Монгол улсад улаанбурхны тархалтыг зогсоосныг нотлох батламж олгов
Кор буюу улаанбурхан өвчний улмаас дэлхийд жилд дунджаар 2.6 сая хүүхэд энддэг гэсэн судалгаа бий.
Манай улс иргэддээ тус өвчний эсрэг вакциныг 1974 оноос хийж эхэлснээс хойш өдгөө 40 жил болж байна. Харин сүүлийн дөрвөн жил манайд энэ өвчин бүртгэгдээгүй. Үүнд үндэслэн ДЭМБ манай улсад улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон батламж өчигдөр гардууллаа. “Улаан-бурхан өвчингүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөн энэ үеэр болж, үе үеийн вакцинатор сувилагч нар хүрэлцэн ирсэн байв.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Энэ бол Монгол Улсын өнцөг булан бүрт вакцин хийж байсан, хийж байгаа дархлаажуулалтын сувилагч, эмч нарын нөр их хөдөлмөрийн үр дүн. Түүнчлэн Монгол Улс вируст гепатитын тархалтыг 0-5 насны хүүхдийн дунд нэг хувьд хүргэх ДЭМБ- н Номхон далайн баруун эргийн бүсийн зорилтыг ханган, 0.5 хувьд хүргэсэн.
Дархлаажуулалтын хамралт үндэсний хэмжээнд 95-97 хувьд хүрлээ” гэв.
ДЭМБ-ын Номхон далайн эргийн баруун бүсийн Баталгаажуулах хороо БНСУ-ын Сөүл хотноо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, Монгол, Австрали, Макао, БНСУ-ыг улаанбурхан өвчний гаралтыг эрс бууруулж чадсан болохыг албан ёсоор зарласан.
Манай улс хөгжиж буй орнуудаас хамгийн анх энэ батламжийг авч байгаагаараа онцлог ДЭМБ-ын Номхон далайн халдварт өвчний асуудал хариуцсан захирал Марк Жакобс “Монгол цагаан цэг, халдварт саа өвчний тархалтыг зогсоосон, дархлаажуулалтын арвин туршлагатай орон. Улаанбурхан өвчнийг ихэвчлэн бага насны хүүхэд тусдаг гэдэг ч үнэн хэрэгтээ дархлаа жуулалтгүй бүх насныхан өвчилдөг.
Нийт хүн амын 95 хувь нь энэ өвчний эсрэг дархлаатай байвал вирус хүн амын дунд тархах боломжгүй болдог. ДЭМБ-ын харьяа зургаан бүс нутаг энэ өвчний тархалтыг зогсоох зорилт тавьсан. 2020 он гэхэд таван бүс нь энэ өвчний тархалтыг зогсоох зорилготой ажиллаж байна. Монгол Улс батламж хүртсэн нь бага болон дунд орлоготой орон энэ зорилгод хүрэх боломжтойг харууллаа.
Тухайн оронд 36 сар тус вирусээс үүдэлтэй өвчин гараагүй бол тархалтыг зогсоосон гэж үздэг. Улаанбурхны вирус дэлхийн аль нэгэн оронд байгаа тохиолдолд бусад улсад импортлогдох эрсдэлтэй. Өвчин гарсан тохиолдолд 12 сарын хугадаанд вирусийн тархалтыг зогсоох шаардлага тавьдаг” гэж хэлээд Ерөнхий сайд Н.Алтанхуягт батламж гардуулсан юм.
Засгийн газрын тэргүүн “Энэ бол үе үеийн Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн. Олон жилийн хөдөлмөрөө энд зориулсан эмч, сувилагчдадаа баяр хүргэе. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдээ вакцинд цаг тухайд нь хамруулаарай” гэлээ.
Манай улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгасан Азийн анхны орон болсон бол 2000 онд халдварт саа өвчнийг устгасан батламжийг ДЭМБ-аас авчээ. Энэ удаагийнх нь манай улсын ДЭМБ-аас авсан гурав дахь батламж юм.