Г. Баярсайхан: Амбицтай төслийг одооноос эхлэх хэрэгтэй
2010.07.25

Г. Баярсайхан: Амбицтай төслийг одооноос эхлэх хэрэгтэй

УИХ-ын эрхэм гишүүн Г.Баярсайхантай улс төр, байгаль, экологийн сэдвээр ярилцлаа.

-Таны С.Оюун, Д.Энхбат гишүүнтэй хамтарч мод тарьж хамгаалж байгаа Төрийн ордны хойд цэцэрлэгт парламентын ордон босох нь дээ. Ирэх намар барилгын ажил эхлэх бололтой. Уг нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд үүнийг дэмжээгүй санагдаж байна. Гэтэл сүүлд тийм шийдвэр гаргасан юм уу?

-Энэ бол УИХ-ын шийдвэрээ гаргах асуудал. Хараахан тийм шийдвэр гаргачихаагүй байна. Бид энэ асуудалд тодорхой байр суурьтай хандаж байгаа. Монголын төр байгаль орчинд ээлтэй бодлого явуулна гээд дотооддоо байтугай дэлхийд зарлачихсан. Төрийн ордны хойд цэцэрлэг төрийн ээлтэй бодлогын нэг хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Монголын төр тэр бодлогоо зөрчиж өөрийнхөө гараар цэцэрлэгийг сүйтгэх үү, үгүй юү. Бид хажууд байгаа цэцэрлэгээ нураачих юм бол аман дээрээ сайхан яриад ачир дээрээ өөр бодолтой байдаг юм байна гэж сонгогчид ойлгоно. Ордонтой байх уу, үгүй юү гэсэн асуудлыг УИХ өөрөө мэднэ. Гишүүд шийдийг нь гаргана.

Үнэнийг хэлэхэд Монголын төр өнөөдөр ордон, шорон хоёрт их анхаардаг болоод байгаа. Сайхан сайхан газрыг шинэ хорих анги барихад олгодог болсон. Шоронгийн барилга орчин үеийн шинэ сайхан болоод байхад эмнэлгүүдийн барилга хагас зуун жил өнгөрөөд нурж унах гээд байж байна.

-Үгүй ядаж амаржих газар барих газар олдохгүй. Хуучин амаржих газруудад халдвар гарч нялхас эндээд байгаа шүү дээ?

-Харин тийм, ордон, шорон хоёрт газар олдоод, Монголын ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийн төрж байгаа газруудыг харахад үнэхээр нүд халтирам хэцүү байгаа. Монголын төр ёс зүйтэй байх хэрэгтэй. Ордон, шорон хоёр бариад улс орон хөгжих үү гэдгийг бодох ёстой. Барьсан ордонтой зэрэгцээд авлига цэцэглэж байгааг ойлгох хэрэгтэй. Ордныхоо тоогоор бид дэлхийд тэргүүлбэл тэргүүлэхээр болсон байгаа шүү. Төрийн ордонг дээдлэхээ больж төрөхийн ордон барья.

-Намар цэцэрлэг дотор ордон барих гээд машин техник ороод ирвэл яах вэ?

-УИХ дотор ойлголцол явж байгаа. Төрийн тусгай ажилтнуудын эмнэлгийг буулгаж өөр тийш шилжүүлж барих хөрөнгийг шийдсэн шүү дээ. Парламентын ордон барья гэвэл тэр эмнэлгийн буурин дээр барих хэрэгтэй. Хотын төвд эмнэлэг байна гэдэг бол орчин үеийн ойлголтоор өөр болсон. Наанадаж эргэн тойрон машин сигналдаж, автобус хангинаж, хорт утаа гаргаад байхгүй тийм эрүүл орчинд эмнэлэг байх ёстой. Хотын захдуу тайван орчинд л хүн эрүүл болно. Анх энэ эмнэлгийг барьсан 70-аад жилийн өмнө энэ хавь нам тайван орчин байсан байж таарна. Харин одоо бол 24 цагийн турш машины цуваа, чимээ тасрахаа больсон. Тэгэхээр өвчтэй хүмүүсийн эмчилгээ, үйлчилгээнд яаж нөлөөлөх нь тодорхой. Тэр хэмжээгээр эмчилгээний зардал өснө. Хотын төвд байгаа энэ эмнэлгийг энэ шалтгаанаар нүүлгэх ёстой. Ерөөсөө ч хуучирч муудаад аваарийн байдалд байгаа эмнэлэг. Тэгвэл парламентын ордноо тэнд бариад цэцэрлэгээ үлдээж болно.

-Төрийн ордны ачаалал хэтэрч, гишүүдийн өрөө давчдаад байгаагаас Парламентын ордныг яаралтай барья гэсэн шийд гарсан гэж сонссон?

-Өрөө багадлаа гэж гомдол гаргасан УИХ-ын гишүүнийг би мэдэхгүй юм байна. Уг нь одоохондоо тэр хөрөнгөөр нийтийн номын сан, эмнэлэг барьж, нийслэлийн авто замыг янзалмаар байна.

-Кувейтийн тал эхлээд Парламентын ордонд хөрөнгө өгье. Түүнийг барьсны дараа бусад хөрөнгийг өгье гэж тохиролцсон дуулдсан?

-Кувейтийн ард түмний сайхан сэтгэлийн бэлгийг УИХ-д биш ард түмэндээ, тэдний сайн сайханд зориулж яагаад болохгүй гэж.

-Төрийн ордны дэргэдэх хуучин хэвлэх үйлдвэрийн балгасыг буулгаад ордноо барьж болохгүй юү. Энэ талаар асуухад хариу өгөх албан тушаалтан гарахгүй юм?

-Хотын төвийн хуучин барилгуудыг ер нь шинэчлэх хэрэгтэй. Гай хэлж ирэхгүй. Газар хөдөлбөл ихэнх нь нурна шүү.

-Би хэвлэх үйлдвэрийн буурин дээр ордноо барьж болохгүй юү гэж л асуугаад байна?

-Харин тэнд шууд Парламентын ордноо барьчих хэрэгтэй шүү дээ. Төр газраа мэддэг л юм бол барих хэрэгтэй. Цэцэрлэг сүйтгүүлэхгүй гэдэг байр суурь дээр манай УИХ-ын эко ногоон бүлгийн гишүүд хатуу зогсоно. Тэнд улстөржих юм юу ч байхгүй. Ногоон бүлэгт Ардчилсан нам, МАХН аль алиных нь гишүүд байна. ИЗН, Ногоон нам бүгдээрээ байна. Ийм байхад яагаад улстөржинө гэж. Зарим албан тушаалтан тэгж хэлсэн байна лээ.

-Тэд цэцэрлэг дотор ордны суурь тавих ажлыг эсэргүүцэж дийлэх үү?

-Гараад зогсоно, бид. Мод бут сүйтгэлгүй ордон барина гэдэг үлгэр байхгүй. Дээр нь байшин бариад доор нь цэцэрлэг ургуулна гэж шинжлэх ухаанд байхгүй юм яриад нэмэргүй.

-Танай эко бүлгийнхэн үүнээс гадна ямар ажил хийж байна. Хэдэн гишүүнтэй билээ?

-Хойд цэцэрлэгт ордон бариулахгүй гэж 26 гишүүн нэгдээд, гарын үсэг зураад байгаа. Байгаль орчинд ээлтэй наад зах нь 26 гишүүн байгаа гээд ойлгочих. Нэгдсэн бүтцийн байгууллага биш болохоор санал бодлоо хуваалцаад уулзаад явцгаадаг.

-Байгаль орчинд ээлтэй хууль гаргах талаар гишүүд юу хийж байгаа вэ?

-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийг эко гишүүд гэж бас ойлгох хэрэгтэй. Бид сая Ус хөтөлбөр батлууллаа. Усны хомсдолтой үед ямар аргаар уул уурхайн үйлдвэрлэл явуулах вэ, ямар бодлого баримтлах вэ гэдгийг зааж өглөө. Монгол хүнийг эрүүл ахуйн найдвартай ундны усаар хангах гол том зорилт тавьсан. Асар их хөрөнгө оруулалт шаардлагатай, 2021 он хүртэл үргэлжлэх хөтөлбөр гаргалаа. Байгаль орчны салбарт том эргэлт гаргах бас нэг хууль баталсныг дурдах хэрэгтэй. Гол ус, ойн сав газарт ашигт малтмал эрэх хайх, олборлохыг хориглосон хууль гаргасан. Их том агуулгатай тул хэрэгжүүлэхэд хугацаа шаардагдаж байна. Эсэргүүцэл ч тулгарч байна. Гэхдээ Монголын төр уул уурхайгаа ч ашиглана. Байгаль орчинд ээлтэй технологи ч нэвтрүүлнэ, хамгаална.

-Ой, усны сан, савд лицензтэй компаниудын лицензийг цуцалсны хариуд асар их нөхөн төлбөр олгохоор болоод байгаа шүү дээ. Түүнийг яаж шийдэх вэ?

-Компаниуд нөхөн олговор нэхэж байна. Гэхдээ тэдний байгаль орчинд учруулсан хохирлыг Монголын төр бас үнэлнэ гэдгийг бодох хэрэгтэй шүү. Хохирол бас нэхнэ шүү, тэднээс. Компаниудаас нийт 200 гаруй тэрбум төгрөг нэхэж байгаа. Нийт цуцлах 1000 гаруй лиценз байгаа. Түүнээс ашиглалтын лиценз 300 гаруй байсан байх. Хуулийг хэрэгжүүлэхээр холбогдох яамд ажиллаж байна. Манай байнгын хороо ч шавдуулж байгаа.

-Утаагүй Улаанбаатар хөтөлбөрөө баталчихлаа. Ирэх өвөл нийслэлийн утаа багасах болов уу?

-Хөтөлбөр урт хугацаанд хэрэгжинэ. Ирэх өвөл утаатай хэвээрээ байна. Ганц жилд засрахгүй л дээ. Үндсэн хуульд эрүүл, аюулгүй орчинд монгол хүн амьдрах ёстой гэж заасан. Өнөөдөр Улаанбаатар эрүүл орчин биш болсон. Иргэдээ ийм орчинд амьдруулж байгаа төр хариуцлага хүлээх л ёстой. Яг ид утаатай үед нь Улаанбаатарыг гамшгийн бүс гэж зарламаар байгаа юм. Иргэдэд нь үнэгүй сүү өгөх ёстой.

-Энэ хэрэгжинэ гэж үү. Цайны сүүгээрээ хангаж чадахгүй гаднаас меламинтай, меламингүй сүү авч ууж байхад…?

-Энэ бол инээдэм биш, Их Хурлын гишүүний хувьд албан ёсоор хэлж байна. Өвөл нийслэлийнхэн химийн лабораториос хэд дахин илүү хортой нөхцөлд амьдарч байгаа шүү.

-Одоо хоёулаа арай “том” экологи руу оръё. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж зундаа асар халуун, өвөлдөө тэсгим хүйтэн байдаг боллоо. Сэрүүн цаг агаартай монголчууд бидэнд зуны аагим халуун дасал болох гэж байхад халуун орнуудад эрс хүйтэрч хүн осгож үхэж байна. Энэ тал дээр та экологич хүний хувьд юу хэлэх вэ. Ийм байдал зуршил болох юм биш байгаа?

-Яваандаа зуны огцом халалт, температурын савалт энгийн жирийн үзэгдэл болно. Сүүлийн 100 жилийн прогноз гарсан байдаг. Түүгээр бол зуны огцом халалттай өдөр хоногийн тоо олширно. Өвлийн хүйтрэл хадгалагдаад үлдэнэ. Сая НАСА-гийн эрдэмтэд судалгаа гаргасан байна. Тэд Эверестийн цасны хэмжээг 1921 онд авсан зурагтай энэ онд авсан зургийг харьцуулж үзжээ.  Тэгж үзэхэд өнгөрсөн 89 жилийн дотор Эверестийн цасны 35 хувь хайлж алга болсон нь тогтоогдсон байна. Ийм байхад монголчууд бид нэг их удалгүй мөнх цаст уулс, мөсөн гол гэсэн ойлголтоо мартана. Хангайн уулсын мөнх цаст оргилоос эх авч байгаа гол, горхи ширгэнэ.

-Муу ёрлолоо гэж уншигчид хэлэх вий дээ. Манайхан чинь иймэрхүү сэрэмжлүүлэг хэлэхээр л амны бэлгэ яриад унадаг улс…?

-Муу ёрлосон юм энд огт байхгүй. Дэлхий нийтэд байдал ийм болж байна. Харин энэ айхтар процессийг аль болохоор удаашруулах тал дэр ажиллах хэрэгтэй байна. Үүнд бас дасан зохицож амьдрах ёстой. Өнөөдөртөө бол бид говьд том том стратегийн ордууд ашиглах гэж байна гээд баярлаад, хөөрцөглөөд байна л даа. Тодорхой хэмжээгээр үр өгөөжөө өгөх нь үнэн. Цаашдаа бол байгаль, экологид юу болохыг манай улстөрчид төсөөлөхийг ч хүсэхгүй байгаа.

-Та юу гэж төсөөлж байна, бас л улстөрч шүү дээ?

-Миний төсөөллөөр цөлжилтийн маш том хоёр голомт үүсч байна. Тал тал тийшээ тэлээд явна. Тэгэхээр Тавантолгой, Оюутолгойн баялгийг ашиглаад дууссаны дараа хоёр том баян бүрд үлдээх тийм амбицтай том төслийг одооноос эхлэх хэрэгтэй. Говийн баян бүрд гэдэг чинь заган ойтой, сайхан устай, галуу шувуу чуулсан тийм газар байдаг. Тавантолгой, Оюутолгой гэсэн баян бүрдүүд хойч үед үлдэх ёстой.

-Өнгөрсөн өвлийн зуднаар 43 сая малынхаа найман саяыг тавиад туучихлаа. Малчид цаашдаа аж ахуйгаа яаж авч явах хэрэгтэй вэ. Та түрүүн дасан зохицол гэж хэлсэн дээ?

-Гол асуудал юунд байна вэ гэвэл байгалийн араншин хүнээс хамаарахгүй. Байгалийн элюминацийн хууль гэж бий. Түүгээр яадаг вэ гэвэл тухайн биологийн төрлийн тоо толгой хэтрээд ирэхээр байгаль өөрөө зохицуулалт хийж, жамаараа 25 хувийг нь үгүй хийдэг. Тэр хууль Монголын мал аж ахуйд үйлчилсэн. Хуулиараа бол тэр 40 сая малаас бүр 10 сая нь хорогдох байсан. Амьдрах чадвар сайтай мал нь үлдсэн гэж ойлгох хэрэгтэй.

-Цаашдаа нүүдлийн мал аж ахуйг суурьшуулах хэрэгтэй болох уу?

-Бас үгүй юм. Монгол Улс эрчимтэй хөгжинө. Манай газар нутаг уудам. Үүнийг эзэнтэй байлгахын тулд нүүдлийн мал аж ахуйгаа авч үлдэх ёстой. Зах хязгаар нутагтаа нүүдлийн мал аж ахуйтай малчид маань л эзэн сууж өдийг хүрсэн шүү дээ. Төрөөс тэднийг дэмжих гээд сая Монгол мал хөтөлбөр баталлаа. Гол нь малчдаа хариуцлагажуулж, малаа эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Эрчимжсэн мал аж ахуйг томоохон суурин газрын ойролцоо хөгжүүлэх нь тохиромжтой. Дандаа ийм болгочихвол хязгаар нутаг эзэнгүйднэ.

УИХ-ын гишүүд өөрсдөө бас үлгэр үзүүлэх ёстой. Малчдаа уруу татаад наадамдаад явах хэрэггүй. Манай гишүүд найр наадам гэхээр дагаад алга болдог. Тэгвэл өөрсдөө хэд хоног агаарт гарангаа хадлан хадъя л даа. Яагаад болохгүй гэж. Тойргийнхоо малчдыг шахаж өвсийг нь бэлтгүүлье. Монголд цагаан сар, улсын наадам л байг. Тэр олон ой тэмдэглээд яах юм.

-Байгалийн хадлан ургахаа больсон юм шиг байна. Тарималжуулбал яах бол?

-Эрчимжсэн хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, нүүдлийн мал аж ахуйгаа цогцоор нь хослуулаад явах нь зүйтэй гэсэн эрдэмтдийн судалгаа, санал байдаг. Мал аж ахуйг заавал эрчимжсэн газар тариалантай хослуулах цаг ирээд байна. Тэндээ малын тэжээлээ мэдээж үйлдвэрлэнэ.

-Магадгүй, хэдэн жилийн дараа экологийн сэдэв улс төрийн гол асуудал болсон байж мэднэ. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

-Дэлхийн том гүрнүүдийн төрийн бодлогын салшгүй хэсэг нь үнэхээр байгаль орчноо хамгаалах асуудал боллоо. Сая Мексикийн тохойд “Бритиш петролеум” компани нефть алдаж бөөн хэрэг мандлаа. Тэгэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийнхөө хүчийг харууллаа шүү дээ. Дэлхийн гигант, баян тэр компанийн удирдлагыг АНУ-ын Конгресс дээр дуудаж авчраад сонсгол явууллаа. Тэр компани 20 тэрбум ам.долларыг нөхөн төлбөрт өгөхөөр боллоо. Хөрөнгө оруулагчдынхаа хувьцааны ашгийг хоёр жил хойшлуулаад тэр мөнгийг гаргахаар болж байна.


Манай Мэнэнгийн талд гаднын компаниуд асар их нефть асгаж тэр сайхан онгон талыг хэчнээн сүйтгэж байгаа билээ. Эх газарт нефть алдах, далайд алдах цаагураа яг ижил. Байгальдаа л алдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр гадна дотнын гэж ялгахгүйгээр байгальд сөрөг нөлөө үзүүлж байгаа том компаниуд хариуцлага хүлээхгүй юм бол манай УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд удирдлагыг нь дуудаж авчирч байх хэрэгтэй. Хариуцлага асууж байх хэрэгтэй. “Бороо гоулд” эд нарын толгойг илээд байх хэрэггүй. Ажлын хэсэг гаргаж очиж үзэхээс гадна дуудаж ирүүлж шалгах хэрэгтэй юм.

-Ер нь тэгж ирүүлж болох уу?

-Ирэх намраас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гадаад, дотоодын компаниудыг байнгын хороон дээрээ дуудна гэж бодож байгаа. Төрийн бус байгууллагуудыг оролцуулж байгаад ярилцах хэрэгтэй. Монголын төр юмандаа эзэн байх ёстой. Манай ногоон бүлгийн гишүүд үүнийг дэмжиж байгаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.