Г.Эрдэнэсувд: Албан журмын даатгалын хураамжийн итгэлцүүрийг өөрчлөх нь сангаа хоослохгүй байх ганц гарц
Бодь Даатгал ХХК-ийн Даатгалын Үйлчилгээний Төвийн захирал Г.Эрдэнэсувд
2014.10.17

Г.Эрдэнэсувд: Албан журмын даатгалын хураамжийн итгэлцүүрийг өөрчлөх нь сангаа хоослохгүй байх ганц гарц

Бодь Даатгал ХХК-ийн Даатгалын Үйлчилгээний Төвийн захирал Г.Эрдэнэсувдтай ярилцлаа.

- Жолоочийн албан журмын даатгалын хууль гарснаас хойш даатгагч, даатгуулагчийн харилцаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

Өмнө нь сайн дурын байсан харилцаа албан журмын боллоо. Албан журмын учраас бүх зүйл хуулиар зохицуулагдана гэсэн үг. Өмнө нь осол гарахад хохирогч хохироод үлдэх тохиолдол олон байсан бол хууль гарснаар хохирогчийн хохирлыг барагдуулдаг болсон, Монголчуудын эрсдэлд хандах хандлагыг сайжруулсан, даатгалтай гуравдагч этгээдэд даатгалгүй жолооч хохирол учруулсан тохиолдолд Албан журмын даатгагчдын холбоогоор дамжуулан хохирлоо барагдуулах боломжтой болсон зэрэг  эерэг өөрчлөлтүүд олон байгаа.

Гэхдээ хуульд даатгагч болон даатгуулагчийн боломжийг харилцан адилгүй тусгасан буюу зөвхөн даатгуулагчид зориулсан хууль болсон мэт зүйлүүд олон байна. Хуульд даатгуулагчийн нэг удаагийн тохиолдолд авах нөхөн төлбөрийн дээд хэмжээг 5 болон 10 сая төгрөг гэж заасан хэдий ч даатгалын үнэлгээг даатгуулагчийн авсан нөхөн төлбөрийн хэмжээгээр бууруулах, хэрхэн сэргээн тооцохыг тодорхой заагаагүй, инфляцийн өөрчлөлттөй уялдуулан хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах боломжийг оруулаагүй зэрэг нь сөргөөр нөлөөлж байна. Хэрэв хураамжийн хэмжээ, зардлын (нөхөн төлбөрийг агуулсан) харьцаанд дүн шинжилгээ хийж өөрчлөхгүй бол даатгалын компаниудын жолоочийн хариуцлагын нөөц сан багасах, дуусах нь цаг хугацааны асуудал болоод байна.

- Манайх шиг замын нөхцөл эрсдэлтэй, дэд бүтэц, жолоочийн  төлөвшил  муу байгаа үед хэн хэнийг нь гомдоохгүй байх ямар механизм байж болох вэ?

Уг нь Даатгалын нөөцийн сан нь энгийнээр тайлбарлахад 100 хүн нийлээд дундын дансанд мөнгө байршуулаад эрсдэлд учирсан хэд нь түүнээсээ хүртэж байдаг, барагдуулсан хохирлын хэмжээнээс үл хамаараад уг сан нь хоосорчихдоггүй байх буюу үлдсэн хувь оруулагчид нь эрсдэлд учирсан тохиолдолд хэрэглэх нөөцтэй байх үүрэгтэй юм.

Нөхөн төлбөрийн 90 орчим хувийг 200 000 хүртэлх төгрөгийн хохирол эзэлж байна.

Олон улсын жишгээр бол даатгалын компани актуар тооцоолол дээр үндэслэн хэн хэнээ хохироохгүй байхаар хураамжийн хэмжээг үйлчлүүлэгчид санал болгодог. Харин жолоочийн албан журмын даатгалын хувьд 33 мянган төгрөгийн суурь хураамжтай гээд хуульчилчихсан. Уг суурь хураамжаас есөн төрлийн итгэлцүүр ашиглан даатгуулагчийн төлөх хураамжийг тооцож байгаа хэдий ч итгэлцүүрт хууль хэрэгжиж буй гурван жилийн хугацаанд үр дүнтэй өөрчлөлт ороогүй байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл, түүний сэлбэгийн үнэ гэхэд ямар их хэмжээгээр өөрчлөгдөж байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх.

- Итгэлцүүрт ямар үзүүлэлтүүд ордог вэ?

Тухайн автомашины газар зүйн байршил, жолоочийн жолоо барьсан туршлага, нас, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж, даац, зорчигчийн суудлын тоо гэх мэт есөн үзүүлэлт багтдаг. Энэ итгэлцүүрүүдээс жишээ болгон нэгийг авч үзье. Итгэлцүүр И2 буюу жолоочийн ослын түүхээс хамааран өсч, бууж байдаг итгэлцүүрийг хувь хүний даатгалын гэрээнд хэрэглэхэд хамтран даатгуулагч байдлаар хэдэн даатгалын гэрээнд нэр нь бүртгэгдсэнээс хамаарч хураамж нь нэг өдрийн дотор “Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгосон тооноос хамаарах бүлэг” гэх зохицуулалтаар 13-н пунктээр бууж 1,0-оос 0,5 болох боломжтой байгаа юм.

- Даатгалын Үнэлгээ манай оронд ямар хэмжээтэй байна вэ?

Хуульд зааснаар А, В, Механизм ангилал таван сая, С, D ангилал 10 саяын үнэлгээтэй байгаа. Гэтэл бид тээврийн хэрэгсэл, эсвэл сэлбэг үйлдвэрлэгч биш учраас импортоос бүрэн хамаардаг, дээрээс нь валютын ханш өсчихөөр хуулиар тогтоосон хураамж, учирч байгаа хохирлын дүн, даатгалын компаниудын үйл ажиллагааны зардал зэргийн харьцаа зүй зохистой байдал алдагдаж байна. Хураамж өндөр байж үнэлгээ мөн өндөр байх болно. Манай орны жолоочийн даатгалын жилийн хураамжийг хөгжингүй, мөн хөгжиж буй зарим орны жолоочийн даатгалын хураамжтай харьцуулахад сарын хураамжийн хэмжээнд нь дүйж байна.

- Даатгалын үнэлгээтэй холбоотой хүний амь нас, эрүүл мэндийн хохирлыг хуулиар яаж зохицуулж байна вэ?

Эрүүл мэндийн хохирлын хувьд эмчилгээний бодит зардлыг төлдөг. Гэхдээ таван сая төгрөг бол бага санагддаг. Ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүн ослын тохиолдол, бэртлээсээ шалтгаалан таван сая төгрөгийн эмчилгээний зардлаар хөдөлмөрийн чадвартай болох боломж харилцан адилгүй юм. Амь насны асуудлын хувьд хууль эрх зүйн хувьд үнэлгээ байхгүй. Монгол Улсад зөвхөн оршуулгын зардлыг ар гэрт нь өгдөг. Ер нь амь насыг мөнгөн хэлбэрээр илэрхийлэх боломжгүй хэдий ч бусад улс орнууд хүний амь насыг үнэлэх өөр өөрийн үнэлэмжтэй байдаг. Миний бодлоор ямар нэг жишиг байж болохоор санагддаг.

Англи Саксоны эрх зүйн бүлтэй оронд тухайн амь насаа алдсан хүний ирээдүйд олох байсан орлогыг тасалдуулсан гэдгээр нь хохирлыг үнэлж ар гэрт нь нөхөн төлбөр олгодог. Ажилгүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг удиртгал болгож, ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байсан бол цалингийн дунджийг нь тооцоолон 12-36 сарын цалинг нь өгдөг байх жишээтэй. Зөвхөн жолоочийн даатгалаар зогсохгүй барилга, уул уурхайн салбарт ч энэ жишиг байх шаардлагатай юм. Ийм л байхын төлөө бид бүхэн зорих ёстой.