МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат
2014.03.30

А.Мөнхбат: Монголын хүүхдүүдийн мөрөөдөл болсон очих дуртай ганц газар парк

 “Монгол улсаа хөгжүүлье” ток шоу ярилцлагын цагаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг урин оролцуулж байгаа юм.

-  Монгол улсын хөгжлийн гол ирээдүй залуучууд байгаа. Энэ асуудалтай холбогдуулж бид ярилцлагаа эхлүүлэх юм. Юуны өмнө манай улсын залуучуудын байгууллага хэдэн гишүүнтэй болсон бэ?

Гишүүдийн хувьд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Иймд гишүүнчлэл гэж байхгүй. Монголын бүхий л залуучуудын ашиг сонирхлыг илэрхийлж байдаг байгууллага. Ийм учраас бидний зарим үйл ажиллагаа хүүхдэд, ахмадуудад, төрийн албан хаагчид руу чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааны цар хүрээ байдаг. Бид 21 аймгаа тойрон аялсан. 21 аймгийн Залуучуудын холбоод бүгд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  Сумын залуучуудын холбоод сэргэж байгаа. Хамгийн сүүлийн сум гэхэд 6 сар гэхэд хурлаа хийгээд дуусна гэсэн тооцоо, мэдээтэй байна. Дээр нь салбар болгоны байгууллагуудын залуучуудын холбоо, эрчим хүч, авто замын залуучуудын холбоо байгуулагдлаа. Одоо барилга, уул уурхайн холбоод байгуулагдах гэж байна. Өөрөөр хэлбэл залуучууд асуудалд оролцох сонирхолтой, асуудалд оролцохдоо нэгдэж оролцох болжээ.

- Монголын анхны ТББ-уудын нэг МҮЭ, МЗХ бол өөрийн байртай. Тусгаар тогтнолоо баталгаажуулчихсан байгууллагууд гэж. Тэгэхээр МЗХ хотын төвд байдаг байраа хэр үр өгөөжтэй ашигладаг вэ? Энэ байранд ямар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Залуучуудын холбоо бол Монголдоо төдийгүй Азидаа анхны залуучуудын байгууллага. Энэ утгаараа  нэлээд дуу хоолой сайтай байдаг. Энэ жил Азийн залуучуудын ерөнхий чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдана.  Бид тэр  байрны  хууль ёсны эзэмшигч нь. Тэр байр бол түүхийнхээ улбаагаар залуучууд өөрсдийн хөдөлмөрөөрөө босгосон. Төсвөөс мөнгө гараагүй. Одоо тэр байрны 60%-д нь Залуучуудын холбооны үйл ажиллагаанд бүрэн ашиглагдаж байгаа. Үлдэж байгаа 40% нь нөгөө 60%-ын урсгал зардлыг төлөхөд зориулагдаж түрээсээр бусад ААН, ТББ-ууд, ОУ-ын байгууллагуудад түрээслэгдэж байгаа.

-   МЗХ гэхээр манайхан коммунист, социалист байгууллага юм шиг ойлгогддог. Энэ байгууллага олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирлээ. Та хэддэхь Ерөнхийлөгч нь вэ? Өмнөх Ерөнхийлөгч нартайгаа уулзсан уу? Ирэх арван жилд та нас нэмэхээр Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөө болих байх. Залуу хүн дахиад гараад ирнэ. Та ажлаа хүлээгээд  өгөх байх. Үе үеийн шилдэг Залуучууд удирдаж байсан ийм байгууллага.

Баярлалаа. Шилдэг гэдэг нь дандаа түүхээр батлагддаг л даа. Шилдгийг нь сонгоод,  шилдэг болчихдог гэсэн үг биш. Угаасаа л энэ байгууллага дээр ирсэн хүн бол ажиллахаас өөр арга байдаггүй, ийм л тогтолцоотой. Тэгэхээр үеийн үед удирдаж байсан 20 гаран Ерөнхийлөгчид байгаа. Хамгийн анх Д.Сүхбаатар үүсгэн байгуулаад тэрнээс хойш миний өмнөх  Зоригтбаатар байсан. Өмнө нь коммунист, социалист зэргээр хэлүүлдэг байлаа. Хэлүүлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэхээр 1991 оноос өмнө   хуучин нэг намын тогтолцоотой байсан.

Нэг  намын тогтолцоонд намын дэргэдэх залуучуудын байгууллага, өөрөөр хэлбэл улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байсан.  1991 оны 1 сарын 17-нд хурлаа хийгээд Монголын хувьсгалт залуучуудын эвлэл буюу намын дэргэдэх залуучуудын байгууллага албан ёсоор татан буугдаж суурин дээр нь МЗХ-г тэр үед Монгол улсын өнцөг булан бүрээс  цугласан залуучууд анх үүсгэн байгуулсан байдаг. Энэ үеэс хойш МЗХ бол улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй. Аль нэг нам, тэр байтугай төрд хамаардаггүй ТББ-ын хуулиараа зохицуулагдаад явдаг бие даасан байгууллага.

-  Сүүлийн үед МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат паркийн асуудлыг хөндөх боллоо. Паркаа авъя гээд байдаг. Парк авсан нөхдүүд болохоор АН-ын баян хүмүүс байдаг. Энэ хоёрын хооронд тэмцэл өрнөөд эсвэл хувийн эрх ашиг байдаг юм уу гэсэн асуудал хөндөгдөөд байна гэсэн яриа гарсан. Та ч паркийн тухай их ярьж байгаа, гэхдээ паркаа авч чадаагүй явж байна.

Энэ бол А.Мөнхбат гэдэг хүний тухай асуудал ердөө биш ээ. Би ч гэсэн өөрөө хөдөөний хүүхэд. Хотод орж ирэхдээ би 2 л зүйл мөрөөдөж ирсэн. Нэг нь маружин идэх, хоёрдах нь парк дээр очиж тоглох. Тэгэхээр Монголын хүүхдүүдийн мөрөөдөл болсон очих дуртай ганц газар парк шүү дээ. Гэтэл паркийн газрын тал талаас компаниуд орж ирээд байшин бариад эхлэхээр болохгүй. Бид паркийг парк хэвээр нь байлгая гэдэг хөдөлгөөнийг өрнүүлсэн.

Энэ бол МЗХ-ны хөдөлгөөн гэхээсээ илүү хүүхэдтэй хүн бүрийн хүссэн ийм л хөдөлгөөн байсан. Тийм учраас энэ хөдөлгөөн одоо хүртэл өрнөсөөр байгаа. Бид нэг жилийн хугацаанд нэлээд нам гүм байсан. Нам гүм байх хугацаанд шүүхийн олон процессоор явсан.  Өмнө нь хэсэг иргэд шүүх дээр паркийн асуудлаар маргаан үүсгэсэн. Энэ маргааны өрнөл, явц, шийдэгдэж байгаа зүйлүүд дээр бид маш анхааралтай оролцож, ажиглаж явж байсан. Энэ процессууд шүүх дээр ирэхээр унаад, унаад яваад байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...