Д.Ганхуяг: Бид Оюутолгойн гэрээний 34 хувиа худалдан авч байна
2010.04.15

Д.Ганхуяг: Бид Оюутолгойн гэрээний 34 хувиа худалдан авч байна

-УИХ-ын тогтоолын шийдвэр бүрэн хэрэгжээгүй-

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай уул уурхай болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Оюутолгойн гэрээний урьдчилгаа гэж яригдаж байсан мөнгө зээл хэлбэрээр орж ирлээ. Амласанаа биелүүлэх гэж улайраад баялгаа гадныханд зүгээр өгчихөж байгаа юм шиг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюутолгойн төслийг УИХ 40,57 дугаар тогтоолоор батлахдаа хүүтэй зээлийн урьдчилгаа биш, харин ашгийнхаа урьдчилгаа төлбөр болгож, аваарай гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, хүүтэй зээл биш. Тэр нь ирээдүйд авах нөөц, аж ахуйн нэгжийн орлогын татвараас урьдчилгаа ав гэсэн үг. Харамсалтай нь зээл хэлбэрээр орж ирсэн. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын тогтоолын шийдвэр бүрэн хэрэгжээгүй гэж хэлж болно.

-Яг хэдэн хувийн хэр хугацаатай зээл гэдгийг нь та мэдэх үү?

-Зээл хоёр хувиас дээш бол хөнгөлөлттэй гэж явдаг. Харин энэ зээл хоёр буюу түүнээс их юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Хөрөнгө оруулагчтай гэрээ хийж байгаа юм чинь УИХ-д энэ тогтоол хэрэгжихгүй байна гээд оруулаад ирэх ёстой байсан юм. Тэгээд үүнийг өөрчлөх ямар хувилбар байгааг хамтдаа хайсан бол аль аль талдаа ашигтай байсан.

-Өндөр хүүтэй зээл авч улс төрийн гол хүчнүүд сонгуулийн амлалтаа биелүүлнэ гэдэг хэр зүйтэй алхам юм бол?

-Ашигт малтмалаас иргэддээ хувь, хишиг хүртээх асуудал нь халамжийн бодлого биш. Угаасаа амласан хувь хүртээх ёстой тэр бодлогынхоо хүрээнд Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдсан. Энэ жилийн тухайд тус санд 324 тэрбум орчим төгрөг төвлөрнө. Нэг хүнд 120 мянган төгрөг ногдож байгаа. Гэхдээ 120 мянган төгрөгийг шууд бэлнээр үү, яаж олгох ю гэдэгт тодорхой зорилт заачихсан. Нийгмийн даатгал, боловсролд ч хөрөнгө зарцуулна. Өөрөөр хэлбэл, 120 мянган төгрөг нь 1.5 саяын 5-6 хувь болно. Тэгэхээр үүнийг бэлнээр олгочих байх. Ийм байдлаар Засгийн газар үйл ажиллагаа явуулж байх шиг байна.

-Хүний хөгжлийн санг ямар хөрөнгөөр бүрдүүлэх юм бэ?

-Нөөцийн татвар болон аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хувиас бүрдүүлнэ. Мөн ганц ажиллаж байгаа Эрдэнэтийн ногдол ашиг гэсэн ийм зүйлээс бүрдэж байгаа.

-Иргэний хөдөлгөөнүүд одоогийн авч байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 250 тэрбум төгрөгийн зээл нь 15 жилийн дараа монголчуудыг элгээр нь мөлхүүлнэ гэж байсан. Магадгүй ийм асуудал гарвал яах вэ?

-Зээлийг ямар ч улс орон, аж ахуйн нэгж авдаг. Ингэж хөгждөг ийм л асуудал. 120,130 тэрбум ам.долларын ашгийг 50 жилийн хугацаанд өгөх их баялагтай том стратегийн ордоо гадныханд өгчихлөө гээд байгаа. Хөрөнгө оруулагч 50 гаруй хувийг эзэмшиж байна. Анхны оруулсан хөрөнгө нь таван тэрбум ам.доллар гэж байгаа. Тэрийгээ ямар ч байсан 10-15 дахин нугалах байх. Гэхдээ үүнийг урьдчилгаа төлбөр хэлбэрээр авах ёстой байсан юм. Нөгөө талаас таван тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч маань олон улсын зах зээл дээрээс босгочихсон. Босгохдоо манай лицензээр босгочихож байгаа юм. Тэгээд бид 34 хувийг нь худалдаж авч байгаа байхгүй юу. Дэлхийн бусад улс оронд хайгуул хийл-гэчихээд, хөрөнгө оруулалтын гэрээгээ баталсны дараа ашиглалтын лицензээ өгдөг. Ашиглалтын лицензээ өгөөд хамтарсан компани байгуулдаг. Улмаар хамтраад нөөцөөр хувьцаа эзэмшдэг. Хамтарч хөрөнгө босгох ёстой.

Дахиад л 34 хувь хүртэл авч байна гээд манай хөрөнгөөр босгочихсон юмыг худалдаж авч байна шүү дээ. Энэ бодлогыг өөрчлөх шаардлагатай. Дараагийн нэг асуудал нь УИХ-ын 57 дугаар тогтоолд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа энэ хувиа 50-д хүргэ гэсэн. Хөрөнгө оруулалтаар нэг тонн зэсийг 4320 ам.доллараар тооцоход 4.7 жил байх. 5500-аар тооцвол 2.5 жил болох юм. Гэтэл Оюутолгойн гэрээг хийхдээ 30 жилийн дараа 50 хувь болгох жишээтэй. Иймэрхүү байдлаар УИХ-ын шийдвэр хэрэгжээгүй. Яагаад хэрэгжээгүй юм бэ гэдэг асуудлыг "УИХ-д тавиач ээ" гэж гэрээ хүчинтэй болохоос өмнө Засгийн газарт тавьсан. Одоо хүртэл ямар нэгэн хариулт өгөөгүй л байна.

-Таван толгойн орд газар Оюутолгойн замналаар замнах вий гэх хардлага нийгэмд байна?

-Хардаж болно. Стратегийн орд учраас Засгийн газар, УИХ ярилцаж шийдвэр гаргах ёстой. Гэхдээ одоогоор уг ордын төсөл нь УИХ-д орж ирээгүй байна.

-"Ард түмний амлалт нэхэх холбоо" өлсгөлөн зарлаад удаж байна. Тэдний тавьсан шаардлага хэр үндэслэлтэй юм бол?

-Энэ нийгэмд ард иргэд парламентаа сонгодог. Сонгосон юм чинь шахаж шаардаж, шүүмжлэх ёстой. Энэ утгаараа болж байна. УИХ-ыг тар ч гэдэг юм уу, санал асуулга явуулна гэдэг нь үү. УИХ өөрөө олонхоороо шийдвэр гаргадаг. Тухайн шаардлагыг хэлэлцээд эрх зүйн үндэслэлтэй эсэхийг харж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

-Хаврын чуулганы эхэнд шахуу хүүхдийн мөнгийг сэргээн олгох талаар хэлэлцэхээ хойшлуулсан байсан. Ямар нэгэн шалтгаан бий юу?

-Бүх гишүүд тойргийнхонтойгоо уулзсан. Та нар хүүхдийнхээ мөнгийг өгөхгүй болчихлоо. Ажилгүй хүмүүс их байна. Монгол Улсын ажлын үнэлэмж бага 300-хан мянган төгрөг авч байна. Цалингийн 30-40 хувь нь хоол хүнс, унаандаа явчихдаг. Яагаад хүүхдийн мөнгийг өгөхөө больчихсон юм гэдэг асуудал нэлээд гарч байгаа. Мэдээж хүүхдийн асуудал чухал. Хүүхдээр хүн ам зүйн бодлого явагдаж байдаг. Манай улсын нэг гэр бүл ойролцоогоор таван ам бүлтэй. Гурван хүүхэд аав, ээж гээд. Үүнийг 120 мянгад үржүүлэхээр 600 мянган төгрөгийн өрхийн орлоготой болчихож байгаа юм. Өмнө нь гурван хүүхдэд нь жилийн 140 гээд 400 орчим мянган төгрөг очиж байсан.

Тэгэхээр 30 орчим хувиар орлого нь нэмэгдэнэ гэсэн үг. Иймээс хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар дараагийн удаа авч хэлэлцэнэ гээд орхисон байгаа. Хүний хөгжил сангаас өгч байгаа мөнгө нь халамжийнх биш. Харин ашигт малтмалаас иргэддээ хүртээж байгаа хишиг юм. Үүгээр дамжуулаад иргэд газрын баялгийг зөв ашиглаж байна уу, эсвэл хэдхэн хүн хуваагаад идэж байна уу гэдгийг хянах бололцоог бий болгож байгаа юм.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.