Ж.Энхбаяр нутгийнхаа бөхчүүдийг “эрхлүүлэв”
Үндэсний бөхийн “лиг” хэмээн хялбаршуулан ойлгож болох Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн билээ. Бөх сонирхогчдын сэтгэлд нэлээд хүрсэн энэ барилдааны үеэр улсын наадамд түрүүлсэн бөхийн дайтай бай шагналаар бөхчүүдийг шагнасан нь зарим хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах шахсан юм. Хөвсгөл аймгийнхан дэвжээний барилдаанд нутгаа төлөөлөн барилдсан улсын арслан Х.Мөнхбаатарыг хамгийн олон даваа авсан хэмээн жийп машины түлхүүр гардуулсан бол Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр гишүүн түүний дараахан энэ барилдаанд түрүүлсэн нутгийнхаа 10 залууд чамгүй их мөнгө амлаадхав. Шилдэг дэвжээ болсон “Хантайшир”-ын залуус багаараа МҮБХ-ноос арваад сая төгрөгийн бай шагнал хүртсэн бол сэтгэл нь хөдөлж, бөхөд хорхойссон Ж.Энхбаяр гишүүн хүн тус бүрт тав таван сая төгрөг амлаж, тэдгээр арван бөхийг Хайнань аралд долоо хоног амруулахаар шийдсэнээ тэр дор нь дуулгаж байлаа. Дөрвөн жилийн өмнө байгуулсан “Алтайн эрин” сангийнхаа шугамаар нутгийнхаа бөхчүүдийг ивээн тэтгэж, түүнийхээ ачаар сонгуулийн сурталчилгаандаа хамаг сайн гэсэн бөхчүүдийг бүгдийг нь элсүүлж чадсан Ж.Энхбаяр гишүүн хэзээ, яаж хөдлөхөө мэддэг нэгэн бололтой.