М.Өлзийбат: Даатгалгүй этгээдээс болж хохирсон бол хохирлоо барагдуулах бүрэн боломжтой
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө.
Энэ удаад Албан журмын даатгагчдын холбооны Даатгалын сангийн захирал М.Өлзийбаттай ярилцлаа.
-Жолоочийн даатгалын хуулийн зорилгыг юу гэж хардаг вэ. Ямар зарчмыг баримтлах ёстой вэ?
Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа.
Хуулийнд зааснаар даатгал нь дараах зарчимтай болно. Үүнд:
-Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах
-Хохирогчид нөхөн төлбөр олгох
-Даатгалд хамрагдаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх
-Зам, тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах зэрэг.
-Харин Жолоочийн даатгалын сангийн зорилго нь юу вэ?
Даатгалын сан нь жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор байгуулагдсан сан юм.
-Тэгэхээр даатгалгүй буруутай жолооч осол гаргавал танай сангаас хохирлыг нь төлдөг юм байна. Энэ талаараа тодруулахгүй юу?
Жолоочийн даатгалын сан нь 2013 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс нөхөн төлбөр олгож эхэлсэн. 2014 оны 9 сарын 30-ны байдлаар нөхөн төлбөр хүссэн тухай 180 гаруй өргөдлийг хүлээн авч, 100 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг зам тээврийн ослын буруутай этгээдийн өмнөөс олгоод байна.
Энэ нь төрөөс хохирогчийн эрх ашгийг хамгаалах, мөн буруутай этгээдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж буй маш том анхаарал, халамж үйлчилгээ гэж ойлгож болох юм.
-Дээрх тохиолдлоос аль нь илүү их байна? Танай санд хэрхэн хандах вэ?
Жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан этгээд даатгалын тохиолдол ихэвчлэн гаргаж байна. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээний хугацаа дууссанаа мэдэхгүй, даатгалын гэрээнд нэр нь бичигдээгүй иргэд эзлэж байна.
Зам тээврийн осолд холбогдогч талууд тус Холбоон дээр ирж нөхөн төлбөр хүссэн тухай өргөдөл гаргана. Сан нь зам тээврийн ослын буруутай этгээдтэй Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосоннөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ байгуулах бөгөөд буруутай этгээд нь гэрээний дагуу батлагдсан төлбөрийн хуваарийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.
-Даатгалгүй этгээд хохирол учруулсан бол танай сангаас хохирогчид нөхөн төлбөр өгч байгаа. Гэхдээ манай хэлэлцүүлэгт оролцогчид хуулинд заавал даатгуул гэчихээд даатгалгүй бол сангаас нөхөн төлбөр өгч байгааг шударга бус гэж байсан. Энэ талаар юу гэж бодож байна?
Хууль хэрэгжүүлдэггүй зам тээврийн ослын буруутэй этгээдээс болж хохирогч нь хохирч үлдэх ёсгүй. Энэ хуулийн зорилго нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалахад оршиж байгаа.
Гэхдээ буруутай этгээдэд хариуцлага тооцож, арга хэмжээ авна гэж мөн заасан. Өөрөөр хэлбэл Жолоочийн даатгалын хуулийн 28.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгуулийн арга хэмжээ авч байгаа. Түүнчлэн хохирогч даатгалгүй зам хөдөлгөөнд оролцсон бол мөн адил хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
-Даатгалын сангийн хөрөнгө ямар эх үүсвэрээс бүрдэж байгаа вэ?
Хуулинд заасны дагуу Жолоочийн даатгалын сан дараах эх үүсвэрээс бүрдэж байгаа.
- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь
- Хуулийн 28.1.1 буюу даатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон этгээдэд арга хэмжээ авсан торгуулийн 50 хувь
- Манай холбооны даатгагч гишүүн бүрийн тухайн жилд СЗХ-ны батласан тогтоолын дагуу төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ
- Бусад эх үүсвэр буюу зээл, тусламж, хандиваас бүрдэж байна.
-Танай сангаас хохирлоо барагдуулсан хүмүүс их буянтай газар гээд ярьж байсан. Гэхдээ төлбөрөө буцаан өгөхгүй байгаа хүмүүс мэр сэр байгаа гэж сонссон. Энэ тал дээр хэрхэн ажиллах ёстой вэ?
Зам тээврийн ослын буруутэй этгээдтэй Жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгосоннөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх гэрээ байгуулж байгаа. Буруутай этгээд маань гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандах ёстой. Эрх зүйн хувьд өөрчлөх, шинэчилэх асуудлууд бол байгаа, мөн бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.
-Жолоочийн даатгалын сангийн зарцуулалтын талаар тодруулж өгнө үү?
Жолоочийн даатгалын сангийн хөрөнгө нь дээр дурьдсан тохиолдлуудад нөхөн төлбөр олгох, жолоочийн даатгалын мэдээллийн санг бүрдүүлэх, сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх болон зам тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэхээр тусгагдсан байдаг.
Холбоо нь 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Жолоочийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэдэд хуулийн ач холбогдлыг тайлбарлан танилцуулах зэрэг сургалт, сурталчилгааны ажлыг тасралтгүй байнга явуулж байна. Хуульд заасны дагуу дээрх үйл ажиллагааг жолоочийн даатгалын сангаас санхүүжилдэг юм. Орон нутаг дахь салбарууд нь тухай аймагтаа хийсэн ажилаа аймгийн удирдлагуудад болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч буюу төрийн сангийн дарга нарт тухай бүр тайлагнаж ажилдаг байгаа.
-Манай сайтын хэлэлцүүлгийн явцад хөдөө орон нутгийн жолооч нар Тээврийн хэрэгсэл болон Жолоочийн хариуцлагын даатгалын ялгааг сурталчилж таниулахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Энэ талаар танай холбоо сургалт сурталчилгаа явуулахгүй байна гэсэн үг үү?
Хуулийн ач холбогдолыг сурталчилсан ажлыг бүх аймагт явуулж байна. Сургалт, сурталчилгааны явцад тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалыг албан журмын даатгал мэтээр ойлгох иргэд байдаг, мөн даатгалын компани, түүний төлөөлөгч нар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг хийхдээ иргэдийг төөрөгдүүлэн тээврийн хэрэгслийн даатгалд давхар хамруулах асуудал байж болохыг үгүйсэхгүй.
Тээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын арилжааны даатгал учир даатгалын компаниуд энэ талаарх мэдээллийг сайн өгөх хэрэгтэй байх.
Тээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын арилжааны даатгал учир даатгалын компаниуд энэ талаарх мэдээллийг сайн өгөх хэрэгтэй байх.
-Жолооч нар даатгалын компаниудыг нөхөн төлбөрөө удааж байж өгдөг, хүндрэл чирэгдэлтэй ажилладаг гээд шүүмжилж байсан. Энэ тохиолдолд гомдлоо хаана гаргах ёстой вэ?
Хуулийнд зааснаар даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нар нь хохирогч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй байдаг.
Даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол 1 сарын дотор, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг олгох ёстой байгаа.
Дээрх хугацаанд нөхөн төлбөр олгохгүй байгаа бол гомдлоо тус Холбоонд эсвэл Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газарт хандаж шийдвэрлүүлэх эрхтэй.
-Даатгалын хохирол үнэлэгчийг хэрхэн томилдог юм бэ. Үнэлэгч нар хараат бус байх ёстой уу? Даатгалын хохирол үнэлгээтэй холбоотой зардлыг хариуцдаг уу?
Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь бусдаас хараат бус даатгалын хохирол үнэлгээг хийх эрхтэй. Өнөөдрийн байдлаар 19 компани тусгай зөвшөөрөл авсан байна. Зөвшөөрөлтэй байгууллагуудын жагсаалтыг манай вэб хуудас www.ami.mn-ээс мэдэх боломжтой.
Хуулийнд зааснаар даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгалын компани, жолоочийн даатгалын сан хариуцдаг байгаа. Энэ талаар иргэд төдийлэн сайн мэдэхгүй байх. Мөн хохирол үнэлгээний тайлантай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Хохирол үнэлгээчдийн холбоонд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй.
-Зам тээврийн ослоос болж хохироод хохирлоо барагдуулж чадаагүй бол танайд хандаж болох уу. Цаг хугацааны хувьд өнгөрсөн бол яах вэ?
Болно. Иргэн Та даатгалгүй этгээдийн учруулсан хохирлоос үүдэн хохирч, учирсан хохирлоо барагдуулан авч чадахгүй байгаа, түүнчлэн тус Холбоонд өмнө нь хандсан боловч асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй бол манайд хандаж хохирлоо барагдуулах боломжтой. Мөн даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан, даатгалын гэрээний хугацаа дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан бол даатгалын сангийн шуурхай албанд хандах хэрэгтэй.
Даатгалын сангийн шуурхай алба нь жолоочоос шалтгаалан гарсан зам тээврийн ослын талаарх мэдээллийг даатгуулагч, даатгагч, жолооч, хохирогч, иргэдээс хүлээн авч, даатгалын тохиолдлын улмаас хохирогчид олгох нөхөн төлбөрийг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, жолооч хохирогчид бүрдүүлэн ажиллаж байна.