МАН-ын түүчээ нь залуучууд
Өчигдөр МАН-ын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тус хуралд МАН-ын дарга С.Батболд, нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон юм.
МАН 2012-2016 оныг үсрэнгүй хөгжлийн жил хэмээн онцлоод шинэ агуулга, шинэ зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэж намын дарга Сү.Батболд хэллээ. Тэрбээр мөн “Манай нам боловсон хүчний асар их нөөцтэй. Энэ утгаараа нэр дэвшүүлэх үйл явц ихээхэн өрсөлдөөнтэй болсон. Ерөнхийдөө 1000 гаруй намын боловсон хүчний өрсөлдөөн дундаас шилдэг 76 нэр дэвшигч тодорсон. Энэ удаагийн нэр дэвшигчид залуучуудаас бүрдсэнээрээ давуу талтай. Бид 2004 оны сонгуульд 40-өөс доош насны гурван залууг нэр дэвшүүлж байсан. 2008 онд долоо болж нэмэгдсэн. Харин 2012 оны сонгуульд 27 идэр залуу улстөрчдөө нэр дэвшүүлсэн нь манай нам уламжлалаа хадгалсны зэрэгцээ ирээдүй рүүгээ харсан бодлого барьж байгааг илтгэж чадаж байна” гэсэн юм.
МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дотор УИХ-ын гишүүн 35, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд 19, аймаг нийслэл дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч долоо, намын удирдах ажилтан 11, бизнес эрхлэгч долоо, төрийн бус байгууллагын төлөөлөл гурав багтжээ. Нэр дэвшигчдээс академич, доктор, профессор 12, генерал, хөдөлмөрийн баатар, Монгол Улсын аварга, гавьяат цолтон 11 байна.
Нийт нэр дэвшигчдийн дундаж нас 46 бөгөөд хамгийн залуу нэр дэвшигч 32 настай. 35 хүртэлх насны залуус 43.4 хувь, 46-аас дээш насныхан 48.7 хувь байгаа нь ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг багтааж чаджээ. Мөн энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас 16 эмэгтэй эрчүүдтэй халз өрсөлдөх бөгөөд нийт нэр дэвшигчийн 21 хувийг эзэлж байгаа юм байна. Хэвлэлийн бага хурлын үеэр намын удирдлагуудаас зарим асуултад хариулт авлаа.
-Сонгуулийн төв штабыг хэн удирдах вэ?
С.Батболд: Дүрмээрээ намын дарга удирдана. 12 дэд ажлын хэсэг ажиллана. Эдгээрт намын удирдлагууд хуваарилагдсан байгаа.
-Энэ удаад залуучууд түлхүү нэр дэвшсэн шалтгаан юу вэ?
Ж.Энхбаяр: Өнөөдөр Монголын хүн амын 80 хувь нь залуучууд байна. Намын хөгжлийн хөтөлбөрийг 40-өөд насныхан боловсруулсан. Тиймээс МАН залуусыг олон түмэнд таниулж байгаа. Миний хувьд жижиг эрх ашгаас илүү том эрх ашгийн үүднээс тойргоосоо татгалзаж, пропорциональд нэр дэвшсэн.