Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Японы Нигата мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2014.08.22

Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү  Японы Нигата мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Нигата хот дахь Монгол Улсын өргөмжит консул, Гадаадтай технологийн талаар хамтран ажиллах холбооны тэргүүн, Нигата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Накаяма Териуяа, Гадаадтай технологийн талаар хамтран ажиллах холбооны дэд тэргүүн, Японы мэргэшсэн инженерүүдийн институтийн гишүүн Окүма Наганори, тус холбооны гүйцэтгэх захирал Кюити Сато, Нигата сургуулийн хүндэт профессор, мэргэшсэн инженер Акано Элисюки нар багтжээ.

Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо 2011 онд байгуулагдсан цагаасаа Японы машин үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа Нигата мужтай хамтран ажиллаж буй.

Энэ хүрээнд Монголын 12 инженер Японд мэргэжил дээшлүүлээд буй. Ер нь төмөрлөг, машин үйлдвэрлэлийн чиглэлээр тус улсад мэргэжилтэн бэлтгэх, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх хамтын ажиллагаанд  Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо анхаарч байгаа билээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү энэ талаар дурдаад “Мэргэжил нэгт инженерүүдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Аливаа улс орны хөгжлийн бодлогод металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбар онцгой чухал байр суурь эзэлдэг.

Монгол Улсын төрийн бодлогод энэ чиглэлээр хэд хэдэн зорилт бий.

Юуны өмнө ашигт малтмалын баялгийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого.

Далайд гарцгүй орны хувьд байгалийн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэснээр олон улсын зах зээлд гарах гарц юм. Тэгж байж Монголд нэмүү өртөг шингэнэ.

Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хэрэглэх дунд оврын машин, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх бодлого барьж байна. УИХ жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Цаашид Монголд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Японы технологийг нэвтрүүлэх, тэнд мэргэжилтнээ бэлтгэх нь чухал ач холбогдолтой” гэв.

Монголын төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбооноос Японы Нигата мужийн Гадаадтай технологийн талаар хамтран ажиллах холбоотой хамтран ажиллах Санамж бичгийн төслийг энэ үеэр гардуулсан. Уг төсөлд Японы талын саналыг тусгасны дараа үзэглэх юм.