Л.Сандагдорж: Ахмадууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг хуулинд тусгах хэрэгтэй
Ахмад настан, "СОТ-2-ийн ахмад тээвэрчдийн холбоо" ТББ-ийн тэргүүн Л.Сандагдорж гуайтай ярилцлаа.
- Сандагдорж гуай та улсад хэдэн жил, ямар ажил хийж байв?
Би улсад 42 жил ажилласанаас гучаад жилд нь авто инженер, гарааш баазын даргын ажил хийсэн.
- Тэтгэвэр хэдээр тогтсон бэ?
Эхлээд 170 мянга байсан. Жаахан жаахан нэмэгдсээр одоо 300 мянгыг авч байна.
- Та ахмад хүний хувиар хүссэн халамжаа төрөөс авч чадаж байна уу?
Би хувьдаа хангалттай гэж бодохгүй байна. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал тэтгэврийн хүмүүст хүндээр тусч байна. Дөнгөж саяхан 600 төгрөг байсан талх 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Хөгшин бид хоёрын хувьд хүүхдүүд байнга тусалдаг, хувцаслаад өгчихдөг, ойрхон хөдөөнөөс мах шөлөө татчихдаг болохоор бэрхшээл бага. Хэрвээ зөвхөн тэтгэврийн мөнгөөр бүх хэрэгцээгээ хангана гэвэл бүтэхгүй байх.
Залуу байхдаа хэт эрдэж заримдаа даатгал төлөхгүй явж байсан үе ч бий. Түүнээс гадна 90-иэд онд хувийн компанид гэрээгээр ажилладаг байсан. Эцэст нь 35 жил найман сараар тэтгэврээ тогтоолгосон.
- Эмнэлгийн үйлчилгээг тогтмол авч чадаж байна уу?
Жилдээ нэг удаа үүрийн харанхуйгаар оочерлоод шинжилгээнд хамрагддаг. Өвдөж зовоод байгаа зүйл байхгүй. Залуудаа жаахан даарснаас нуруу бага зэрэг өвддөг. Саяхан рашаан сувилалд амарч үзсэн. Зөрүү мөнгөө авчихсан. Өмнө нь амралтанд явж байсангүй.
- Та ахмадын хуулийг судлав уу?
Судалсан. Хуулинд ямар өөрчлөлт оруулвал зүгээр вэ гэсэн саналуудын эмхтгэлийг хорооныхондоо, холбоондоо, амралтанд байсан хүмүүст тараагаад дууссан. Санаа авахаар зүйл нэлээд байна лээ. Тухайлбал хиймэл шүд хийлгэх хугацааг таван жил байгааг хоёр юм уу гурав болговол зүгээр. Их сэтгэл зовоож буй нэг зүйл бий. “Буян” компаниас үүдэлтэй юм шиг байна лээ. Төрийн өмчит компани мөртөө баахан охин компани байгуулаад 67-ийн гарам, Налайхын урд гэх мэтчилэн энд тэндгүй оршуулгын газар байгуулчихсан. Тэнд нь хүн оршуулахад их үнэтэй. Саяхан миний танилын хөгшин нь нас барахад газрынх нь үнэ бараг таван сая гарсан. Тэгэхээр хөгшчүүл нас барахад оршуулгын зардлыг нь тэглэдэггүй юмаа гэхэд бага байлгамаар байна. Тэгэхгүй бол үр хүүхдэд нь маш их дарамж болж байна. Хэрэв чандарлах болвол бас өндөр үнэтэй.
Түүнчлэн амралт сувилалын үнийг жилд нэг удаа 50 хувь хөнгөлөхөөс гадна хоёр юмуу гурван жилдээ үнэгүй болгочихвол зүгээр байна.
- Тэтгэвэрт гараад ямар ажил эрхэлж байна вэ?
Би СОТ-2 –т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 1991 онд оросууд буцсанаар хэсэг хүмүүс эзэнгүй болж үлдсэн. Хожим нь би “СОТ-2 –ын ахмад тээвэрчдийн холбоо” гэдгийг байгуулсан. Энэ жил байгууллагынхаа 50 жилийн ойг хийсэн. 40 гаруй хүнд “Осолгүй манлай жолооч”, “Онц тээвэрчин” шагналыг нь нөхөж олгосон. Хөгшчүүлийн маань урам их сэргэсэн. ТББ-ын маань нэг гишүүн сард 10 төгрөг байгууллагадаа хандивладаг. Тэрийг нь би хариуцаж зарцуулдаг. Гэхдээ түшиж тулах байгууллагагүй бол санхүүгийн асуудал хүнд шүү дээ. Ер нь настай хүний урам зоригийг сэргээж байх нь чухал. Халамж хэрэгтэй, хэвтэрт орсон хүмүүсээ тогтмол эргэдэг. Гишүүн болъё гэсэн нийт 200 гаран хүн байна. Гэтэл өнгөрсөн зургадугаар сараас эхлээд долоон хүн өөд болчихлоо.
- Хэрэв хууль шинэчлэгдвэл ахмадын хөдөлмөр эрхлэлтийг яаж тусгаасай гэж бодож байна вэ?
Ахмадуудыг хөдөлмөр эрхлүүлэхэд юун түрүүнд дүүргийн ахмадын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хамтарч санаачлагатай ажиллах хэрэгтэй. Эмнэлэг нь ахмадын биеийг үзэж хараад ажил хийж болох эсэхийг нь тодорхойлоод ахмадын байгууллага нь ажил олгогчдод санал болгодог байх хэрэгтэй. Нэг газарт жижүүр хийлээ гэхэд ахмад хүн залуучууд шиг унтаад өгөхгүй шүү дээ.
Тэрнээс гадна ахмадуудыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхийг дэмжмээр байна. Дүүрэг дээр энэ чиглэлийг хариуцдаг хүмүүс байгаа шүү дээ. Төмс ногоо тарих юмуу эсвэл чацарганы мод суулгаад арчлаад байх тэнхээтэй ахмадууд олон. Энэ мэтийн жижиг сажиг ч гэсэн чухал зүйлийг анхаармаар байна.
Архангайд нэг сайхан жишээ байна. Тэнд Ахмад удирдах ажилтны зөвлөл гээд 100 гаран хүнтэй байгууллага бий. Өмнө нь нэгдлийн дарга, намын ажил хийж байсан хүмүүсийг цуглуулсан байна лээ. Ахмадуудаас маш үнэтэй зүйлс гарч байгаа гэж аймгийн дарга нь ярьсан. Ажлын хувьд захирал байсан нь сургууль дээр ажилд нь тусалдаг, нэгдлийн дарга байсан нь хоршоонуудад зөвлөхөөр ажилладаг гэх мэт. Улиралдаа нэг удаа аймгийн удирдлагатай уулзаж хуралдаад цаашид орон нутагт юу хэрэгтэйг тодорхойлж ажлаа төлөвлөдөг.
Хамгийн олон хүн амтай Хятадууд хүртэл ахмадын хүчийг ашигладаг. Тэнд олон нийтийн байцаагч маягийн үнэмлэх өгдөг. Нэг удаа хөгшин бид хоёр хятад вагонд явж байтал хоёр проводник ирээд хамаг юмыг маань шалгаад ачаа их байна гэж байгаа бололтой их мөнгө нэхсэн. Гэтэл тийм нэг үнэмлэхтэй өвөрмонгол таарч вагоны дарга дээр дагуулж очсон. Тэгээд илүү хураалгасан мөнгийг маань буцааж олгосон.
Хэрэв ахмадуудад тийм эрх бүхий үнэмлэх өгчихвөл миний хувьд энд тэндхийн вьетнам засварын газруудад очоод хөдөлмөр хамгаалал сахих асуудлыг шаардаад зогсч байж чадна. Би аюулгүйн техникийн чиглэлээр мэргэшсэн хүн.
Автобусанд бол үнэмлэхээ үзүүлээд жолоочийг тамхи татуулахгүй байлгаад байж болно шүү дээ.
- Хороотойгоо хэр ойрхон байдаг вэ?
Манай хороо жаахан асуудалтай. Хороон засаг дарга Ардчилсан намынх. Хурлын дарга нь Ардын намынх. Дарга нь нэг юм ярихад, хурал нь өөр юм ярьдаг. Ахмадын баяр болохоор өөр өөрийн хүмүүсээ оруулах гэж үздэг. Хороон дээр намаар ялгах үзэл байна шүү. Ер нь ахмадуудад намчирхах шаардлага огт байхгүй.
- Тэтгэвэрт гараад боловсролоо ямар нэг байдлаар дээшлүүлье гэж оролдож үзэв үү?
Болсон болоогүй баахан ном уншдаг л хүн.