Д.Тэрбишдагва: ОХУ-д татварын хөнгөлөлт үзүүлэх санал тавина
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ удаагийн хуралдаан өчигдөр эхэллээ. Хуралдаанаар Монголын талаас ямар санал оруулж, хэлэлцэх гэж байгаа талаар Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга Д. Тэрбишдагватай ярилцлаа.
-Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх гэж байна вэ?
Монгол, Оросын Засгийн газар хоорондын, комиссын хурал энэ өдрүүдэд болж байна. Энэ хуралдаанаар аль аль тал нь том зүйл хүлээж байгаа. Тухайлбал, ОХУ- д Монгол Улсаас бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа байдал нь туйлын хангалтгүй байна. Нийт экспортын хэмжээний хоёр хувийг эзэлж байна.
Гэтэл нийт импортолж байгаа бараа бүтээгдэхүүний 20 хувийг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн эзэлж байх жишээтэй. Тиймээс бид харьцааны асуудлыг ярих хэрэгтэй байна. Нөгөө талаас ОХУ-д хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортлох, худалдааг өргөжүүлэх шаардлагтай. Ингэснээр манай гадаад худалдаанд эерэг өөрчлөлт гарах учиртай. Тиймээс энэ асуудлыг хоёр тал урьдчилсан байдлаар ярилцлаа.
-Худалдаа, эдийн засагтай холбогдүулан гаалийн хөнгөлөлтийн асуудлыг хөндөх болов уу?
ОХУ манай бүтээгдэхүүнд өндөр хэмжээний гаалийн болон бусад төрлийн татвар тавьдаг. ОХУ-тай хамтарсан Казакстан, Беларус зэрэг улсад гаалийн зөвлөл гэж байгууллага байдаг. Тус байгууллагатай хамтарч ажлын хэсэг байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Хэрэв гааль болон худалдааны татвар буурах юм бол манайх бүтээгдэхүүний үнэ өртгөө нэмэх, нөгөө талаасаа нийт гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх боломжтой.
Энэ чиглэлээр нэлээд нухацтай ярилцаж, санал солилцлоо. Үүний зэрэгцээ бид цаашид ОХУ-д нийлүүлэх бүтээгдэхүүний чанар дээр анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа, малаа эрүүлжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй. Мөн ой түймрийн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хамгийн гол нь худалдаа, эдийн засгийн салбар урьд өмнөхөөс илүү үр дүнд хүрнэ.
-Энэ удаагийн хурлаар худалдаа, эдийн засгийн салбартай холбоотой нааштай шийдвэрүүд гарна гэсэн. Энэ талаар тодруулна уу?
Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хоёр тал өргөн хүрээг хамарч бүх сэдвээр ярилцана. Мөн ОХУ-ын Эрдэс баялаг байгаль орчны сайдтай ганцаарчилсан уулзалтыг хийнэ. Уг хуралдаанаар олон асуудал шийддэг. Төмөр зам гэхэд тодорхой гарсан төслүүдээ үргэлжлүүлэн цаашид том хэмжээний төсөл болгож гаргах байх гэж бодож байна.
Малын гаралтай түүхий эдийг ОХУ-д экспортлох талаар том дэвшил гарна гэж найдаж байгаа. ОХУ-аас өгч байгаа квотын хэмжээ, авч байгаа малын гаралтай түүхий эдэд тавьж буй хяналтад өмнөхтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр зөөлөн хандах болов уу гэж харж байна.
Мөн эрчим хүч, барилга, хүнсний салбарт хийж болох ажлуудаа хэлэлцэнэ. Хамгийн гол нь худалдаа, эдийн засгийн салбар урьд өмнөхөөс илүү үр дүнд хүрнэ. Түүнчлэн Монголын талаас махны нийлүүлэлтэд тодорхой санал хэлсэн. Цаашид хагас боловсруулсан бүтээгдэхүүн илүү гаргах хүсэлтэй байна.
Ингэснээр эх орондоо тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдүүлэх юм. Эдгээр саналыг хэлэхдээ нэг зүйлийг бид онцолсон. Монгол 60 сая малтай гэж байгаа боловч үүний зөвхөн 10 хувь нь адуу, үхэр байдаг. Хэрэв зөвхөн адуу, үхэрний мах авна гэвэл манай махны нийлүүлэлт хангалттай хэмжээнд байж чадахгүй. Тиймээс хонь, ямааны мах авах чиглэлээр тусгайлан анхаарахыг хүссэн.
Цаашид малын гаралтай түүхий эдийг зөвхөн мах биш арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүн байдлаар нийлүүлэх санал дэвшүүлсэн. Оросын хүйтэн цаг ууртай газар нутаг болох Сибирь рүү бүтээгдэхүүнээ нийлүүлэх хэрэгтэй байна. Товчхондоо бидний онцгойлон анхаарч хүсэлт тавьж буй асуудал бол бүтээгдэхүүний татварт хөнгөлөлт үзүүлэх явдал.
-Төмөр замын асуудлаар ямар санал тавих бол?
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой уялдуулан гол төмөр замуудаа өргөн царигтай тавих нэг чилэл бий. Нөгөө талаасаа одоогийн байгаа муруй төмөр замуудаа эхний удаад тэгш болгож хурдыг нь нэмэгдүүлэх. Дараа нь пралель төмөр зам тавих талаар онцгойлон анхаарч ажиллах юм. Энэ саналыг одооноос дэвшүүлж хоёр улстай яриа хэлэлцээрүүд хийнэ.
Хоёр хөршийн тэргүүн нарын айлчлалын үеэр аль аль талдаа төмөр зам дамжин өнгөрүүлэх чиглэлээр томоохон хэмжээний дэвшил гарсан гэж үзэж байгаа. Харин одоо ажил хэрэг болгох нь чухал. Мөн авто зам, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг сая ярьсан. Гэхдээ үүнийг зөвхөн Монгол Оросын хэмжээнд ярих боломжгүй. Ингэхи тулд БНХАУ-тай хамтарсан уулзалт хийх шаардлагатай.
Эхний удаад Төрийн төвшинд тодорхой дэвшил гарсан бол одоо аж ахуйн нэгжүүд өөрөөр хэлбэл, манай Газрын тосны хэрэг эрхлэх газартай адил БНХАУ, ОХУ-ын тэр чиглэлийн байгууллагуудын хооронд үйл ажиллагаа явуулах чиглэлээр Засгийн газрын хуралдааны комиссын хуралдааны үеэр ярьж тодорхой дэвшил гарна гэж үзэж байна.