Онцгой байдлын ерөнхий газрын туганд хүндэтгэл үзүүлж, үдэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
2014.08.11

Энхийг сахиулах ажиллагаанд 29 албан хаагч мордов

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Онцгой байдлын албаны дөрөвдүтээр ээлжийн бие бүрэлдэхүүний Онцгой байдлын ерөнхий газрын туганд хүндэтгэл үзүүлж, үдэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Ёслолын ажиллагааг нээж ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын

хурандаа Т.Бадрал бие бүрэлдэхүүнд хандаж энхийг сахиулах үйлсэд нь амжилт хүсэн албан үүргээ гүйцэтгэхдээ сонор сэрэмжтэй байж, бие биедээ анхаарал халамж тавьж, бусаддаа тусалж дэмжин ажиллахыг захив.

Мөн энэ үеэр ОБЕГ-ын тугийг дөрөвдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж явах Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч С.Энхболдод гардуулсан бөгөөд албан хаагчиддаа амжилт хүсч, хүн нэг бүрийн хувцас, хэрэглэл гардуулан өглөө.

Монгол Улс, Онцгой байдлын албаа төлөөлж НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Судан улсыг зориж байгаа Онцгой байдлын албаны 29 албан хаагчиддаа эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ирэхийг ерөөлөө.