Ахмадын нийгмийн хамгааллын талаархи зарим орны туршлага
Ахмад настнуудаа халамжлан хайрлах нь нийгэм эрүүл саруул оршин тогтнох нэг үндэс
2014.11.12

Ахмадын нийгмийн хамгааллын талаархи зарим орны туршлага

Ахмадын эрх ашгийг хамгаалах хамгийн хүчирхэг хэрэгсэл бол хууль. Ахмадын эрх зүйн асуудал Европын орнуудын хууль тогтоомжид нарийн тусгагдсан байдаг.

Швед

Швед улс ахмадын нийгмийн хамгааллын тогтолцоог  сайжруулахын тулд улсыг хамарсан, шинжлэх ухааны үндэслэлтэй тусгай судалгаа явуулжээ. Улмаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлж биелүүлэх үүргийг коммун хэмээх төрийн байгууллагад даалгажээ.

Шведийн ахмадын нийгмийн хамгааллын системийн гол давуу тал нь ахмадын эрхийн асуудлыг хуулиараа сайн шийдэж өгсөнд оршино. Тус орны ахмадыг хамгаалах үндсэн зарчмуудыуг дараах байдлаар ангилж болно:

-          Хөдөлмөрийн идэвхтэй оролцоотой эсэхээс үл хамааран настай хүнийг материаллаг хэрэгцээгээр бүрэн хангах ёстой

-          Тохитой орон байртай байх хэрэгтэй. Коммун болгонд нийгмийн асуудал хариуцсан Комисс байдаг бөгөөд ахмадууд тохьтой амьдарч чадаж буй эсэхийг хянадаг

-          Төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлийн хүнд хэлбэр бүхий ахмадууд илүү тухлаг амьдрах ёстой.

Коммун өндөр настнуудын бие даасан байдлыг туйлын хэмжээнд хангахын тулд олон чиглэлт төлөвлөгөөтэй, төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд тээврийн хэрэгслийн хөнгөлөлт ч хамаарна.

Швед улс хүчтэй нийгмийн хамгааллын бодлого явуулсны үр дүнд тэтгэвэртэй ахмадуудын дунд явуулсан судалгаагаар тэдний 94% амьдралынхаа нөхцөлд сэтгэл хангалуун, харин 78% нь тэтгэвэрт гарснаар тэдэнд хандах хандлага өөрчлөгдөөгүй гэж хариулжээ.

Дани

Данийн Засгийн газар аливаа нийгмийн хамгааллын асуудлыг улс төрийн асуудлаас дээгүүрт тавьдаг. 1970 онд явуулсан шинэчлэлийн үр дүнд коммунуудад нэлээдгүй эрхийг олгосон байна. Коммуны гишүүн ахмад настанд туслахдаа түүнд хамгийн ойр ажиллах ёстой. Түүнчлэн тусламж хүссэн ахмад өвчлөл, ажилгүйдэл, орон байрны дутагдал зэрэг бүх асуудлаар зөвхөн нэг цонхонд хандана. Өвчин хуучтай ахмадууд бүх тусламжаа үнэ төлбөргүй авах эрхтэй.

1987 онд Дани улсад ахмадын орон сууцтай холбоотой хууль батлагдав. Уг хуулийн дагуу орон байргүй ахмадууд орон сууцны хөнгөлөлт авах, шаардлагатай бол өөрийн сонирхол хэрэгцээнд нийцүүлэн үнэгүй тохижуулалт хийлгэдэг байна.

Данийн коммунуудад настангуудад зориулсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь холбож өгдөг нийгмийн ажилтан бий. Тэрээр асруулагч, үйлчлүүлэгч хоёрын зуучлагч болдог.  Дани улсад эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хувиарлалт, сувилалын үйлчилгээний өндөр чанар голлох зарчим болдог. Судлаачид Данийн ололтыг тус орны амьдралд биеллээ олсон нийгмийн ардчилалтай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл ахмад настнууд нийгмийн зүгээс материаллаг болон материаллаг бус бүх хэрэгцээгээ авч чаддаг.

Их Британи

Их Британы хувьд нийгмийн хамгааллын тогтолцоо нь таван суурь хууль дээр үндэслэсэн. Хуулийг төгөлдөржүүлснээр дараах давуу талууд бий болов. Ахмадын асаргаа сайжрав. Эрүүл мэндийн үйлчилгээнд орчин үеийн анагаах ухааны ололтуудыг ашиглах болов. Мэргэжлийн эмч нарын тоо өсч, нэг эмчид ногдох ахмад өвчтөний тоо багасав. Түүнчлэн сувилагчдын тоо нэмэгдэж, гэрээр очиж үйлчилдэг эмнэлгийн ажилтнууд олширчээ. Их Британий нэг том ололт бол эмнэлгийн, рашаан сувилалын үйлчилгээг ахмадад шаардлагатай түвшинд өгч чаддаг болсонд оршино. Мөн ахмадууд өөрсдийн халааснаас мөнгө гаргахаа болив. Бие даах чадвараа алдсан ахмадын хувийн эрх, эрх чөлөөг нь хүндэтгэх үүднээс ямар халамж авах сонголтоо хийх боломжийг бүрдүүлжээ. Түүнээс гадна хуулинд тусгасан аль ч эрхийг тухайн ахмадыг төлөөлсөн хүн шаардах боломжтой болжээ. Ахмадууд дараах хүмүүсээр төлөөлүүлэн эрхээ хамгаалуулж болно:

-          Төрийн болон хувийн компаний статустай хувийн өмгөөлөгч

-          Тусгай дипломтой нийгмийн ажилтан, эмч нар болон зохих мэдлэгтэй бусад мэргэжилтнүүд

-          Хуулийн албатай гэрээ байгуулсан сайн дурынхан, хүмүүнлэгийн байгууллага, олон нийттэй харилцах албад

-          Гэр бүлийн гишүүд болон найзууд

Канад

Канадын Засгийн газар нийгэм болон гэр бүлийн орчин дахь ахмадын эсрэг чиглэсэн хүчирхийллийн асуудлыг онцгой анхаардаг. Уг асуудлаар анх 1983 онд  үндсэн зарчим боловсруулжээ. Тодруулбал: “Канадын бүх шатны засаг захиргааны байгууллага болон нийгэм бүхэлдээ ахмадын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх үүрэгтэй. Ялангуяа тусгай нөхцөлд амьдарч буй ахмад настнууд тэдний бие махбодь, сэтгэл санааны хэвийн байдлыг алдагдуулах хүчирхийллийн төрөл бүрийн хэлбэр, түгшүүрээс хол байх эрхтэй” гэсэн зарчмыг тунхаглав. Ахмадыг хүчирхийллээс хамгаалах үзэл санаа нь Канадын Хүний эрх, эрх чөлөөний Тунхаглал, Үндсэн хуулиас эхлэлтэй. Канадын 10 хүн тутмын нэг нь 65-аас дээш настай.

Ихэнх ахмад хүүхдүүдээсээ бие дааж амьдрахыг хүсдэг. Хэрэв эрүүл мэндийн байдал таагүй болвол тусгай үйлчилгээ бүхий байранд амьдарч болдог. Тэтгэврийн хоёр хэлбэр бий. Нэг нь ахмад настныг хамгаалах тэтгэвэр, нөгөө нь Амьдралыг баталгаажуулах нэмэлт орлого. Баталгаажуулах нэмэлт орлогыг тухайн хүн тэтгэврийн насанд хүрээд орлогогүй, эсвэл орлого багатай бол авдаг. Хэрэв 60-64 насандаа эхнэр/нөхрийн орлого бага, эсвэл нас барсан бол гэр бүлийнх нь хүн тэтгэврийг нь авч болно.

Герман

1991 онд Герман улсад бие даах чадвараа алдсан хүмүүст гэрт нь очиж туслах хууль гарчээ. Уг хуулийн гол давуу тал нь гэрээр тусламж авах нь биеэ даах чадваргүй ахмадуудын жинхэнэ эрх болж хувирсанд байгаа юм. Харин халамжилж, тусалж буй хүмүүс ядарсны улмаас эсвэл хувийн асуудлаар ажлаасаа дөрвөн долоо хоногийн чөлөө авах эрхтэй. Даатгалын компаниуд тусламж хэрэгтэй хүмүүст нийгэм, эрүүл мэндийн тусламж авахад нь зориулж 400 хүртэлх маркийн мөнгөн тусламж өгдөг ажээ.

Голланд

Голландчууд төрөөс байгуулсан мэргэжлийн болон хувийн даатгалын компаниудаар дамжуулаад ахмадад зориулсан нийгмийн халамжийн тогтолцоогоо өргөтгөжээ. Ингэхдээ эрүүл мэндийн албан даатгалыг хариуцдаг байгууллага нь ахмад настныг асарсан эмчийн цалинг олгоно. Мөн тухайн ахмадад шаардлагатай эмийн зардлыг ч бас гаргадаг байна. Нидерландын иргэдийн энэхүү давуу тал нь ардчиллыг өдөр тутмын амьдралаа болгосонд оршино гэж шинжээчид үзэж байна.