Хуулиа шинэчилсэн Вьетнамын туршлагыг судална
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний ассамблей дахь Вьетнам Монголын парламентийн бүлгийн дарга Люөнг Фан Кю тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр УИХ дахь Монгол Вьетнамын парламентийн бүлгийн дарга Ж.Энхбаяр болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол Вьетнамын парламентийн бүлгийн дарга Ж.Энхбаяр, УИХ ын дарга Д.Дэмбэрэл хоёр улсын парламентын бүлгийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө тууштай ажиллаарай гэж залуу гишүүдэд үүрэг өгсөн гэдгийг онцоллоо. Тиймээс Монгол Вьетнамын парламентын бүлгийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө тууштай ажиллана гэдгээ тэмдэглэсэн.
Тус улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаагийн илрэл нь өнгөрсөн 2007 онд дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр нь хэмжиж болно. Тийм ч учраас Азид нөлөөллөө тогтоохуйц хэмжээгээр бэхжсэн 85 орчим сая хүн амтай Вьетнам улсаас суралцах зүйл асар их байгааг Ж.Энхбаяр гишүүн хэлсэн. Монгол Улсын эдийн засаг хөгжлийнхөө шинэ шатанд гарч байгаа энэ үед Вьетнамчуудын туршлага том ахиц авчирна гэдгийг мөн онцолсон юм. Ноён Люөнг Фан Кю Монголчуудыг найрсгаар хүлээн авсанд талархаж байна гээд энэ сайхан тал нутагт зочилж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцаанд чухал нөлөө үзүүлэх учраас эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даасан Вьетнам улс туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаа хэмээсэн. Мөн тэрбээр хоёр улсын дипломат харилцаа өндөр түвшинд хүрснийг онцлоод Монгол Улстай өөр ямар салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай саналаа Монгол Улсад суугаа Элчин сайдтайгаа солилцож байгаа гэдгээ ч уулзалтын үеэр хэлж байлаа. Харин УИХ ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Арвин, өдөр тутам шинэчлэн хөгжиж байгаа энэ нийгэмтэйгээ зохицсон хууль тогтоомж батлан гаргах асуудал бидний өмнө тулгарч байна. Тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын чиглэлээр гарч байгаа хуулиудад учир дутагдал байгаа учраас шинэчлэх шаардлагатай, энэ тал дээр Вьетнам Улсаас туршлага судлах саналтай байгаагаа дуулгалаа. БНСВУ-ын хувьд 1986 оноос эдийн засаг улс төрийн шинэчлэл хийсэн тэр үеэсээ эхлэн 1996 он хүртэл бүх салбарт үйлчилж байгаа хуулийнхаа орчинг тэр чигт сайжруулсан, одоо ч өөрчлөлт хийгдээд явж байгаа учраас Монголчуудтай туршлага солилцоход бэлэн байна хэмээн ноён Люөнг Фан Кю хэллээ.