Д.Зоригт: Сөрөг хүчинд бүх эрх, боломж нь байгаа
УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.04.25

Д.Зоригт: Сөрөг хүчинд бүх эрх, боломж нь байгаа

“Ийгл” телевизийн Бадарчийн Жаргалмаатай ярилцахаар УИХ-ын гишүүн Д.Зоригт уригдлаа.

-         Ойрд улс төрд өрнөөд байгаа халуун сэдэв гэвэл “давхар дээл” л байх шив дээ. Энэ асуудлыг зарим нэгэн байнгын хороо ирц хүрээгүй учраас хэлэлцэж чадсангүй. Анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Эцсийн хэлэлцүүлэг хийгдэх ёстой. Гэтэл байдал жоохон мухардмал болоод байх шиг байна. Ямар гарц байна?  

Байнгын хороо хуулийн дагуу хуралдана. Чуулганаар эцсийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт орох байх. Хугацаан дээр л санал хуваагдчихаад байна. Ардчилсан намын бүлгийн байр суурь энэ хууль 2016 онд сонгуулийн дараагаас хэрэгжих ёстой гэдэг дээр байгаа. Хэлэлцүүлгийн явцыг л харъя. Парламент олонхиороо шийддэг. Тэрийг л дагана.

-         Та ямар гарцыг харж байна. Таны хувьд?

Тэнцвэртэй, зөв харьцаа байх ёстой. Бид 100 хувь гаднаас байгуулж үзэж байсан. Тэгэхэд засгийн газар тогтворгүй, эмзэг байлаа. 80-90 хувь нь дотроосоо байж үзэж байна. Энд парламентын хяналт суларч, хариуцлага тооцох механизм алдагддаг сөрөг үзэгдэл байна. Тэгэхээр их хуралтайгаа ажлаа уялдуулах үүднээс  тодорхой тооны, үндсэн чиг үүргийн яам  засгийн газарт давхар байдаг. Бусад салбарт гаднаас өндөр мэргэжилтэй хүмүүсийг тавих нь оновчтой.

-         Энэ удаагийн засгийн газар хэт данхайсан том бүтэцтэй, түүнийгээ дагаад зардал нь хэтэрхий их учраас гэдэг шүүмжлэл байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газар эмхрэх ёстой гэдэг зүйл дээр?

Энэ яриа мөнхийн сэдэв л дээ. Төрийн алба данхагар, төрийн албан хаагчид олон,  төсвийн мөнгө их зарцуулагдаж байна гэдэг яриа мөнхийн л, ердийн сэдэв байсан. Миний хувьд ч шинэ юм биш. Ерөнхий сайдын саналаар засгийн газрын бүтцийг хийж үүнийг УИХ анхнаасаа дэмжиж, баталж байгуулсан. Явцын дунд ярих нь цаг зав алдсан ажил болов уу. Харин ч үндсэн чиг үүргийн тодорхой салбараа хариуцсан яамдууд байх нь илүү үр дүнтэй байж магадгүй. Хэд хэдэн салбарыг нэг сайд дээр авчрахаар ажлын ачаалал болдог тал бий.

Ерөнхий сайдын саналаар засгийн газрын бүтцийг хийж үүнийг УИХ анхнаасаа дэмжиж, баталж байгуулсан.

-         Ардчилсан намын бүлэг өөрсдөө нэгдсэн нэг шийдвэрт хүрч чадахгүй байгаагаас энэ асуудлыг улам улс төржүүлэх тэр боломжийг нээж өгөөд байна.  Өөрөөр хэлбэл сөрөг хүчинг тоглолт хийх боломжийг олгоод байна гэсэн шүүмжлэл байгаа. Яагаад та нар нэгдэж чадахгүй байгаа юм бэ?

Их хурлын гишүүдийн өөр өөрийн гэсэн үзэл баримтлал байна. Бүлэг дээрээ хэд хэд ярьсан. Манай цөөн тооны гишүүд санал бодол бүлгийн олонхтойгоо нийлэхгүй байгаа тохиолдол байгаа. Энэ нь өнгөрсөн хуралдаануудаас харагдлаа. Гэхдээ бид олонхиороо саналаа хураагаад явна. Энэ бол хэвийн л үзэгдэл.

-         Хугацааны  асуудал дээр чухал нюанс яваад байна. 2014 оны долдугаар сарын нэгэн үү, 2016 оны долдугаар сарын нэгэн үү. 2014 онд энэ хуулийг хэрэгжүүлж эхэлнэ гээд заавал Ерөнхийлөгч хуулин дээр хориг тавих зэрэг хуулийн төслийг буцаагаад авчих боломж байгаа. Магадгүй МАН-ынхан зүтгүүлэх гээд оролдоод байна?

Энэ бол сөрөг хүчин намын уламжлалт тоглолт.  2016 он гэсэн улс төрийн акциуд хийж байгаа. Бид үүнийг бүрэн ойлгож байна. Тэдэнд бүх эрх, боломж нь байгаа. Энийг л давж гарах асуудал байгаа шүү дээ. Хуулийн өөрчлөлтөөр засгийн газар тогтворгүй болгоод, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаад, олон тулгамдсан асуудал хойшлоод байгаа нь хэнд ч ашиггүй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...