Ц.Цэрэндорж: Доллараас болж километр тутмаас 6 сая төгрөг алдаж байна
Монголын зөвлөх эдийн засагч, тэргүүлэх төсөвчин Ц.Цэрэндорж
2014.10.21

Ц.Цэрэндорж: Доллараас болж километр тутмаас 6 сая төгрөг алдаж байна

Мэргэжил: Эдийн засагч

Ажилласан жил: 50

Туршлага: Барилгын төсвөөр 36 жил, замын  төсвөөр 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 10-аад ном товхимолыг гаргажээ.  

Монгол улсын Зөвлөх эдийн засагч, Тэргүүлэх төсөвчин Ц.Цэрэндоржтой валютын ханшийн огцом өсөлт авто замын салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.

-Валютын ханшийн савлагаа энгийн иргэдээс авахуулаад олон аж ахуй нэгжийг өвдөг сөхрүүлэхэд хүргээд байгаа. Танай авто замын салбарт байдал хэр байна вэ?

Монгол улсын эдийн засгийн байдлын талаар Үндэсний  статистикийн хорооны судалгаагаар 2014 оны долоон сарын байдлаар ДНБ 5,3 хувиар өссөн гэж ярьж байгаа юм. Гэтэл 2013 онд 8,3 хувь байсан.  Инфляцын түвшин 2014 оны эхний долоон сарын байдлаар авч үзэхэд 14,9 хувиар унасан гэсэн мэдээг албан ёсоор өгч байгаа юм. Энэ валютын ханштай холбоотой.

2014 оны байдлаас үзэхэд ганцхан сард инфляци 1,8 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ хурдаар явбал оны эцэс гэхэд 24 хувиар буурах төлөв байгаа юм. Уул уурхайг тооцохгүйгээр 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн ДНБ-ийг бүрдүүлж байгаа ч валютын ханшийн тогтворгүй байдлаас болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар буураад, амьдралын нөхцөл доройтоод, бизнес эрхлэх орчин нөхцөл бас муудаж байна.

Гэтэл үүний хажуугаар засгийн дарамт нь ихсээд, яам болон банкуудын зүгээс янз бүрийн шахалтыг өгч байгаа юм.

Тухайлбал энэ жилийн хувьд замын 396 компани тусгай зөвшөөрөл авсан байгаагийн 7-8 нь ажилтай байна. Энэ хүндрэлийг даван туулахын тулд аж ахуй нэгжүүд хүмүүсээ олноор нь цомхотгож, зарим нь бүр үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоох арга хэмжээг авч эхлээд байна. Ажилгүй орлогогүй хүмүүсийн тоо олширсон.

-Валютын ханшийн эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ. Замын компаниуд яагаад хаалга барихад хүрэв ээ. Цааш учир шалтгаан нь юу вэ?

Тэгэхээр төр захиргааны зүгээс валютын ханшийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нэг ч алга, тийм үүрэгтэй байгууллага ч алга.

Гэтэл ханшийн зөрүүнээс банкууд маш их ашиг олж байгаа юм. Валютын ханш өсөх тусам, монгол төгрөг ихээр хуримтлагдаад банкууд ашиг олоод байна. Тиймээс салбарын яамны зүгээс замын салбарт хойшлуулшгүй арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд үнийн өсөлтийг хязгаарлах тал дээр ажилламаар байна.

-Замын материал түүхий эдийн үнэ хэр их өссөн гэсэн үг вэ. Энэ талаар судлагаа хийсэн гэсэн?

2014 оны 8 сарын байдлаар үнийн судлагааг гаргасан. Замын тендерт орохоос өмнө бүх зардлаа тооцож, төсөвлөдөг. Гэтэл энэ жилийн хувьд арматур гэхэд нэг тонныг нь 1,1 сая төгрөг гэж тооцож байсан ч одоо 1,2 сая төрөг болчихсон. Цемент 140 мянган төгрөг байсан бол 180 мянга. Битум 1,4 сая байтал 2,1 сая болж суга өссөн. Тэгэхээр валютын ханшийн зөрүүнээс болж компаниуд өнөөдөр алдагдалтай ажиллаж байна.

Жишээлбэл “Арж капитал” компани энэ оны 10 сарын 31-нд зам өгөхөөр төлөвлөгөөтэй байгаа ч 22,6 тэрбумыг алдсан байгаа юм. Энэ алдагдлыг улс өгөхгүй шүү дээ. Хохирчихоод сууж байна.

“Монроуд” компани 10,6 тэрбумыг алдчихаад сууж байна. Нэг км замаас 5,9 сая төгрөгийн алдагдал хүлээж байна.  

-Валютын ханшийн эрсдлийг тооцолгүйгээр гэрээ байгуулсан гэсэн үг үү. Ер нь байнга ийм алдагдалтай байх уу. Асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Өнгөрсөн жил засгийн газартай шүүхдэж байгаад Арж капитал компани 6,5 тэрбумын нөхөн олговор авсан. Монроуд 9,9 тэрбумыг авсан. Бүх алдагдал, тооцоогоо баримтаар нотолж байгаад авч чадсан. Энэ жилийн тухайд яаж алдагдлаа гаргуулж авахаа мэдэхгүй л сууж байна.

Замын ажилд шатахуун 17,5 хувийг эзэлдэг. Шатахуун замын өртөгт шингэдэг. Битум бол замын өртгийн 47 хувийг эзэлдэг. Гэтэл битумын үнэ 40 хувиар өсчихсөн. Дандаа гаднаас авдаг.

Тиймээс яамныханд би хэлдэг. Хяналтын төсвийг хийхдээ валютын ханшийн зөрүүг тусгаж, гэрээнд зааж өгөөч гэдэг. Гэтэл яам 55 тэрбумаар хийх ажлыг шахсаар байгаад 47 тэрбумаар хийлгэдэг. Манай Монроуд компани гэхэд 400 гаруй ажилчидтай болохор тэднийгээ бодоод 10 тэрбумын алдагдалтайгаар шахаж замаа тавьдаг.

Гэхдээ цаашид гэрээн дээр давагдашгүй хүчин зүйл валютын ханшийн зөрүүг хэрхэн шийдэхийг оруулах ёстой. Валютын ханш нь өсөөд, материалын зардал нь нэмэгдээд байдаг, цалин өгөх хэрэгтэй гэсээр компаниуд маань алдагдалд орж, хэцүүдэж байгаад нэг анхаарал хандуулаач, та минь.

-Материалын үнийн өсөлт хамгийн их нөлөөлж байгаа юм. Эд бүгд л валютын ханшаас болж өссөн гэж үү. Өөр шалтгаан байхгүй юу?

Дотоодын цементийн хувьд ганц нэгхэн хүмүүс л үнэ өсгөөд байгааг хэлмээр байна. Дарханы цементийн үйлдвэрийг Эрэл компани худалдаж авчихаад, хаалгыг нь хааж, өөрсдөө импортоор оруулж ирээд зараад үнэ өсгөөд байгаа.

Гэтэл хажууханд Төв аймаг, Даланжаргалан гээд газруудад сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэрүүд ашиглалтад орж байна. Дотоодын үйлдвэрээ дэмжмээр юм.

Түүнээс гадна цементийг онцолж ярьдгийн учир нь үнэ өртөг ихтэй битумын оронд цементээр зам барих саналыг хэлэх гэсэн юм. Их олон давуу талтай, өртгийн хувьд ч 30 хувиар хямд тусна. Одоо Сонсголонгийн замыг цементээр тавьж байгаа нь сайн хэрэг.

Битумын хувьд нефтээс 104 бүтээгдэхүүн гардгийн хамгийн шаар нь байдаг. Гэтэл үнэ нь 2,1 сая төгрөг. Тэгэхээр миний санал бол цементээр зам барихыг санал болгож байна. Дотоодын бүтээгдэхүүнээ ашиглаад, нэмүү өртөг нь шингээж, битумыг гаднаас хараат байдлаар авахаа болино шүү дээ.  Тиймээс төр засаг юу  хийхийг хүлээж суух жиш, зарим талдаа эрсдлээс хамгаалахын тулд өөрсдөө янз бүрийн арга хэмжээ авах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд өндөр амжилтыг хүсэн ерөөе.