Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдлаа
Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдав.
2014.10.30

Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдлаа

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар дараах хоёр асуудлыг авч хэлэлцэв.

Үүнд: 

1. Монгол улсын төрийн шагналд бүтээл дэвшүүлэв

2. Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээ

1. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав ахлагчтай мэс засалчдын багийн “Зүрхний титэм судас ба судсан дотуурх мэс заслын эмчилгээний арга, технологийг Монголд нэвтрүүлсэн нь” бүтээлийг хэлэлцэн Монгол улсын төрийн шагналд дэвшүүлэхээр шийдвэрлэв.

Тэрээр өргөн хүрээтэй судалгаа явуулан, 2054 өвчтөнд зүрхний титэм судасны бичил мэс засал ба судсан дотуурх мэс заслын эмчилгээ хийж, бүтээл туурвиж, шинжлэх ухаанчаар баталгаажуулсан эмчилгээний шинэ арга, технологийг эх орондоо нэвтрүүлж, мэс заслын салбарыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмрээ оруулсан учраас Төрийн шагналд дэвшүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны НЭМХ-ийн мэргэжилтэн С.Эвлэгсүрэн мэдээлэл танилцууллаа.

Сайдын зөвлөлийн гишүүд элэгний өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэж, зөвшилцөлд хүрэх нь чухал байгаад санал нэгдлээ. Мөн В, С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтуудыг залруулах, үнэн зөв бодит мэдээллээр хангаж ажиллахаар болсон. Түүнчлэн гишүүдээс С вирусын эмчилгээг урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй нягт уялдуулах шаардлагатай байгаа талаар ч санал гарч байлаа.

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаас дараах шийдвэрүүд гарлаа. Үүнд:

1.“Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаарх мэдээллийг Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган боловсруулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэгт танилцуулахаар боллоо.

2. В,С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтуудыг залруулах, үнэн зөв бодит мэдээллийг бэлтгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг зохион байгуулах

3.Эрүүл мэндийн сайдын 183 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан жагсаалтад заасан элэгний хорт хавдрын эрт илрүүлгийг зохион байгуулахад нэн шаардлагатай оношлуур, багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангахад санхүүжилтийг шийдвэрлүүлэх асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тавих, 2015 онд Эрүүл мэндийн сайдын Аймгуудын Засаг дарга нартай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгах