О.Содбилэг: “Давхар дээл” тайлах асуудал маазарсан маягтай болоод байгаад харамсч байна
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.04.29

О.Содбилэг: “Давхар дээл” тайлах асуудал маазарсан маягтай болоод байгаад харамсч байна

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй “Давхар дээл” тайлах хуулийн төслийн талаар цөөнх хором ярилцлаа.

-“Давхар дээл”-ийг дан болгох асуудлыг цөөнхөөс гадна АН-ын зарим гишүүн дэмжиж байгаа. Гэвч эрх баригчид байнгын хорооны хуралдааныг санаатайгаар ирц бүрдүүлэхгүй, чуулганы хэлэлцэх асуудлаас хойшлуулсныг юу гэж үзэж байна вэ?

-Байнгын хорооныхоо хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байна гэдэг нь төрийн завхралыг улам даамжруулж байгаа хэрэг. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороонд манай намаас гуравхан гишүүн бий. Өөрөөр хэлбэл, манай гишүүдийг байнгын хороодод гүйцэт орох боломжийг эрх баригчид одоо хүртэл нээхгүй л ажиллаж байгаа.

АН-ын зарим гишүүн “Давхар дээл”-ийг 2014 оны долдугаар сарын 1-нээс тайлах хэрэгтэй гэдгийг дэмжиж байгаа. Харамсалтай нь АН-ынхан санал өгсөн гишүүдийнхээ боломжийг хааж, байнгын хорооны хуралдаанд оролцуулахгүй байна гэдэг нь төрийн дээд түвшиндөө ардчиллын үнэт зүйлээ хог болгон хаяж байгаа жишээ.

-АН-ынхаа эсрэг санал өгсөн дөрвөн гишүүндээ хариуцлага тооцохын зэрэгцээ Р.Бурмааг хөөхөөр болж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл АН-ынхныг дотор нь хагаралдуулчихлаа гэхэд болно биз?

-“Давхар дээл”-ийг тайлах асуудлыг дэмжиж байсан гэсэн мөртлөө санал өгсөн АН-ын гишүүд “Буруу юм байна, уучлаарай”. Эсвэл “Дэмжээгүй” гэх зэргээр өмнө нь хэлсэн үгнээсээ зөрж байна л даа. Тэгэхээр ам, ажлын зөрүү байна гэж харагдаж байгаа юм. Харин бүлгийн удирдлагаас нь эдгээр гишүүнийг “2016 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй” гэдэг янз бүрийн шахалт, дарамт үзүүлж байгаа сураг бий.

-УИХ-ын 2012 оны сонгуулиар АН олон суудал авч чадсан. Гэтэл хийж, хэрэгжүүлж байгаа зүйлээ “Давхар дээл” тайлах хуулийн төслөөр үгүйсгэж байгаа зүйл бий гэдэг. Та үүн дээр ямар саналтай байна вэ?

-АН-д миний найз, нөхөд бий. Тэд намынхаа үзэл, баримтлалд тууштай итгэдэг. Гэвч одоогийн урирдлага, төлөөллийнхөө хүмүүст сэтгэл дундуур байгаа АН-ын олон гишүүн байгаа. Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хуулийг унагаж байгаад бухимдалтай байгаа хүмүүс байдаг юм билээ.

-Сайд нарын дээлийг дан болгох нь зүйтэй гэж иргэдийн зүгээс хүсч, хүлээж байгаа зүйл байгаа. Харин АН-ынхан иргэдийн асуудлыг хүндэтгэхээс илүүтэй энэ УИХ, засгаа өмгөөлж байна гэхэд болох уу?
УИХ-ын 2012 оны сонгуулиар бид ялалт байгуулаагүй ч гэсэн цөөнх болоод одоо хүртэл чуулганы ирцийг бүрдүүлж ирсэн

ъ-Иргэдийн зүгээс яг үнэндээ улс орны ажил өнгөтэй, өөдтэй байгаад хүмүүсийн амьдралд нь сөргөөр нөлөөлөхгүй байгаасай гэж хүсч байгаа. УИХ-ын зарим гишүүн ажлаа хийхгүй, улсын чанартай шийдэгдэх асуудалд оролцохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын функци суларч, Засгийн газраа хянахгүй байна. Улсыг хөгжүүлэх зөв, зүйтэй хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүд нь байдаггүй. Үүнээс болж улсын хөгжил хохироод байгаа юм. Үүнийг иргэдийн зүгээс шүүмжилж байгаа.

Харин “Давхар дээл” тайлах асуудал маазарсан маягтай болоод байгаад харамсч байна. Яагаад гэвэл, энэ бол ямар нэгэн дээл хувцасны асуудал биш. Давхар алба хашиж, өөрийнхөө хийж гүйцэтгэх ёстой ажил, үүргийг цалгардуулж байгаа том жишээ бий. Бид үүнийг зогсоох хэрэгтэй.

-Төрийн ажлыг хийхэд цөөнх гацаадаг гэдэг шүүмжлэл байдаг байсан. Тэгвэл “Давхар дээл” тайлах болохоор АН-ын өөрсдөө байнгын хорооны хуралдаандаа оролцдоггүй, чуулганаас хойшлуулж байна. Энэ нь өөрсдийнх нь том алдаа биш үү?

-УИХ-ын 2012 оны сонгуулиар бид ялалт байгуулаагүй ч гэсэн цөөнх болоод одоо хүртэл чуулганы ирцийг бүрдүүлж ирсэн. Орж ирсэн асуудалд бодол санаагаа тусгаж, цөөнхийн үүргийг бодитой, ажил хэрэгч гүйцэтгэе гэж явсан. Тэгэхэд эрх баригчид өөрсдөө байнгын хороогоо хуралдуулж чадахгүй байгаа бэлхэн жишээ байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.