2010.06.05

Г.Баярсайхан: Хуулийг хэрэгжүүлэхэд асар их эсэргүүцэл тулгарч байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан АМХЭГ-т асуулга тавьжээ. Энэ асуудлаар болон байгаль орчны талаар түүнтэй ярилцлаа.

-Монголын уул уурхайн ордуудын лицензийг гадаадын хөрөнгийн биржүүд дээр зарж, хувьцаа гаргаж худалдан ашиг олж байна гэсэн мэдээлэл байдаг. Энэ асуудлыг АМХЭГ хэр анхаарч ажилладаг юм бол?

-Торонто ба Хонконгийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн компанийн хувьцаа арилжаалагдаж байна. Жишээ нь Хөшөөтийн уурхайн хувьцааны үнийн мэдээлэл АМХЭГ-т нэг өөр, яг зарагдаж байгаа хөрөнгийн бирж дээрээ нэг өөр ханттай байх жишээтэй. Эзэд нь дандаа харийн хүмүүс. Нэг жишээ хэлье. Хятад улс Америкийн үнэт цаасыг асар их хэмжээгээр буюу 800 гаруй миллиард ам.доллараар худалдан авсан байдаг. Тэрнээсээ саяхан 100 орчим миллиард ам.долларыг нь бага багаар зарсан байна. Хятадын Засгийн газар олсон орлогоо илүү найдвартай хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн байна лээ. Интернэт сайтуудаас энэ мэдээллийг шүүгээд үзэхэд хятадууд энэ санд төвлөрсөн мөнгөөрөө дэлхийн томоохон уул уурхайн орд, том компаниудын үнэт цаасыг худалдаж авахаар шийдсэн байна. Энэ юуг хэлээд байна гэхээр тэд манай хараа хяналтгүй ашигт малтмалын лиценз, уул уурхайн ордыг худалдаж авахаар шулуудсан хэрэг. Харин манай Ерөнхийлөгч гадныханд газар нутгаа алдахгүйн тулд АМХЭГ-ынханд лиценз олголтыг зогсоох үүргийг өгсөн нь цаг үеэ олсон зөв шийдвэр. Ер нь замбараагүй лиценз олголтыг зогсоох зайлшгүй шаардлагатай.

-Уул уурхайн орд газрын хувьцаа зарагдаж байгаа асуудалд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, АМХЭГ ямар мэдээлэл өгч байх юм?

-Орд газруудын хувьцаа худалдагдаж байна гэдгийг нь мэдээд байгаа болохоос аль орд газрынх нь тийм ханшаар, ямар хэмжээгээр зарагдаад байгааг мэддэггүй юм шиг байна лээ. Англи хэл дээр гарч байгаа сайтууд руу ороод энэ тухай мэдээлэл аваад байх хэмжээний боловсон хүчин байдаггүй ч юм уу, энэ талаар тун бүрхэг мэдээлэл өгдөг юм байна.

-Энэ замбараагүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж та боддог вэ?

-Бид үндэснийхээ эрх ашигт нийцүүлж Ашигт малтмалын хуулийг дахин шинэчлэх нь газар нутгаа хамгаалж үлдэх хамгийн зөв гарц болох юм. Бас Лицензийн тухай хуулийг ч шинээр батлах ёстой. Газрын баялгаа ухуулаад экологийн сүйрэл амссан Африк, Латин Америкийн улсууд бүгдээр барууныхны зөвлөгөөг дагаж, Голланд өвчинд нэрвэгдэж яваад эмгэнэлт байдалд хүрсэн. Өнөөдөр бид ч гэсэн тэр замаар явж байна. Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулахдаа барууны зөвлөхүүдийн зөвлөгөөг дагаж их нээлттэй хууль баталсны хор уршиг өнөөдөр биднийг ийм хэмжээний хохирол амсахад хүргэсэн. Хэн дуртай нь орж ирээд л манай газар нутгийг авч байна. Бид энэ хуулийг эргэж харах ёстой.

-Лицензийг зарж худалдсаны ашиг, орлого гэж тодорхой хэмжээний мөнгө улсын төсөвт ордог байх. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын төсөвт хэдий хэрийн орлого орсон байдаг юм бол?

-Мэдээлэл алга байна. Энэ талаар АМХЭГ-т асуулга явуулсан байгаа. Хариуг нь хүлээж байна.-Ой, усны эх, сав газарт ашигт малтмал эрж хайх, олборлох тухай хуулийг баталж гаргасан боловч одоо болтол хэрэгжихгүй байна?-Энэ бол бодлогын сайн түвшинд хийгдсэн, сонгодог утгаараа байгаль хамгаалах чиглэлийн гайгүй хууль болж чадсан. Үнэндээ бол экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эх орныхоо онгон байгалийг хамгаалъя гэсэн хэсэг гишүүд энэ хуулийг санаачилсан. Харамсалтай нь бидний нөгөө талд энэ хуулийг хэрэгжүүлэхгүй юмсан гэсэн ашиг сонирхолтой бүлэг байгаа нь нууц биш. Өнөөдөр манайд уул уурхайн олборлолтыг дэмжсэн лобби маш хүчтэй оршин тогтнож байгаа. Тэд энэ хуулийг хэрэгжүүлснээр улсын сан хөмрөгт ордог алтны хэмжээ буурна, эдийн засгийн эргэлт удааширна гэсэн асуудлыг их хөндөж байна. Нэг талдаа ийм байж болох ч уул уурхайн замбараагүй олборлолтыг дэмжсэнээр бид асар их хэмжээний хохирол амсана гэдгээ сайн тооцож байх ёстой. Өнөөдөр бид замбараагүй уул уурхайн олборлолтоос хичнээн гол горхи, нуур цөөрмөө ширгээж, ямар их хэмжээний ой модоо сүйтгэсэнгүй байдал, экологийн аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж, хуулиа хэрэгжүүлэх ёстой Хуулийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал бас тулгарч байна. Эхний ээлжинд ямар компанийн эзэмшил талбай гол ус ойн савны эхэнд байрлаж байна. Хэдий хэмжээний га талбайг эзэлж байна гэсэн координатыг тогтоох хэрэгтэй байгаа. Энэ мэтээр хуулийг хэрэгжүүлэхэд хугацаа алдаж байна. Ингэж хугацаа алдуулах сонирхолтой бүлэг хүмүүс ч бий.

-Компаниуд Засгийн газраас 150 тэрбумыг нэхэж байгаа бол Монголын төр тэднээс байгалийн нөхөн сэргээлтэд зориулах хөрөнгийн хэмжээ, экологийн хохирол учруулсны төлбөр шаардах эрхтэй биш үү?

-Нэхэх эрх бидэнд бий. Монголчууд 1990 оны үед оросуудыг явахад арван миллиард ам.доллар нэхэж л байсан. Энэ бол Монголын байгаль экологийг сүйтгэсний нөхөн төлбөр гэж. Экологийн бодитой нөхөн төлбөр ярьж чадаж байсны нэг жишээ юм л даа. Бид уул уурхайн компаниудаар экологио сүйтгүүлчихээд бодитой нөхөн төлбөр шаардах эрхтэй шүүдээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд цөөхөн компани нөхөн сэргээлт явуулсан. Бусад нь онгорхой нүх үлдээгээд л явсан. Тэрэнд нь хүн мал орж үхэж үрэгдэж байсан. Хариуцлагыг хатуу тооцдог болох хэрэгтэй байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.