Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.07/ хуралдаанаар2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан гишүүдийн саналыг авч, маргаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуудалд нягт нямбай хандан, сайн судлах шаардлагатай хэмээгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр туршлагатай хүнийг томилох саналтай байгаагаа илэрхийлсэн.
Байнгын хорооны дарга Д.Ганбат Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Тэмүүжин гишүүнийг томилох санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Тэмүүжин гишүүнийг томилох санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2013 онд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гурван удаа, 2014 онд мөн гурван удаа оролцсон юм байна.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна гээд, уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, “Хүний эрхийг зөрчих явдал сүүлийн үед хавтгайрлаа. Хууль зүйн байнгын хороо хүний эрхийн асуудалд анхааралтай хандах ёстой. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж хэлсэн.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх гишүүдийн саналыг дэмжсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.