"Эрдэнэт” үйлдвэрийг хаалттай хувьцаат компани болгох гэнэ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК
2014.08.20

"Эрдэнэт” үйлдвэрийг хаалттай хувьцаат компани болгох гэнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намрын чуулганд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар зэхжээ.

Түүний нэг нь Нийтийн ард түмний хувьцаат компанийн тухай. Уг хуулийн төсөлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хаалттай хувьцаат компани болгохоор тусгасан байна.

Хаалттай хувьцаат компани болгосноор “Эрдэнэт үйлдвэр” компанийн ажиллагсад үйлдвэртээ ажиллаж байх хугацаандаа хувьцаа эзэмшиж, ногдол ашиг хүртэх боломжтой болох гэнэ. Харин ажлаас гарвал хувьцааг нь хүчингүй болгож, тухайн хүний оронд орсон ажилтанд хувьцааг нь шилжүүлэх аж.

Нийтийн ард түмний хувьцаат компанийн тухай хуулийн төсөлд тусгасан бас нэг сонирхолтой заалт бол 1990-ээд оны өмч хувьчлалын үеэр иргэн бүрт өгсөн цэнхэр, ягаан тасалбараар ногдол ашиг хүртээх тухай юм.

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хувьчлалын эрхийн бичиг буюу цэнхэр тасалбараа өгсөн 4000 гаруй иргэн байдаг гэнэ. Тэдгээр иргэний судалгааг гарган, нягталж, тус үйлдвэрээс ногдол ашиг хүртэх эрхтэй болгох юм байна.

О.Баасанхүү гишүүн уржигдар Орхон аймгийн иргэний танхимд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага болон иргэдтэй уулзахдаа энэ тухай танилцуулжээ.