Ч.Хашчулуун: Энэ өвөл эдийн засаг  бүр ч илүү хүндэрнэ
Эдийн засагч Ч.Хашчулуун
2014.08.08

Ч.Хашчулуун: Энэ өвөл эдийн засаг бүр ч илүү хүндэрнэ

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Засгийн газрын санаачилсан “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж дуусахад 10 гаруй хоног үлдээд байна. Гэтэл энэ хугацаанд макро эдийн засгийн үзүүлэлтүүд унасан хэвээр л байна. Уг нь эдийн засагт эерэг нөлөө авчрах ёстой байтал хамгийн сүүлд гэхэд олон улсын зэрэглэл тогтоох байгууллагууд Засгийн газрын бондын зэрэглэлийг буурууллаа. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Манай улсын зээлжих зэрэглэл сүүлийн жилүүдэд байнга өсч байсан. Харин өнгөрсөн оноос буурч эхэлсэн нь гадаад зах зээлээс босгосон бондын зарцуулалт хангалтгүй байгаагаас үүдэлтэй. Мөн төсөв мөнгөний бодлого нөлөөлж байна.

Бондын эргэн төлөлтийг төсвийн орлогоос төлнө. Гэтэл манай улсын төсвийн орлого тасарч, алдагдал өсч байгаа нь гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн төлөлтийг хийж чадахгүй, төлөлтийн хуваарь нь тасалдах эрсдэл үүсч байна гэсэн дохиог нийт хөрөнгө оруулагчдад өгч зээлжих зэрэглэлийг буурууллаа гэж дүгнэж байна.

Төсвийн алдагдал, төсвийн орлого, төлбөрийн тэнцлийн байдлыг дүгнэн гаргасан шийдвэр гэж хэлж болно.
-Төлбөрийн тэнцлийн алдагдлаас болж төгрөгийн ханш унасаар байна. Цаашид ч үргэлжлэн сулрах хандлагатай байх шиг?

-Ханш өсч байгааг гаднын хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлаж байна. Үнэн л дээ. Гэхдээ хөрөнгө оруулалт багассан нь бодит байдлын нэг л тал нь. Нөгөө талыг нь ярихгүй байна. Төгрөгийн нийлүүлэлт зах зээл дээр өндөр хэмжээтэй байгаа.

Төв банк төгрөгийн их хэмжээний арилжааны зээлийг гаргасан. Энэ нь төгрөгийн нийлүүлэлтийг өндөр болгож макро эдийн засагт урт хугацаанд сөрөг үр дагавар авчирч байна.

Уг нь Төв банк төгрөгийн нийлүүлэлтийг хумих бодлого явуулсан бол гаднаас орж ирэх ам.доллар багассан ч ийм хүндрэлд орохгүй байсан. 2009 онд ийм аргыг хэрэглэж ханшийн өсөлтийг сааруулж байсан.

Гэтэл өнөөдөр эсрэгээрээ төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний зээл олгосон. Одоо ч төгрөгийн нийлүүлэлтийг хумих бодлого хэрэгжүүлж байгаа зүйл алга байна.

-Саяхан Монголбанк мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиар нэмэгдүүлсэн нь төгрөгийн ханшийн сулралд нөлөөлөхгүй гэж үү?

-Мөнгөний бодлогын хүү бол мөнгөний нийлүүлэлтэд шууд байдлаар нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, зайлшгүй байх ёстой мөнгөний хэмжээнд нөлөөлөхгүй гэсэн үг. Бодлогын хүүг нэмсэн нь банкнаас зээл авч байгаа хүмүүст л хүндрэл учруулна.

Ер нь бодлогын хүүг  нэмэгдүүлэх нь мөнгөний бодлогын сонгодог арга гэдэг ч одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд таарч байна уу, үгүй юү гэдгийг Төв банк хэр зэрэг судалсныг нь хэлэхэд хэцүү л байна.

-Мэдээж бодлогын хүүг дагаж банкуудын зээлийн хүү өсч, энэ хэрээр бизнес эрхлэгчид сөргөөр нөлөөлнө. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлтийг тогтвортой байлгахад эергээр нөлөөнө гэж үзэж байгаа. Харин чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа үед бодлогын хүүг нэмэгдүүлэх нь хэр зүйтэй юм бэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ тасралтгүй өсч, сүүлийн 20 жил байгаагүй төвшинд хүрсэн. Өнгөрсөн намраас эрчимттэй нэмэгдсээр л байна. Энэ үед бодлогын хүүг нэмбэл чанаргүй зээлийн хэмжээ улам л ихэснэ. Үүнийг бодлогын хүүгээр бууруулна гэсэн ойлголт байхгүй.

Учир нь, банкнаас зээл авсан компаниуд анх авсан хүүгийнхээ төлбөрийг төлөхөд бэрхшээлтэй байсан бол бодлогын хүү нэмснээр зээлээ төлж чадахгүй байдалд орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зээлийн нь хүү нэмэгдэж, цаг хугацаандаа зээлээ төлж чадахгүй, өр барагдуулах хугацаа хойшилно.

Яахав сайн тал нь мөнгөний нийлүүлэлт суларч, шинээр зээл олголт хумигдана. Гэхдээ энэ нь одоогийн эдийн засгийн амь тариа биш. Ер нь мөнгөний бодлогын энэ шийдвэрийг цаг хугацааны хувьд хоцорч гаргалаа. Өнгөрсөн жилийн өдийд л ханш өсч эхэлсэн. Тэр үед энэ арга хэмжээг авах хэрэгтэй байсан.

Тухайн үед төгрөгийн зээлээ тодорхой хэмжээгээр хумисан бол одоо нөхцөл байдал дээр байх байсан болов уу. Төв банк бодлогын өөрчлөлт хийж эхэлсэн ч өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд багадаа хоёр жил зарцуулж байж эерэг нөлөө гарна.

Ер нь их хэмжээний зээлийг барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олгох нь буруу гэдгийг дэлхийн практик харуулж байгаа шүү дээ.

Япон, Тайланд, Казахтаны амьд туршлага байгаа.

Дээрх улс мөн их хэмжээний барилга, орон сууцны зээл олгож, тэр нь урт хугацаандаа чанаргүй зээл болж хувирсан. Зээл олгосон банк, авсан иргэн, аж ахуйн нэгж, барьсан компаниуд бүгд алдагдал хүлээсэн.

-Тэгэхээр хүндрэлээс гарахын тулд барилга, үл хөдлөх хөрөнгийн зээлийг хумих хэрэгтэй гэж хэлж байна уу?

-Тийм. Барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл нэлээд хүчтэй унаж байж л эдийн засагт тодорхой үр дүн гарна.

-Гэхдээ бодлогоо өөрчилж биш, гадаад зах зээлээс хөрөнгө босгож эдийн засгийн хүндрэлээс , гарах гээд байгаа юм биш үү?

-Тийм боломж байгаа юм уу?

-Харин байгаа юу?

-Зэрэглэл буурсан үед хөрөнгө босговол хүүгийн өгөөж их өндөр гарна. Тэгэхээр хамгийн үнэтэй зээл л авна гэсэн үг. Гэхдээ хамгийн гол нь зээл аваад юу хийх вэ гэдэг ойлгомжгүй байгаа юм. Улс орны эдийн засгийг хөгжүүлэхээр өр тавьж байна гэж ярьдаг.

Гэтэл хөгжүүлэх төсөл нь тодорхойгүй, байгаа төсөл нь ямар үр өгөөжтэй гэдэг мөн тодорхойгүй. Тиймээс л толгойд юу орсон доо хаа хамаагүй зарцуулж байна. Бондын мөнгөөр явган хүний зам засч байх жишээтэй.

Одоо зэрэглэл буурч байгаа нь бондын зарцуулалттай холбоотой. Үүнд гайхах юм байхгүй. Тэгэхээр манай улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө байхгүй цагт хөрөнгө босгох нь эрсдэл өндөр. Босголоо гэхэд бодлогогүй зарцуулж эргээд өр л үлдэнэ.

Бондын өрийг төлөхийн тулд хүүтэйгээ нийлээд 2.5 тэрбум орчим ам.доллар шаардлагатай болно. Одоогийн ханшаар бодвол Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэнэ. Энэ өрийг 2017 оноос төлж эхэлнэ гэхээр манай улс 2017-2024 он хүртэл ямар ч зам засахгүй, хөрөнгө оруулалт хийхгүй, сургууль барихгүй ганцхан өр л төлөх нөхцөлд үүсч мэднэ.

-Хөрөнгө оруулалт татах нэлээд хэдэн хууль баталсан ч өнөөдөр хөрөнгө оруулалт сэргэж байгаа хандлага алга. Таны харж буйгаар ойрын хугацаанд сэргэх хандлага байна уу?

-Хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зөв. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд баталсан хуулиудад ямар нэгэн ач холбогдол байгаа юү гэвэл байгаа. Энэ бол хийх ёстой ажлуудын нэг.

Гэхдээ энэ хуулиудыг батлаад хөрөнгө оруулалтын орчин сайн боллоо гэвэл тийм биш. Хөрөнгө оруулалтын орчин гэдэг шийдвэр гаргаж байгаа механизмыг л хэлж байгаа. Энэ механизм нь ойлгомжтой, үндэслэлтэй байвал хүмүүс хөрөнгө оруулалт хийнэ.

Гэтэл хөрөнгө оруулалт хийсэн ч шийдвэр гаргах орчин тогтворгүй. Жишээ нь, өмнө нь чив чимээгүй байснаа гэнэт л Татварын газар нь 130 сая ам.долларын торгууль нэхэж байна. Өмнөх таван жилд шийдэхгүй юу хийж байсан юм бэ.

Мөн хөрөнгө оруулагч нарт нислэгийн зөвшөөрөл өгчихөөд тэрийгээ нэг жил болоод эргээд цуцалж байна. Төмөр замын ажлыг 2012 оны тавдугаар сард эхлээд аравдугаар сард цуцалж байх жишээтэй. Энэ тоглоом шиг шийдвэрт нь ямар дүрэм байхгүй.

Үүнийг нь хөрөнгө оруулагчид дээд зэргийн эрсдэл гэж үзэж байгаа. Ганц гадныхан ч биш дотоодын хөрөнгө оруулагчид ч энэ байдлаас нь айж эхэлсэн. Хэрвээ хөрөнгө оруулбал хөрөнгө оруулагчаас маш том зориг шаардана. Тийм зоригтой хүн төдийлөн олдохгүй.

-Манай улсын экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний экспорт сүүлийн хоёр жил хангалтгүй төвшинд байна. Ер нь цаашид энэ салбар сэргэх хандлага байна уу?

-Австралийн Засгийн газрын харьяа судалгааны байгууллага 2017 он хүртэл нүүрсний үнэ сэргэхгүй гэсэн тооцооллыг хийсэн.

Тиймээс л “Рио Тинто” компани Монголын нүүрснээс татгалзаж зах зээлээс гарчихлаа. Мөн Мозанбекаас ч гарлаа.

Өөрөөр хэлбэл, нүүрсний зах зээл ойрын жилүүд сэргэхгүй гэдэгтэй санал нийлж байх шиг байна. Манайх ч мөн дотроо бэлтгэлтэй байх хэрэгтэй. Нүүрсээ бага үнээр гаргахад гэсэн үг л дээ. Бага үнэтэй нүүрснээс ашиг олохын тулд манай тээвэр, үйлдвэрлэлийн зардал бага байх хэрэгтэй.

Тэгэхээр төмөр зам амин чухал асуудал болж байна. УИХ-аас бүтээгдэхүүний экспортоо дэмжиж нарийн царигтай төмөр зам барихаар баталсан байгаа ч хэрэгжсэн зүйл алга. Дээр нь, “Чалько”-той Засгийн газар хамгийн сүүлд гэрээ байгуулахдаа нэлээд доогуур 30-40 ам.доллараар нүүрсээ нийлүүлэхээр хийчихсэн.

Үүнээс болж манай нүүрс экспортлогч хувийн компаниудын үнэ буурсан. Төрийн компани алдагдалтай ажиллаж байгаа үгүй нь хамаагүй байж болно. Гэхдээ энэ гэрээ хувийн компаниудад сөрөг нөлөөтэй. Энэ асуудлыг богино хугацаанд нэг тийшээ болгохгүй бол энэ салбарт ажиллаж буй томоохон компаниуд их хэмжээгээр хохирно.

-Ер нь Монголын эдийн засгийн хэтийн төлөвийг хэрхэн харж байгаа вэ. Эдийн засгийн хүндрэлээс гарах боломж харагдаж байна уу?

-Манай эдийн засгийн хүндрэл доод төвшиндээ хүрээгүй байх гэж бодож байсан. Гол хүндрэл энэ өвлөөс эхэлнэ. Өнгөрсөн жилийн өвлийг эдийн засгийн хувьд хамгийн хүнд байлаа гэж бодож байсан. Гэтэл энэ жил өнгөрсөн жилийнхээс хүнд байх нь.

Учир нь, энэ зун томоохон бүтээн байгуулалт эхлэх байсан ч эхэлсэнгүй. Энэ өвөл 2015 оны төсөв батална. Гэтэл энэ оны төсөв их хэмжээгээр тасарсан. Ирэх оныхыг батлахдаа дахин үндэслэлгүй, хөөсөрсөн төсөв хийвэл дахин тасарна.

Энэ оны төсвийг батлахдаа зардлыг нь их хэмжээр танасан шиг 2015 оныхыг бүр ч илүү хумигдана. Ингэснээр төсвийн орлогоор хийдэг ажил, үйлчилгээний зардал багасна. Мөн ирэх жилээс улстөрчдийн сонгуулийн ажил өрнөнө.

Тойрогтоо амалснаа биелүүлэх гэж улайрна. Тэгэхээр төсвийн хөрөнгөөс тойрог болгонд хүртээх шаардлага үүсч, төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил гацах аюултай. Ийм байдал орон даяар үүсэх вий гэсэн айдас байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад манай төсөв, мөнгөний бодлого эрс сайжрах найдлага алга.

Тиймээс 2015 оны төсөв нэг талаас хэрэгцээ өндөртэй, амлалт биелүүлэх, бодитоор биелэхийнаргагүй ийм л зөрчлийн дунд батлагдана. Цаашлаад 2017 оноос бондын өр төлж эхэлнэ. Хэрхэн төлөх бодлого нь одоо хүртэл гараагүй.

Жил болгоны төсөв бондын эргэн төлөлтөд хэчнээн хэмжээний хөрөнгө суулгахаа тооцохгүй бол 2017, 2018 оноос манай хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь эргэнтөлөлтөд зарцуулагдана гэсэн үг. Тэгэхээр 2016 оны сонгуулийн дараагаар бүтээн байгуулалтын ажил хумигдах байдал руу орно.