Эрүүл мэндийн сайд Эбола вирусийн талаар цаг үеийн мэдээлэл өглөө
Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийг хэлэлцлээ.
2014.10.23

Эрүүл мэндийн сайд Эбола вирусийн талаар цаг үеийн мэдээлэл өглөө

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эбола вируст халдварын дэгдэлтийн тухай, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр Эбола вирусийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар 8 дугаар сард хэлэлцүүлсэн. Засгийн газрын хуралдаанд 10 дугаар сард хэлэлцүүлж Засгийн газрын 346 тоот тогтоол гарсан. УОК-ын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсэг ажиллаж эхэлсэн.

Мөн салбар хоорондын мэдээллээ долоо хоногт 21 удаа солилцож байна. Эбола вирусийн тархалтын байдал 10 дугаар сарын 17-ны байдлаар 9284 тохиолдол бүртгэгдсэнээс 4604 хүн нас барсан. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв ДЭМБ-тай шууд мэдээлэл солилцож ажиллаж байгааг дуулгасан.

Түүнчлэн ЭМЯ-ны веб хуудсаар шинэ мэдээллийг тогтмол өгч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 83 удаа сэрэмжлүүлэг, анхааруулга хүргэж, сануулга, 4 төрлийн гарын авлага, санамж, брошур, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж хүргүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагуудад 8 удаагийн сургалт явуулсаныг дурдлаа.

ХӨСҮТ шуурхай хариу арга хэмжээний 4 багийг бэлэн байдалд ажиллуулж байна. Бэлэн байдлын нөөц хангалтгүй байгаа учраас Засгийн газраас 477 сая төгрөг, ДЭМБ-аас 160 сая төгрөг хүссэн байна. Дээрх хөрөнгийг оношлуур, хамгаалах хувцас, хэрэгсэл, сургалт сурталчилгаанд зарцуулах юм.

Цаашид салбар хоорондын комиссын үйл ажиллагааг тогтмолжуулах, эрүүл мэндийн байгууллагууд, хил, гааль, хяналтын байгууллагуудыг халдвар, ариутгалын багаж, оношлуур, төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сэрэмжлүүлгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэхийг тогтмолжуулах, гарын авлага, ханын зурагт хуудас тараах, бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийх, бэлэн байдлын нөөцийг бүрэн бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд асуудлыг хэлэлцээд, Эбола вирусийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний үед нэн шаардлагатай байгаа хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах чиглэл өгсөн тогтоол гаргахыг олонхийн саналаар дэмжлээ.