Д.Ганхуяг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон
УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас цаг үеийн асуудлаар хэд хэдэн асуулт асууж хариулт авсан юм.
-УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэл хийгээд, хөрөнгө оруулалтын гэрээ нь МУ-ын холбогдох хууль дүрмийг зөрчсөн гэж үзэж, УИХ-ын даргад хандсан. Тухайн үед та ч тэр гишүүдийн дунд байсан. Гэвч Оюутолгойн ажил үндсэндээ эхэлчихлээ шүү дээ. Гишүүдийн үг хүчгүйдсэн үү, таг алга болчих чинь?
- Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг УИХ авч үзэх ёстой. Үндсэн хуулинд ч, УИХ-ын тухай хуулинд ч энэ тухай заагаад өгчихсөн байгаа. Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ- ын 40,57 дугаар тогтоол, техник эдийн засгийн үндэслэлийг эргэн харах шаардлагатай байгаа гэж ойлгож байна. Нөгөө талаас Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэл батлагдлаа гэж, хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлдэг л юм байж хамгийн гол нь МУ-ын хууль чухал. Энэ асуудалд санаа зовохгүй байна. Ямар ч байсан УИХ –аар авч хэлэлцэнэ.
-Сүүлийн өдрүүдэд багш нар ч , эмч нар ч цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа төр засгийн өндөрлөгүүдэд дуулгаад авлаа. Ер нь иргэдийн авч байгаа цалин хөлс амьдралд нь хүрэлцэхээ больчихоод байна л даа. Та энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
-Нэгдүгээрт хөдөлмөрийн зах зээл , ажил эрхлэлтийн бодлогын өнцгөөс бүгдийг харах ёстой санагдаж байна. Хоёрдугаарт иргэдийн авч байгаа цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудал маш чухал. Бид хүмүүст бэлэн мөнгө тараахаасаа илүү ажил хийгээд авч байгаа цалин нь, өгч байгаа тэтгэвэр тэтгэмж нь амьдралд нь хүрэлцэх ёстой гэсэн бодлого баримтлах хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж би хувьдаа үзэж байгаа. Ингэж байж л ажил хийж байгаа хүмүүст хэн нэгний гар харахгүй, өөрийн хөлс хүчээ шавхан байж олсон мөнгөөр сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байна.
-Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр нийслэлд амьдарч байгаа нэг иргэний сарын хэрэглээг 365,000 төгрөг гэсэн байсан. Гэтэл манай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000. Энэ дунд асар их ялгаа харагдаж байна л даа?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2007 онд нэмэгдүүлсэн. Одоо инфляци, юмны үнэтэй харьцуулж байгаад дахин нэмэх ёстой гэж бодож байна. Ер нь бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Засгийн газар, салбарын яам энэ тухай асуудалд анхаарч, цаашид авах арга хэмжээгээ ярьж байгаа байх гэж бодож байна.
-Яг үнэндээ зарим нэг иргэд, ажилгүй , ажилтай ч бага орлоготой тэр өрхөд “Хүүхдийн мөнгө” үнэхээр тус дэм болж байсан гэж хэлж болно. Иргэдийн дунд ардчилсан нам цаашид хүүхдийн мөнгийг өгүүлнэ гэсэн хүлээлт их байх шиг санагдсан?
-Манай намын бүлэг дээр ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр иргэн бүрт мөнгө өгч эхэлсэн. Энэ дотор хүүхдийн мөнгө багтсан гэж ойлгож байгаа. Бид “Хүүхдийн мөнгө” гэдэг халамжаа бие даасан байдлаар нь авч явах ёстой гэж бодож байна. Улсын төсвийн цалин, тэтгэвэр тэтгэмж араас нь нийгмийн халамжийн бодлого залгагдаад явах ёстой. Энэ асуудлаар төсвийн тодотгол ч орж ирэх байх. АН-ын ажлын хэсэг ч нэг асуудал оруулж ирэх байх . Ямар ч байсан нааштайгаар шийдэгдэнэ гэж бодож байна.