Г.Баярсайхан: Усыг ашигт малтмалын хэмжээнд авч үзэж, үнэлэх хэрэгтэй
2010.07.21

Г.Баярсайхан: Усыг ашигт малтмалын хэмжээнд авч үзэж, үнэлэх хэрэгтэй

УИХ-ын хаврын чуулганаар эдийн засгаас гадна байгаль орчны салбарт чухал томоохон зарим тогтоол, хуулийг баталсан. Үүний нэг нь "Ус" үндэсний хөтөлбөөр. Үнэгүй, бас хязгааргүй мэтээр үл хайхран орхисноор манай улсын гадаргын болон гүний усны нөөц эрс багасч буй. Тэгвэл усны талаар төр нэгдсэн бодлоготой болжээ. Чандмань эрдэнэ ус тойрсон сэдвээр УИХ-ын экологич гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Ус хөтөлбөрийн гол агуулгыг танилцуулаач?

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн салбарын үйл ажиллагаа, хүний буруугаас болоод сүүлийн хэдхэн жилд манай улсын гадаргын болоод гүний усны нөөц эрс буурсан. Тиймээс "Ус" хөтөлбөрөөр усны асуудлыг төрөөс зохицуулахыг зорьсон. Уул уурхайн салбар түлхүү хөгжиж байгаа энэ үед ялангуяа энэ асуудлыг анхаарах ёстой. Мөн иргэд эрүүл, стандартын шаардлага хангасан ус хэрэглэж, түүнийгээ зүй зохистой ашиглах, усаа хамгаалах, нөөц бүрдүүлэх асуудлыг зохицуулсан байгаа. Усаар гачигдаад ирвэл улсын хөгжил саарна. Хөтөлбөр хэрэгжсэнээр хот суурин газрын хүн амын 70, орон нутгийнхны 60 хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах юм. Үүнийг 2010-2015, 2016-2021 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Усыг зөв зохистой хэрэглэх, хамгаалахаас гадна нөөц бүрдүүлэх нь их чухал. Бороо, цас зэрэг хур тунадасыг хуримтлуулах замаар усны нөөц бүрдүүлэх талаар бас тусгасан. Хэчнээн газар ийм усан сан байгуулах юм бол?

-Одоогоор хаана, хаана усан can байгуулах талаар тодорхой зүйл байхгүй. Инженерийн том байгууламж учир судалгаа хэрэгтэй. Усан санг тухайн компани өөрийн хөрөнгөөр байгуулсан бол төр урамшуулж, дэмжинэ. Боломжтой бүх л газар усан сан байгуулна. Мөн хэмнэлтийн өндөр технологийг эх орондоо нэвтрүүлэх хэрэгтэй. Бас нэг чухал асуудал нь ашигласан усаа цэвэршүүлээд буцааж хэрэглэх. Энэ талаар тодорхой заалт хөтөлбөрт тусгасан. Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн томоохон ордын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд ус чухал. Тиймээс гидрогеологийн судалгааг сайн хийх хэрэгтэй байна.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ. Үүнийг ямар эх үүсвэрээс хэрхэн олох вэ?

-Гурвал их наяд гаруй төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Эх үүсвэрийг уул уурхайн баялгаас олох орлого, гаднын хөрөнгө оруулалтаас бүрдүүлэхээр тооцсон.

-Сүүлийн 10 жилийн дотор гадаргын усны 30 хувь нь ширгэсэн гэсэн мэдээлэл байдаг. Гүний усны тухайд ийм тооцоо, судалгаа бий юү?

-Эрдэмтэд энэ талаар судалгаа хийсэн байна лээ. Монгол Улсын гүний усны хэмжээ 2-12 метрээр буурсан байна. Энэ бол ноцтой дохио.

-Гүний усыг стратегийн бүтээгдэхүүнд тооцох талаар Та санал гаргаж, салбарын эрдэмтэдтэй уулзаж байсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ, хэр ахицтай байна?

-Монгол Улсын хамгийн үнэтэй стратегийн бүтээгдэхүүн бол ус. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрс хомсодсон ч орлуулах боломжтой. Гэтэл усыг орлуулах аргыг нээгээгүй байна. Тиймээс би эрдэмтдийнхээ саналыг сонссон. Усны зохист хэрэглээг хэвшүүлэхийн тулд үнэлгээг нь дэлхийн зах зээлийн хэмжээнд хүргэж, хэвшүүлэх ёстой. Ийм зарчмын байр суурийг эрдэмтэд илэрхийлсэн. Энэ асуудлыг хөөцөлдөж байна. Усыг ашигт малтмалын хэмжээнд авч үзэж үнэлэх хэрэгтэй. Төр цаашид үүнд бодлого явуулна гэдэгт итгэлтэй байна. Манай олон гишүүн дэмжиж байгаа.

-Манай улсад ус бараг үнэгүйтэй адил байгаа. Оюутолгойн гэрээгээр хөрөнгө оруулагчдад нөөцийг нь илрүүлсэн усаа үнэгүй хэрэглээд, харин ч түүнээсээ оршин суугч монгол иргэдэд зарах эрх олгосон. Энэ нь газар дорхи баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл юм биш үү?

-Оюутолгойн хөрөнгө оруулагчдад гүний усыг эзэмших боломж олгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж би хувьдаа үздэг. Үнэндээ уул уурхайн салбарын лообий асар хүчтэй байна. Гадныхан манай улсын бүх л баялгийг үнэгүйдүүлж авах сонирхолтой. Тэр тусмаа бид өөрсдөө усаа анхаарахгүй байхад тэд ингэж үзэх нь тодорхой шүү дээ. Тиймээс үнэгүй, хар ус гэж үздэг сэтгэлгээнээсээ бид салмаар байна. Үүнийг стратегийн бүтээгдэхүүнд тооцох ёстой. Тэгэхгүй бол хэдхэн жилийн дотор гамгүй хэрэглэж дуусгачихаад дараа нь ОХУ, БНХАУ-аас ус импортлох уу. Дэлхийд гүний усны хамгийн бага үнэлгээтэй нь Монгол Улс байна.

-Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа усыг үл анхаарсан юм байж. Тавантолгойн ордод энэ алдаагаа төр давтчих юм биш биз?

-Тавантолгой бол 100 хувь төрийн мэдлийн орд байх учраас нөхцөл байдал арай өөр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.