Л.Гансүх сайд ноён Ажей Чиббертэй хамтын ажиллагааны талаар ярилцлаа
2010.08.06

Л.Гансүх сайд ноён Ажей Чиббертэй хамтын ажиллагааны талаар ярилцлаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Ажей Чибберийн албан ёсны айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайд Л.Гансүхтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын үеэр НҮБХХ-өөс Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

НҮБХХ-ийн Монголд хэрэгжүүлсэн хамгийн анхны төсөл нь байгаль орчны чиглэлийнх буюу "Ус цаг уурын хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхижуулах болон цаг агаарыг урьдчилан мэдэх системийг сайжруулах" төсөл байсан гэдгийг БОАЖ-ын сайд Л.Гансүх онцолж, түүнээс хойш биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр томоохон төслүүдийг НҮБХХ-тэй хамтран амжилттай хэрэгжүүлж, ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв.

Одоогийн байдлаар хэд хэдэн өргөн хүрээтэй төсөл үргэжлэн хэрэгжиж байгаа. Тухайлбал, Алтай Саяаны бүс нутагт хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгалийн нөөцийг зохистой ашиглахад орон нутгийн иргэдийг татан оролцуулах, нутгийн иргэд байгалийн нөөцөө хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлэх, нутгийн иргэдэд суурилсан байгалийн нөөцийн менежмент бий болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр ой мод, бэлчээр, ус зэрэг улсын эзэмшлийн байгалийн нөөцийн эрчимтэй доройтлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. 

Мөн газрын тогтвортой менежмент, усны төсөл зэргээр дамжуулан орон нутгийн иргэдэд бэлчээр, усны зэрэг байгалийн нөөцөө үр ашигтай ашиглах менежмент хийх чадвар бий болгосноор хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй Монгол орны бэлчээрийн доройтлыг бууруулахад ахиц гаргана гэж тооцоолж байгаа юм.

Байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчинд зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай завсардал байгаа тул НҮБХХ цаашид "Байгаль орчны засаглал" төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлж, энэ тал дээр хамтран ажиллахад санал санаачилга гаргана гэдэгт найдаж байгаагаа сайд мөн илэрхийлэв.

НҮБХХ-өөс Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн 1300 гаруй төслийг дэлхий даяар хэрэгжүүлж байгаагаас Монголд 1990-ээд оны дундаас өнөөг хүртэл 7 төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ уламжлал дээрээ түшиглэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах санал хүсэлтээ хүргүүлэхэд шуурхай хариу өгсөнд БОАЖ-ын сайдын зүгээс талархал дэвшүүллээ. НҮБХХ-ийн зүгээс биологийн олон янз байдлыг хамгаалах салбарт хамтран ажиллах санал тавьсныг таатайгаар хүлээн авч байгаагаа Л.Гансүх сайд мэдэгдэв. Өмнө нь Монголд биологийн олон янз байдлыг хамгаалах хамгийн анхны төсөл хэрэгжүүлж, Үндэсний Биологийн төрөл зүйлийн тайланг 1996 онд гаргасан юм. Улмаар Дорнод Монголын биологийн төрөл зүйл, Их говийн төсөл, Алтай Соёны төсөл хэрэгжүүлсэн билээ.

Эрс тэс цаг ууртай, далайгаас алслагдсан улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж, дэлхийн дунджаас бараг 3 дахин илүү өөрчлөлт мэдрэгдэж байгаа тул Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал тавьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх бодлогыг хэрэгжүүлэх ихээхэн хүч хөдөлмөр шаардлсан үйл ажиллагааг БОАЖЯ хариуцан хэрэгжүүлдэг. Энэ талаарх ажлынхаа зарим бодлогын талаар сайд танилцуулахын зэрэгцээ НҮБХХ-ийн одоо хэрэгжүүлж буй бүх төсөл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өөр өөр өнцгөөс, тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, дасан зохицох, эрсдлийг бууруулах гэх мэт чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэсэн.

Энэ мэтчилэн олон салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллаж, НҮБХХ одоог хүртэл Монгол орны байгаль орчныг тогтвортой хамгаалах үйлст хамтран зүтгэж буй хамгийн эртний, хамгийн том олон улсын байгууллага хэвээр байгаад сэтгэл ханамжтай байна гэдгээ БОАЖ-ын сайд Л.Гансүх илэрхийллээ. 

Байгаль орчны салбарт урт хугацаанд амжилттай хамтран ажилласандаа сэтгэл ханамжтай байгаагаа ноён Ажей Чибберт илэрхийлж, шинээр томилогдсон суурин төлөөлөгч болон НҮБХХ-ийн хамт олонтой цаашид шинэ шатанд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа онцлов. Ялангуяа, БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлэн, удирдах тусгай ажлын алба байгуулан ажиллаж байгаад тун таатай хандаж байгаагаа дуулгаад НҮБХХ өнгөрсөн жил хамтран ажилласан шигээ цаашид ч уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэлээ. Тэрбээр мөн "Монгол Улсын уул уурхайн хөгжлийг дагаад төр, бизнес, иргэний харилцааг уялдуулан зохицуулах томоохон үүрэг хариуцлага БОАЖЯ-нд ирнэ" гээд байгаль хамгааллын талаар урьдчилан сэргийлэх ажилд цаг, хүчээ түлхүү хандуулах нь нөхөн сэргээхээс бага хүч шаарддаг болохыг туршлагадаа үндэслэн захилаа.

Харин НҮБ-ын шинээр томилогдсон суурин төлөөлөгч хэлэхдээ "Миний эхний ажил байгаль орчны асуудлаарх уулзалт байсан. Бид тун удаан хуралдсан. Тэр үеэр танай яамны ажил асар их юм байна гэдгийг ойлгосон" гэж онцолсон юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.