Нийгэмд тустай төсөл хэрэгжүүлсэн жүжигчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа нар Мобиком корпорацийн зүгээс санаачилсан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт оролцож түрүүлсэн МУГЖ И.Одончимэг болон өөрийн санаачилгаар эмнэлгүүдийн танхимыг тохижуулсан СТА Г.Ундармаа нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр “Улаанчулуутын хогийн цэгт амьдарч буй хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг санаачлан нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан МУГЖ И.Одончимэг, эмнэлгүүдийн хүлээлгийн танхим тохижуулах үйл ажиллагаа зохион байгуулсан СТА Г.Ундармаа нарт Улсын Их хурлын эмэгтэй гишүүд талархал илэрхийлж, батламж гардууллаа.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, 2015 оны төсөвт нийт 500 гаруй эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон сургуулийн өргөтгөл, дотуур байрны барилгын ажлыг дуусгахаар тусгасан талаар онцлоод, Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулганаар “Хамтын тэтгэврийн тухай” , “Хүүхэд харах үйлчилгээний тухай” , “Гэр бүлийн тухай” , “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” зэрэг нийгэмд хүлээлт үүсгэж буй олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэнэ гэдгийг дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд болон урлаг, соёлын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэгт санал нэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.