Д.Ганбат: Хууль зүйн салбарын шинэчлэлийн ажил ганц хүнээр дутах зүйл биш
УИХ-ын гишүүн Д.Ганбат- ыг “Ярилцах танхим ”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгч “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн хугацаан дээр өөрчлөлт орох юм бол хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгчийг уриалгаасаа ухарч алхсан үйлдэл болно гэж харж байна. Таны хувьд?
-УИХ 76 гишүүнтэй үүний 17 нь сайд байхаар засаглал хуваах зарчмыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм л даа. Энэ зарчмаараа ч удаан хугацаанд явсан байна. Яг өнөөдөр энэ асуудлыг засаж залруулъя гэхээр улс орны эдийн засгийн байдал хүнд нөхцөл байдалтай байна. Тиймээс миний хувьд яаралтай энэ асуудлыг өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа боловч сонгогчдынхоо өмнөөс харж шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байгаа.
Олон юман дээр харьцуулалт хийж байж асуудлыг шийдэх ёстой. Нөхцөл байдал хоёр, гурван сарын өмнө байсан бол эсвэл улс орны нөхцөл байдал сайн, сайхан байсан бол асуудлыг өөр өнцгөөс ярьж болох байсан байх.
Өнөөдөр Засгийн газрыг солилоо гэхэд нөгөө хүмүүс нь дээр доороо ороод явчих гээд байна. Ингэснээр шинэ ажилтайгаа танилцана энэ тэр гээд л хугацаа алдсан хэрэг болно. Ардчилсан нам бол УИХ дээр олонх биш шүү дээ ийм нөхцөл байдалд ард түмнээ бодож шийдвэр гаргах ёстой.
-Уг хуулийн анхны хэлэлцүүлэг дээр Ардчилсан намаас дөрвөн гишүүн эсрэг санал өгсөн. Тантай хамт нэг тойргоос гарч ирсэн Х.Баттулга сайд хүртэл огцруулах нь зүйтэй гэсэн саналтай байгаа гэдгээ илэрхийлсэн. Гэтэл намын нарийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн Р.Бурмаа гишүүнийг л намаас хөөх шийдвэр гаргаж байна. Таны хувьд энэ дөрвөн гишүүнтэй хариуцлага тооцох нь зөв гэж харж байгаа юу?
-Энэ бол тухайн гишүүдийн өөрсдийнхөө итгэл үнэмшлээр байр сууриа илэрхийлж байгаа асуудал. Би энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхгүй. Намын нарийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдийн хувьд намын дүрмээр л ийм шийдвэр гаргаж байгаа байх.
-Эрх баригчдыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийг өөд нь татаж чадаагүй байж. 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлнэ гэх асуудал дээр сөрөг хүчний зүгээс ч нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Таны зүгээс ч тэр чуулган, байнгын хорооны хуралдаан дээр тогтоолын төсөл дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. 100 хоногийн дотор тогтоолын төслийг хэрэгжүүлснээрээ үнэхээр эдийн засгийн нөхцөл байдал сайжрах болов уу?
Бондын мөнгийг маш түргэн хугацаанд ашгаа өгөх зүйлд зарцуулах ёстой.
-Манай улс 1921 онд ямар улс байлаа. Үүнээс хойш 70 жилийн хугацаанд зах зээлийн орон болох гээд л явж байгаа. Энэ хооронд алдаж байгаа, онож байгаа зүйл ч байна. Ардчилсан нам ажлаа аваад хоёр жил болчихсон байна. Энэ хооронд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөө намаасаа тавьчихсан. Гэхдээ энэ бол УИХ- аар олонхи гэсэн үг биш л дээ. Ер нь бол зах зээлийн нийгэм гарснаас хойш сүүлийн 70 жилийн хооронд манай улсад халамжийн тогтолцоо бүрдчихсэн. Сүүлийн 20 жилд өөрчилж чадаагүй энэ тогтолцоо, үзэл бодол, хандлагыг хоёрхон жилийн хооронд засч залруулна гэдэг гарт орсон өргөсийг авахтай адил зүйл биш.
Гэхдээ Засгийн эрхийг барьснаасаа хойш хичээж ажилласан ч үүнээс илүү ажиллах боломжтой байсан. Юу гэхээр өнөөдрийн яриад байгаа Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг анхнаасаа л хэрэгжүүлэх хэрэгтэй байсан юм.
Одоо 100 хоногийн дотор хэрэгжүүлээд эдийн засаг сайжирчихна гэж бодохгүй. Гэхдээ хараад суух биш ажлуудыг маш хурдан хэрэгжүүлж, сайжруулах ёстой. Тухайлбал олон асуудлаар самгардах бус гол чухал асуудлууд дээрээ төвлөрч ажиллах хэрэгтэй байна. Энэ талаар би байр сууриа нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хороон дээр илэрхийлж байгаа. Бас миний ярьсан зүйлийг тусгайд оруулаад явж байгаа нь бүлгийн хуралдаан дээрээс харагдаж байна.
-Бондын мөнгийг янз бүрийн зүйлд зарцуулаад шавхагдаж дуусч байна гэх юм. Ер нь анхнаасаа хурдан үр ашгаа өгөх салбарт хөрөнгө оруулна гэсэн ихэнх хувийг зам, барилгын салбарт оруулчихсан байдалтай байна. Та энэ нөхцөл байдлыг юу гэж харж байгаа вэ?
-Ер нь бондын мөнгө гэдэг бол урт хугацааны өр шүү дээ. Бондын мөнгийг маш түргэн хугацаанд ашгаа өгөх зүйлд зарцуулах ёстой. Яагаад гэвэл 2017 оноос эхлээд эхний 500 сая ам.долларыг төлнө. Тэгэхээр одооноос хурдан хугацаанд ашгаа өгөх салбарт хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай. Тэр хөрөнгө оруулсан мөнгө нь эргээд үржих, доллараар орж ирэх тийм л зүйлд зарцуулах хэрэгтэй. Бондын зөвлөл нэртэй хэдэн дарга нарыг суулгачихсан.
Тэд нар нь бондын зарцуулалтын мэдээ, тайлан, тооцоогоо бүрэн тавихгүй байгаа. Ер нь бол энэ бондын өр бол ард түмний төлөх мөнгө шүү дээ. Тиймээс энэхүү мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаарх мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар ийм зүйл алга байна. Бондын зөвлөл нэртэй энэ газар бол хариуцлага хүлээх чадваргүй. Тиймээс Ерөнхий сайд, УИХ, Засгийн газар нь хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.
-Та ер нь шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарт ямар дүгнэлт өгч байгаа вэ. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын асуудал сүүлийн үед их хүчтэй яригдаж байна л даа?
-Хийх гэж бүтээх гэж яваа хүнд алдаа, оноотой зүйлийн аль аль нь явдаг байх л даа. Бид энэ алдаа оноог нь хэлж өгөх үүрэгтэй. Засах алдаа гэж байна. Засаж болохгүй хугацаа нь өнгөрөөд явчихсан алдаатай зүйл ч бас байна. Намынхаа мөрийн хөтөлбөрт багтчихсан зүйлийг ганцаараа хийж байгаа юм шиг байдалтай байж болохгүй. Ардчилсан намыг ард түмэн сонгосон тэдний хүсэж байгаа шинэчлэлийг богино хугацаанд хийх шаардлагатай л даа. Тиймээс бүх сайд нар ингэж бодож ажлаа хийх ёстой.
-Х.Тэмүүжин сайдыг Ерөнхийлөгчийн зүгээс “алдаа гаргасан ч шинэчлэлийн гол ажлыг хийж байгаа хүнээ авч үлдэнэ” хэмээн мэдэгдсэн. Гэвч ард түмний зүгээс “Хууль зүйн сайд өөрөө хуулиа зөрчсөн үйлдэл гаргаж байна. Тиймээс хариуцлага тооцох ёстой” гэж байна л даа?
-Хүмүүс энэ асуудлыг олон янзаар харж байх шиг байна л даа. Миний хувьд Х.Тэмүүжинг хууль зүйн сайд хүний хувьд гаргаж болохгүй алдаа дутагдлыг гаргасан гэж харж байгаа. Үүнээс гадна ганцхан Х.Тэмүүжин сайд энэ шинэчлэлийн ажлыг хийж байгаа хэрэг биш. Ажлыг багаараа хийдэг.
Тус салбарын шинэчлэлийн ажилд Х.Тэмүүжингээс гадна хууль зүйн салбарт ажиллаж байгаа бүх хүний хичээл зүтгэл байгаа. Мөн Хууль зүйн байнгын хороо,УИХ, ард түмэн дэмжиж хийж байгаа ажил шүү дээ. Ганц хүнээр дутах ажил гэж харахгүй байгаа. Тэглээ ч энэ бол цоо шинэ зүйл биш шүү дээ. Ихэнх өндөр хөгжилтэй улс орнууд энэ шинэчлэлийг хийчихсэн. хэрэгжүүлээд явж байна.
-Хууль зүйн байнгын хорооноос Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэр гарсан. Тэгэхээр О.Баасанхүү гишүүний өргөн мэдүүлсэн асуудлууд үнэн байсан гэж ойлгож болох уу?
-Холбогдох асуудлууд нь нууцын зэрэглэлд хамаарах учраас мэдээлэл өгөх боломжгүй. Тэглээ ч юм болгон дээр О.Баасанхүү гэж ярьж болохгүй л дээ. Бид ч бас дотроо энэ асуудлыг ярьдаг.
-Таны хувьд огцруулах нь зөв гэсэн санал өгсөн байсан. Ямар алдаа дутагдал гаргасан болохоор нь огцруулах нь зөв гэж үзсэн бэ?
Миний хувьд Х.Тэмүүжинг хууль зүйн сайд хүний хувьд гаргаж болохгүй алдаа дутагдлыг гаргасан гэж харж байгаа.
-Эмэгтэй хүнтэй холбогдсон нь хувь хүний асуудал байх л даа. Залуу хүн алдаж, онодог. Цаашид алдаа, оноогоо засаад явчих байх гэж зарим хүн харж байгаа. Гэхдээ Хууль зүйн сайд хүн хаана ч хуулиа биелүүлж явах хэрэгтэй. Канад улсын хуулийг зөрчин хүүхдээ үрчлүүлж байгаа асуудал нь буруу. Үүнээс шалтгаалаад хоёр орны харилцаанд сэвтэй зүйл гарах магадлалтай.
Миний ойлгосноор Канад улсын элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нөхөртэй нийлээд л тус улсын хуулийг зөрчсөн. Энэ бол ёс суртахууны томоохон зөрчил. Тэр зөвлөхөөр нь ажиллаж байсан хүн ч тэр одоо Баянхонгорын МАН- ын дарга болчихсон. Дараагийн сонгуулиар УИХ-д орж ирнэ гэх юм ярьчихсан сууж байх юм. Ер нь хууль зөрчдөг хүмүүс энэ маягаар УИХ-д орж ирнэ гэдэг маш буруу. УИХ-ын гишүүн гэдэг хууль санаачлагч. Тэр тусмаа Хууль зүйн сайд бол бүр үлгэр жишээ байх ёстой. Ард түмэн л хууль биелүүлдэг сайд дарга нар бол хамаагүй гэсэн зүйл огт байж болохгүй.
-Ардчилсан намын хувьд фракци хоорондын зөрчлийн асуудлаас болж аливаа асуудалд нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа нь тус намыг хямралд хүргэж байна гэж дүгнэх боллоо. Та энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намыг олон фракцитай гэж ярьдаг. Үнэндээ бол тиймэрхүү тал бий. Гэхдээ Ардчилсан намын бүлгийн гишүүд эх орныхоо эрх ашгийн тал дээр болон Ардчиллын үнэт зүйлээрээ нэгдэж явах ёстой гэж үздэг. Ер нь бол фракци, бүлэг гээд хэт хазайсан зүйл бол байхгүй.