Ж.Батсуурь: Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн ч яах вэ гэж боддог
Энэ дугаарын “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг урилаа.
-Өнгөрсөн сард Чехийн Ерөнхий сайд манай улсад айлчилсан. Та Чех-Монголын парламентын бүлгийн даргын хувьд энэ айлчлалын үр дүнгийн талаар тодорхой зүйл хэлэх байх?
-БНЧУ-ын Ерөнхий сайд Ян Фишерийн айлчлал амжилттай болсон. Энэ онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэлээ. Чех улс бол манай улсад олон талын дэмжлэг үзүүлдэг томоохон хөрөнгө оруулагчдын нэг. Хуучин Чехсловак улсын үед ч тусалж дэмжиж байсан. Ялангуяа аж үйлдвэрийн салбарт дорвитой хувь нэмэр оруулсан улс. Гутлын үйлдвэрүүд, Дарханы цементийн үйлдвэр, нэгдүгээр эмнэлэг гээд томоохон бүтээн байгуулалт бий. Европын холбооны гишүүн орнууд жил бүр хөгжил буурай орныг сонгон авч, дэмжлэг үзүүлдэг. Чехийн хувьд манай улсын сонгож, боловсрол, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчны олон салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсон. Ер нь уул уурхай, байгаль орчин, гоелоги хайгуулын чиглэлээр хамтран ажиллаж, шинээр орд газар нээх зэргээр үр ашигтай хамтран ажиллаж байгаа. Жишээ нь, Хэнтийн Цэнхэрмандалд цагаан тугалганы уурхайг Чехүүд нээж өгч байсан. Цаашид уул уурхайн салбарт нэлээд өргөн хэмжээнд хамтарч ажиллах тухай яригдаж байгаа. Мөн Чехийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар оюутан сургах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлийн ажил нэлээд эрчимжих байх. Мөн Чехийн үйлдвэрүүдэд ажиллаж байгаа Монгол ажилчдын тоог бууруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана гэсэн. Мөн Европын холбоонд Монголын ашиг сонирхлыг дэмжих талаар анхаарч байгаа.
-Чех улс уул уурхайн нөөцөө дууссан гэдгээ хэлсэн. Тиймээс энэ салбарт илүү их анхаарлаа хандуулж байна гэж ойлгож болох уу?
-Яах вэ. Нөөцөө дууссан, дуусаагүй орон хаа сайгүй л байна. Манайхны нэг сонин ойлголт энэ л дээ. Гадныхан хөрөнгө оруулъя, томоохон төсөл хэрэгжүүлье гэхээр “Эд нар нөөцөө дууссан учраас манайхаас юм авчих гээд байна” гэсэн сэтгэлгээгээр хандах юм. Буруу дэвдэг шувуу гэдэг шиг юм бүхнийг ийм байдлаар харж болохгүй л дээ. Энэ бол сэтгэлгээний хоцрогдол. Аливаа ажлыг гацаадаг, хойш нь чангаадаг гол хүчин зүйл болчихоод байна.
-Таны сонгогдсон тойрогт ураны олон орд бий. Францын “Арева” групп цөөнгүй лиценз эзэмшдэг. Тэд бидэнд хэзээ үр ашгаа өгөх бол?
-Ер нь бид байгалийнхаа баялгийг тодорхой хэмжээгээр ашиглаж, төсвийнхөө орлогыг нэмэгдүүлж, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх ёстой. Тэр ч утгаараа уул уурхайн орлогоос иргэддээ хувь, хишиг хүртээнэ гээд бүр хуульчлаад заачихсан сууж байгаа шүү дээ. Тиймээс аль болох олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай томоохон хөрөнгө оруулагч, группуудтэй хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулах нь зүйтэй. “Арева” групп бол Дорноговьд миний мэдэхийн 10 гаруй жил ураны хайгуул, судалгааны ажил хийж, “Улаанхар” гэх мэт томоохон орд газар нээн илрүүлсэн. Сүүлийн хоёр, гурван жилд уг ордыг ашиглах асуудлаар Засгийн газарт санал тавьж, тодорхой санамж бичиг байгуулах зэргээр ажил явж байгаа.
Нэгэнт бидэнд уранаа өөрсдөө ашиглах боловсон хүчний болоод эдийн засгийн боломж бололцоо байхгүй учраас дэлхийн хэмжээнд туршлагажсан энэ мэт томоохон компаниудтай харилцан үр ашигтай гэрээ байгуулж, яаралтай ашиглах нь зүйтэй гэж үздэг. Гадныхантай гэрээ байгууллаа гэхээр л аваад явчих гэж байгаа юм биш. Өнөөдөр манай улс бүрэн эрхт, тусгаар тогтносон, хил гаальтай орон биз дээ, энэ чинь. Тэгэхээр гэрээ хийсэн болгон манай баялгийг зүгээр шуудайлж аваад явчихдаг юм биш ээ. Бид өөрсдөө хувь эзэмшье гэж байгаа бол хөрөнгө оруулалт буюу зардлын тодорхой хувийг гаргах л ёстой. Ямар ч баялгийг ашиглах, олборлоход зардал гарч л таараа. Зардал гаргахгүйгээр ашиг хүртдэг ёс хаана ч байхгүй. Баялгийн эзэн гэдэг утгаараа бол бүх төрлийн татвараа бид авчихна. Миний хамгийн гол сэтгэл дундуур байдаг зүйл бол цаг хугацаа алдаж байгаа байдал. Хангалттай л ярилаа шүү дээ. Одоо ашиглах, үр шимийн нь хүртэх цаг болсон.
-Татвар гэснээс манайх гэнэтийн ашгийн татвараа үгүй хийхээр болсон. Гэтэл Австралид шинээр тогтоож байна. Энэ чинь манай баялаг олон улсын түвшинд өрсөлддөг гигантуудын өгөөш болж байгаа хэрэг биш үү?
-Заавал тэр утгаар нь харах албагүй л дээ. Тухайн улс орнууд өөртөө ашигтай байдлыг тооцоолж байгаад л ямар татварыг хэдэн хувиар тогтоохоо шийднэ. Манай орны хувьд бусад төрлийн татваруудаа аваад явж байхад нэг их алдаад байх юм байхгүй. Уул уурхайн төсөл гэдэг он удаан жил үргэлжилдэг эд шүү дээ. Тэр газрын дор булуутай байгаа зүйлийг гаргаж ирэхийн тулд маш их хөрөнгө зарна. Тиймээс удаан хугацаанд татвар авна л гэсэн үг. Харин бид эрдсийн түүхий эдээ аль болох нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох гэх мэт бусад боломжууд руу хөрвүүлэх талаар л анхаарах ёстой юм. Үүний тулд дэд бүтэц, эрчим хүчний хэрэгцээ асар их шаардлагатай. Үүнд үйлдвэр аж ахуйн газар байгуулахаас ч илүү зардал, хөрөнгө оруулалт шаардагдана. Бид үнэхээр дэд бүтцээ хөгжүүлэх чиглэлд хойрго байна. Нэг зам тавих гэж л 10 гаруй жил яриад байвал хэзээ нь хөгжих юм бэ.
-Аж үйлдвэрийн парк байгуулна гээд л яриад байгаа. Тэгвэл үүнд 10 байтугай жил шаардлагатай байх нь ээ?
-Хөгжлийн асуудлыг зөв дэс дараатай ярьмаар байгаа юм. Эхлээд төмөр зам, авто зам, эрчим хүчний эх үүсвэр гээд дэд бүтцээ хөгжүүлчих юм бол түүнийгээ дагуулж боловсруулах үйлдвэр, бусад цогцолборыг байгуулахад ядах юмгүй. Бас нэг асуудал нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарлдагатайг нарийвчлан тооцсон техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаагүй, хийгээгүй байж шууд л барьж байгуулах тухай ярьдаг. “Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиална” гэдэг шиг хэн, хаанаас хөрөнгө оруулах, яаж хийх нь тодорхой болсон хойно л барих асуудлыг ярих ёстой. Гэтэл өнөөдөр энд ч барина, тэнд ч барина гээд бүс нутгууд дээр маргаж байна. Багануурт хүртэл хүнд үйлдвэрийн цогцолбор байгуулна гээд нэвтрүүлэг гарч байна билээ. Үнэндээ тогсон болгоныг аж үйлдвэрийн цогцолбор болгоно гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин байршлаараа давуу талтай газрууд л түрүүлж хөгжинө.
-Том төсөлд том л хөрөнгө оруулалт шаардлагатай нь ойлгомжтой. Манай үндэсний компаниуд нэгдэж эхэлсэн. Тэд том хөрөнгө оруулагч болж чадах болов уу?
-Манайд нэг зовлонтой юм байдаг л даа. Нэгдэж өгдөггүй. Газар тариалан хэдэн жил хөсөр хаягдсан нь хүн бүр хар амиа бодсоных шүү дээ. Тэгээд “Атрын III” аяныг зарлан байж жаахан сэргэлээ. Өөрсдөд нь хүч байгаа хэрнээ нэгдэж, нийлдэггүй нь бидний том дутагдал. “Монгол 999” гээд үндэсний компаниуд нэгдэж байгаа нь сайн хэрэг. Ингэж байж л урагшилна. Гэхдээ тэд дэд бүтцийн том төслүүдийг дангаараа хэрэгжүүлчих хөрөнгө гаргаж арай чадахгүй болов уу. Бас л энэ баялагаа барьцаалах юм уу, ямар нэгэн аргаар гаднаас л эх үүсвэр олох байх.
-Уул уурхай тойрч нэлээн ярилаа. Танаас төсвийн талаар асуухгүй өнгөрөгч болохгүй байх. Төсвийн алдагдал талийж өглөө. Энэ завхралын шалтгаан нь юу вэ?
-Уг нь манай төсөв алдагдалгүй гардаг л байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал болон янз бүрийн шалтгаанаар нэмэгдээд эхэллээ. Улс төрийн амлалтууд, халамжийн хавтгайрал төсвийг ийм байдалд оруулж байгаа нь үнэн. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан. Гэвч энэ их баялагтай, өргөн уудам нутагтай орны хувьд харамсмаар зүйл олон байна. Төр, хувийн хэвшлийн алинд ч зүтгээд наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй зовж байгаа хүн олон байна. Ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг зүгээр л лоозогносон, тайлагнасан хэлбэртэй боллоо. Энэ бол яах аргагүй төрийн бодлого алдагдсаны тод илрэл. Ийм байдлыг богино хугацаанд өөрчлөх шаардлагатай. Үндсэндээ улс төржилт хэтрээд байна гэх үү дээ. Гэхдээ өөрсдөө нэгэнт шийдчихсэн халамжийн бодлогоо одоо үгүйсгээд, буруутгаад байх нь улс төрчийн хувьд зохимжгүй юм.
-Сонгуулийн системийн хувьд та ямар байр суурьтай байна?
-Ийм цөөхөн хүн амтай байж маш өндөр зардлаар нүсэр сонгууль явуулж, мөнгө тараагаад л. Сонгуулийн системийг улс төрийн ач холбогдол талаас нь авч үзээд байгаа болохоос ард иргэдийн амьдралтай уялдуулахгүй байна шүү дээ. Улс орны хөгжил дорвитой урагшлахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ гэж би үздэг. Сонгогчдынхоо тоог бодоод үзэхээр 76 жижиг тойрог байх нь үнэхээр утгагүй. Энэ нь олигархиуд, янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүс улс төрд орж ирэх нөхцөл болдог. Тиймээс би энэ системийг бүрмөсөн өөрчлөх, эс бол бүр Ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэн ч яах вэ гэж боддог. Өнөөдөр нам, бүлэглэлүүд сонгуулийн системийг ярихдаа зөвхөн өөсрдийн эрх ашгийн үүднээс л ханддаг болохоос яг ард түмний язгуур эрх ашгийн төлөө явахгүй байна.
-Та яг одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Би Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хууль яг өнөөдрийн зах зээлийн нөхцөлд үүсээд байгаа шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ихээхэн ач холбогдолтой. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, чанар стандарт гээд бүх л асуудлыг цогцоор нь зохицуулахаар тусгасан байгаа. Өнгөрсөн даваа гарагт Байнгын хороогоор орсон. Энэ долоо хоногтоо багтаад УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийнэ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ярилцсан: Ч.Дашдэлэг