Жүдогийн ерөнхийлөгч багаа эргэв
“Говь” цогцолборт бэлтгэлээ базааж байна.
2014.07.31

Жүдогийн ерөнхийлөгч багаа эргэв

Наймдугаар сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх том давааны өмнө ирээд байгаа жүдочид хотоос зайдуу гарч, агаар салхи, ахуй орчин сайтай “Говь” цогцолборт бэлтгэлээ базааж байна.

Монголын жүдогийн ерөнхийлөгч, самбын Гавьяат Х.Баттулга өчигдөр /VII.30/ “Говь” төвийг зорьж, тамирчдынхаа бэлтгэлийг шалган, тамирыг нь сориод иржээ. Жүдоч эрчүүдийн нилээд нь их тулааны өмнө “сэвлэгээ үргээж”, толгойгоо амраасан байв. Х.Цагаанбаатар БААТАР хүртэл хар, шар олон өнгө, халимаг бөгөөд хагалсан олон стильтэй үсээ хусуулж, шинэ имидж бүрдүүлжээ.

Жүдо бөхийн ДАШТ ирэх наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд ОХУ-ын Чилябинск хотод болох бөгөөд хажууханд өрнөх энэ тулааныг сонирхох үзэгчид эртнээс галт тэрэгний тасалбартаа санаа тавьж, десант буулгахаар зэхэж байгаа гэх.

Жүдочдоос бид өмнөх жилийнхээс илүү амжилт хүлээж суугаа нь гарцаагүй. 2013 онд Бразилийн Рио де Жанейро хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д 123 орны эрэгтэй 415, эмэгтэй 258 тамирчин өрсөлдөхөд Монголын шигшээ баг нэг алт, нэг мөнгөн медаль хүртэн, гурван тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилт, медалийн чанараар айргийн тавд багтан эрэмбэлэгдэж байсан билээ.

Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын тамирчид:

  • 1. О.Балжинням: 1989 он. Мөнгөн медаль.
  • 2. Д.Баттулга:  1989 он. Хүрэл медаль.
  • 3. Х.Эрдэнэт-Од:  2005 он. Хүрэл медаль.
  • 4. Х.Цагаанбаатар: 2009 он. Алтан медаль.
  • 5. М.Бундмаа: 2010 он. Хүрэл медаль.
  • 6. Х.Цагаанбаатар: 2010 он. Хүрэл медаль.
  • 7. М.Уранцэцэг: 2013 он. Алтан медаль.
  • 8. Д.Амартүвшин: 2013 он. Мөнгөн медаль.

Б.БАЯСАХ

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ