Аманд орсон шар тосны хувь заяа
Хэлэлцүүлгийн линк: http://vip76.mn/forum?id=34
2014.09.09

Аманд орсон шар тосны хувь заяа

www.Vip76.mn сайтаас импортыг орлох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Ургамлын тосны дотоодын үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ” сэдвээр хүнсний салбарын мэргэжлийн оролцогчид болон мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан онлайн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Манай улсад импортыг орлох газар тариалангийн бүтээгдэхүүнийг тариалж ашиглах өргөн боломж байдаг. Харин сүүлийн жилүүдэд гадаад зах зээлийн хэрэгцээ, үнийн таатай нөхцөл зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тосны рапсын тариалан хурдтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд вандуй, шар буурцаг, эрдэнэшиш, наранцэцэг, таримал сагадай зэрэг таримлыг тариалах сонирхол нэмэгджээ.

Энэ нь импортыг орлох ургамлын тосны үйлдвэрлэлийг дэмжихэд түлхэц өгөх мэдээлэл юм. Ургамлын тосны дотоодын үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ хэлэлцүүлгийн явцад ургамлын тосны чиглэлээр үйлдвэрлэл эхлүүлж, дотооддоо нэмүү өртөг шингээн ажлын байр бий болгохоор ажиллаж  байгаа 2-3 үйлдвэрийг илрүүлсэн.

Тэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг хүсч, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дэмжих 888 төсөлд багтаж, одоо санхүүжилтээ хүлээж байгаа ажээ.

Анх 1976 оноос ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж, тариалдаг больё гэсэн зорилгоор Засгийн газраас бодлого гаргаж, ургамлын тосны үр болох рапсыг 1986 онд Сэлэнгэ аймгийн шаамар суманд тариалжээ. Ингээд боловсруулах үйлдвэрийг байгуулж, тос гаргаж эхэлсэн. Гэтэл ардчилалын давалгаанд дотоодод үйлдвэрлэх нь өндөр зардалтай гээд гаднаас авахаар шийдэж, үйлдвэрийг хаав. Харин өнөөдөр ургамлын тосны нийт хэрэгцээний 80 хувийг импортоор авч байгааг багасгах боломж бий гэдгийг экспертүүд хэлж байгааг анхааралдаа авах биз ээ.

Экспертүүдийн хэлж буйгаар дотоодод бий болж байгаа ургамлын тос боловсруулах үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, дотоодод үйлдвэрлэсэн рапсын үрийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх, татвараас хөнгөлөх хэрэгтэй байгаа ажээ.

Ер нь бол  Монгол Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д бүс нутгийн хөрс уур амьсгалын онцлогт тохирсон хүнс, техник, тосны  таримлын нэр төрлийг олшруулж, тэдгээрийн нутагшсан сортын үр үйлдвэрлэж, ургамлын тосны дотоодын хэрэгцээний тодорхой хэсгийг хангаж, стратегийн болон импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэн, 2015 он гэхэд 

ургамлын тосны 10-15 хувийг дотоодын үйлдвэрлэлтээр хангаж, гадаадын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжийг бүрдүүлэхээр заасан байдаг. 

Гэхдээ энэ тоо хувийн үйдвэрийн тусламжтайгаар 30 хувьд хүрсэн бөгөөд төрөөс дорвитой тусламж дэмжлэг, хөтөлбөр байхгүй байгаад үйлдвэрлэгчид нь гомдож байсан.

Харин бодлого явуулагч ҮХААЯ-ны зүгээс Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 2013 онд батлагдсан бөгөөд 2015 он хүртэл үргэлжлэх ёстой бөгөөд ургамлын тосны хэрэгцээний тодорхой хувийг хангахаар тусгаж, газар тариаланг сэргээн хөгжүүлэх үйл явцад ээлжлэн тариалах сэлгээгээр рапсын тариалан орж ирж байгааг онцолсон юм.  

Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан, цөөн орноос хамааралтай байдлыг арилгахад анхаарч өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх гэсэн нь үйлдвэрлэлийг дэмжих шалтгаан болж байна.

Экспертийн санал:

- Манай монгол гурван бүтээгдэхүүнээ хийж чаддаггүй байсан. Элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос. Ургамлын тосоо хийгээд эхэлсэн учраас засаг төрөөс зах зээлээ хамгаалах бодлого заавал явуулах ёстой.

- Засгийн газар, ЭЗХЯ-наас зохион байгуулж сонгон шалгаруулсан 888 төслүүдээ гацаалгүйгээр ажлаа хийгээсэй гэж хүсч байгаа. Тэр гацаад байгаа механизмаа арилгах хэрэгтэй.

- Ургамлын тосоо дотооддоо үйлдвэрээд экспортолбол гаднаас валют орж ирнэ. Түүний тулд аж ахуй нэгжүүдээ хүчтэй дэмжиж төрийн бодлогоор хүчтэй дэмжих шаардлагтай байгаа.

- Монголд алт ухаж суухын оронд нөхөгддөг олон баялгаа ашиглавал хоёр сая хүнийг хангалттай тэжээх нөөц, шим тэжээл бий шүү гэдгийг хэлмээр байна. Боловсруулах үйлдвэрийг түшиглээд зөгий, мал аж ахуй, биодизель хөгжих боломжтой.

-Хамгийн наад зах нь үйлдвэрийг өргөтгөх, өргөжүүлэх, рапсынхаа тосыг цэвэршүүлэх, шүүх технологийг нь сайжруулахад тодорхой хэмжээний зээл мөнгөн зүйлээр туслах ёстой.

-Тосны ургамлын үр импортлогч аж ахуйн нэгжүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулж импортлох үр, сортын стандартыг тогтоож мөрдүүлэх шаардлагатай. Мөн тосны ургамалтай холбоотой төсөл хөтөлбөр, хууль эрх зүйн актууд, зарим стандартуудыг шинэчлэх, шинээр боловсруулах ашиглах хэрэгтэй.

Хэлэлцүүлэг бүрэн эхээрээ тун удахгүй VIP76 expert сэтгүүлд хэвлэгдэн гарах болно. Та захиалж уншихыг хүсвэл 701-22-701 утсаар холбогдоно уу.