүүний үнэ тогтоох, компанийн нөөц сангийн тооцооллыг гардан хийж гүйцэтгэдэг нарийн мэргэжилтэнгүүд.
Тухайлбал, бүтээгдэхүүний үнэ тогтоох ажиллагаанд актуарчид орж ирснээр аливаа бүтээгдэхүүний үнийг даатгуулагч бүрийн эрсдэлээс хамаарч өөр өөрөөр тогтоох боломж бүрдэнэ.
Жишээ нь жолооч бүрийн хувьд замын аваар осолд орох магадлал өөр шүү дээ. Гуч, дөчин жил жолоо барисан хашир туршлагатай жолооч, дөнгөж үнэмлэх авсан 18-тай жолооч хоёрыг харьцуулаад үзэхэд тодорхой харагдана.
Даатгуулагчдыг ийнхүү эрсдлээр нь ялгаж салган түүнд тохирсон хураамж авахын тулд статистикийн загвар ашиглах, тооцоолол хийх шаардлагатай болно. Энэ ажлыг хийж гүйцэтгэдэг мэргэжилтэн нь актуарчид.
Манайд эдгээр мэргэжилтнүүдийн чадавхи сул байгаагаас чанартай актуар тооцооллыг хийж ашиглаж хараахан чадахгүй байна. Тэгэхээр даатгалын компаниудын өрсөлдөөн нь маркетинг борлуулалтын бодлого, өрсөлдөөнөөр илүүтэй тодорхойлогдож байна.
СЗХ-ны мэдээллээс харахад 2013 онд нийт даатгалын салбарын хохирлын харьцаа 36.5% байхад үйл ажиллагааны зардлын харьцаа 63% байна. Дундаж утгаар авч үзвэл даатгуулагчийн төлсөн 100 төгрөг бүрийн 36.5 төгрөгийг хохирол барагдуулахад зарцуулаад 63 төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулж байна гэсэн үг.
Уул нь ямар бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчдэд санал болгож байна гэдэг нь хамгийн чухал хэмжүүр баймаар. Талх үйлдвэрлэж байгаа хүн эхлээд хэрхэн яаж сайн талх хийхээ бодно, дараа нь миний талх ийм сайн, бусдаас ийм давуу талтай гэдгийг хэрэглэгчдэд хэрхэн яаж ойлгуулах бэ гэдгээ бодно доо, яг үүнтэй адил зарчим даатгал хөгжсөн зах зээл дээр үйлчилдэг.
Харин манай улсын даатгалын зах зээл дээр санал болгож байгаа бүтээгдэхүүнүүд нь хоорондоо маш төстэй, даатгуулагчийн эрсдлийн ялгааг агуулаагүй байгаа нь актуар мэргэжлийн хөгжил дорой байгаагийн илрэл гэж боддог.
-Эрсдлийг тооцоолдог мэргэжилтэн нь дутагдалтай гэхээр компаниуд өөрсдөө эрсдэлтэй бизнес хийж байна гэсэн үг үү?
Арай ч тэгж ойлгож болохгүй, харин даатгалын компаниуд алтан дунджийг барьж даатгал хийж байна гэвэл илүү дөхнө. Математик хэллэгээр бол их тооны хуулийг ашиглаж байна гэх үү дээ.
Салбар цаашид зөв зохистой чиглэлд хөгжихийн тулд алтан дунджаас цааш нь илүү нарийн тооцоолол хийж чаддаг болох шаардлагатай. Ингэснээр даатгалын компаниудын өрсөлдөөн ямар бүтээгдэхүүн санал болгож байна гэдэгт илүү тулгуурлаж эхлэх, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ итгэлтэй болох, дээр дурдсан хохирлын харьцаа өсөж зардлын харьцаа буурах нөхцлүүд бүрдэх юм.
-Даатгалын салбарын хөгжилд актуарчдын оролцоо зайлшгүй шаардлагатай гэж та ярьж байна. Яаж актуарч мэргэжилтэн болох бэ?
Манай нийгэмлэг нь 2009 оноос хойш Их Британийн Актуарчдын Институтын шалгалтыг албан ёсоор хүлээн зөвшөөрч шалгалтыг МУИС дээр зохион байгуулж ирлээ.
Актуарч болох эхний алхам нь энэ мэргэжлийн шалгалтыг өгч эхлэх хэрэгтэй. Маш энгийнээр хэлэхэд актуарч болохын тулд та нэгдүгээрт тоондоо сайн, хоёрдугаарт тодорхой түвшний англи хэлтэй байх ёстой.
-Салбарын хөгжилд төр хэрхэн оролцож манлайлах ёстой талаар та ямар бодолтой байдаг бэ?
Төрийн оролцоо гэдгийг дотор нь ялгаж салгаж ярих нь зүйтэй болов уу. Энд даатгалын салбарын хөгжлийг чиглүүлэн удирдах, салбарын хяналт, зохицуулалтыг хийх зэрэг зарчмын хувьд хоорондоо ялгаатай ойлголтууд хамаарна.
СЗХ нь даатгалын байгууллагуудын хяналтын үүргийг харьцангуй сайн гүйцэтгэж байна гэж боддог. Харин салбарын хөгжлийг удирдах, шаардлагатай зохицуулалтыг хийх ажил маш хангалтгүй байгаа.
2013 оны эцсийн байдлаар даатгалын салбарт нийт 17 даатгалын компани, 20 даатгалын зуучлагч, 14 хохирол үнэлэгч компани үйл ажиллагаа явуулж байна. Ийм жижиг зах зээл дээр дэндүү олон тооны жижиг компаниуд бий болсон байна.
Тухайлбал, өнгөрсөн оны эцсийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгө 126.4 тэрбум байгаа нь мөн үеийн банкны салбарын нийт актив болох 20.9 их наядтай харьцуулахад 0.61% байна. Энэ нь салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалт байхгүй байгаагийн тод илрэл.
Чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлж байна гээд энэ салбарт хэн дуртай нь ордог, гардаг байж болохгүй, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Төрийн оролцоо гэдэг нь төр өөрөө орж ирж бизнес хийнэ гэсэн үг огт биш л дээ, харин зах зээлийн тоглоомын дүрмийг нь зөв, ил тод тодорхойлж өгөхийг ойлговол зохилтой.
Өнгөрсөн хавар 300 тэрбум төгрөгийн дүрмийн сан бүхий үндэсний даатгалын компани төрөөс байгуулна гэж нилээн шуугиад намжлаа. Энэ нь одооны даатгалын бүх компаниудын нийт активаас 2.4 дахин том, хамгийн том Монгол Даатгал компаниас 12 дахин том төрийн компани бий болно гэсэн үг.
Ийм том компани байгуулагдвал одоогийн өсөн торнин ядаж байгаа энэ салбарт маш хүчтэй нөлөөлнө. Хэнбугай ч бай санхүүгийн чадавхитай, төрийн байгууллагад даатгуулахыг хүснэ шүү дээ.
2011 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хуулиар хураамжийн хэмжээг төрөөс тогтоогоод Албан журмын даатгагчдын холбоо байгуулж ажиллахаар зааж өгсөн.
Энэ хууль батлагдаж байх үед нийт жолооч нарын 20 орчим хувь нь жолоочийн хариуцлагын даатгалд сайн дураар даатгагддаг байсан, даатгалын бүх компанийг эгнээндээ нэгтгэсэн Монголын Даатгагчдын Холбоо ажиллаж л байсан.
Нэгэнт болж бүтэж байгаа зүйлээ дэмжээд, хэрэгтэй нэмэлт шаардлагуудаа тавиад явсан бол албан журмын даатгалын хэрэгжилт нь хамаагүй хялбар бөгөөд илүү үр дүнтэй байх байсан болов уу гэж боддог.
Нийгмийн даатгалын салбарт бодит шинэчлэл хэрэгтэй байгаа. Тухайлбал, өндөр насны тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх цаг нь болсон гэж би хувьдаа үздэг.
Энэ чиглэлээр хийсэн судалгаа тооцоолол бий. Гэх мэтээр яриад байвал даатгалын салбарт хийж байгаа төрийн оролцоотой санал зөрөх, шүүмжлэх зүйлүүд нилээдгүй бий.