2014.11.22

Төрийн албан хаагч хуулиар програмчилсан робот шиг ажиллах ёстой

Эрүүдэн шүүх нь өөрөө хүчний байгууллагынхан хийдэг гэмт хэрэг учраас маш аюултай, үүнийг илчлэхийн тулд иргэн хүнээс маш их эр зориг шаардана

Хүний эрхийн хуульч Х.Бат-Ялалттай эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаар ярилцлаа.

-Эрүүдэн шүүлт гэж юу вэ?

Хүнийг яргалж тамлаж, өөрийнхөө хүссэн зүйлийг хэлүүлж тухайн хүнийг гэмт хэрэгтэн болгохын тулд эрүү шүүлтийг ашигладаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийнхэн хийдэг гэмт хэрэг гэж шууд ойлгох болно. Мөрдөн байцаагч эрх мэдлээ хэтрүүлэх, хүнийг хилс хэрэгт санаатайгаар гүтгэх, хуурамчаар нотлох баримт бүрдүүлэх, харилцаанаас эхлээд эрүүдэн шүүлт хийдэг.

-Эрүүдэн шүүлтээс ангид байхын тулд иргэн хүн өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

Өөрийгөө хамгаалах хамгийн сонгодог арга бол Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар өөрийгөө өмгөөлөх буюу бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх ёстой. Та өөрийн өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа үзүүлэгчтэй хамт байцаагдаж байхад таныг мөрдөн байцаагч, хэн нэгэн эрүүдэн шүүж, дарамталж чадахгүй.

Гэхдээ өнөөдөр манай хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого эсрэгээрээ явж байна. Харамсалтай нь ардчилсан намынхан гарч ирээд хүний өөрийгөө өмгөөлөх эрхийг улам холдуулчихлаа. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүхэд хүнийг өмгөөлөх эрхтэй хүн өмгөөлөл хийнэ гээд заачихсан.

Хатуу хуульчилж өгснөөс болоод өмгөөлөх гэдэг харилцаа маш хатуу дэг журамтай болчихлоо. Үүнийг нэг талаас нь харвал сайн юм шиг харагдавч нөгөө талаас Үндсэн хуулинд заасан хүн өмгөөлөгчөө сонгох эрхийг нь хязгаарлаж байна гэсэн үг. Хөдөө суманд гэхэд шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч гэж бараг байдаггүй. Ингээд л асуудал үүснэ.  

-Хүн бүр эрүүдэн шүүхээс ангид байх эрхтэй. Эрүүдэн шүүлтээс гарч байгаа хор хохирол нь юу байдаг юм бэ?

Тухайн хүнд хохиролтойгоос гадна нийгэмд их айдас үүсгэдэг. Нийгмийн хүчирхийллийг бий болгодог. Төрийн харгис бодлогын илэрхийлэл бол эрүүдэн шүүлт. Би ганцхан жишээг хэлмээр

1997 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей эрүү шүүлтийн хохирогчдод туслах, мөн эрүү шүүлтийг таслан зогсооход анхаарахаар жил бүрийн зургадугаар сарын 26-ныг Эрүү шүүлтийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

санагддаг. Цагдаагийн албан хаагчдад эрүүл аюулгүй ажиллах, өөрийгөө хамгаалахад нь бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэх давуу эрхийг олгодог.

Гэтэл тухайн албан хаагч тухайн зэвсгийг ямар зориулалтаар ашиглаж байна гэдэг нь тухайн хүний онцлогоос шалтгаалдаг. Тэр зэвсгээ ашиглан хэрэгтэн болон сэжигтэн, хэрэгт саатуулагдаж байгаа хүнийг эрүүдэн шүүж, буруутайг нотлох нь маш аюултай.

Тамхины цог хүртэл яргын хэрэгсэл болдог. Эрүүдэн шүүлт нь өөрөө дотроо олон төрөлтэй. Хүнийг хэт хоолгүй, хэт хоолтой байлгах нь бас л нэг хэлбэр.

-Мөрдөн байцаагдаж байгаа хүнийг хэрхэн эрүүдэн шүүхээс ангид байлгах вэ. Манай улс хууль эрх зүйн орчноороо хамгаалж чадаж байгаа юу?

Манай хууль эрх зүйн орчинд хэнийг эрүүдэн шүүх вэ, хэнийг эрүүдэн шүүж болохгүй вэ гэдгийг заасан. Хэрхэн байцааж, хэрхэн шүүх ёстой вэ, нүүрэлдүүлэн байцаалт гэж юу вэ, хүнийг цагдан хорихдоо ямар дэглэм журам баримтлах вэ гэдгийг харьцангуй сайн заасан хуультай. Гэсэн хэрнээ хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэрхэн байцаалт авч, хүнийг буруутай, буруугүйг нотлохын тулд ямар зүйлсийг бүрдүүлэх вэ гэдгийг заасан. Байцаалт авах журмыг уншаад үзэхэд хүнээс асуулт асуухдаа хүртэл тулгаж буюу хөтөлж асууж болохгүй гэдэг.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагч чи хэрэг хийсэн биз дээ, хэргээ хүлээ гэх зэргээр хөтөлж асууж болохгүй. Асуулт асуухаас л эхлээд эрүүдэн шүүлт явагддаг. Хэргээ хүлээ гээд асууж байсна дуу нь өндөрсөж, ганц нэг цохиж аваад янз бүрийн арга хэрэгслээр залхааж, хагас суулгах, хүйтэн өрөөнд байлгах зэргээр ямар нэг байдлаар хүнийг тарчлааж, зовоож, хүссэн үгээ хэлүүлэхийг оролдож байгаа нь эрүүдэн шүүлт.

-Эрүүдэн шүүж мөрдөн байцаалт явуулахгүй байх ёстой. Эрүүдэн шүүхээс өөр хүний эрхэд суурилсан мөрдөн байцаалтын арга байдаггүй юм уу?

Асуух ёстой асуултаа асуугаад л явах ёстой. Өмгөөлөгч хажууд нь сууж байх ёстой. Хэрвээ эрх зүйн боловсрол өндөртэй бол өмгөөлөгчтэйгөө байцаагдана гэдгийг хэлэх ёстой. Гэтэл заримдаа өнөөгийн нөхцөлд өмгөөлөгч нь хүртэл мөрдөн байцаагчтай хуйвалдаж, эрүүдэн шүүлгэх тохиолдол гардаг.

-Эрүү шүүлттэй холбоотой гомдол санал танай байгууллага дээр ирж байсан уу. Та өмгөөлөгч, хуульч хүний хувьд тийм хэргийг өмгөөлж байв уу?

Зөндөө ирж байсан. Өвлийн хүйтэнд цонх онгойлгочихоод хэргээ хүлээ гээд эрүүдэн шүүлгэсэн тухай гомдол ирж байсан. Эрүүдэн шүүх нь өөрөө хүчний байгууллагынхан хийдэг гэмт хэрэг учраас маш аюултай, үүнийг илчлэхийн тулд иргэн хүнээс маш их эр зориг шаарддаг. Иргэдийн дунд шүүх прокурор, цагдаа гэхээр айж, эмээн нэг үг хэлчихвэл хорхойтой араанд зууна гэдэг шиг занах болов уу гэж түгшдэг.

Эрхээ эдлэхгүй явсаар байгаад өнгөрсөн хойно нь гомдол гаргадаг. Шоронд бол хүчирхийллийн далд орчин байсаар байгаад хүмүүсийн ярианаас мэддэг. Үүнийг төрийн албан хаагчид өөрсдөө таслан зогсоох ёстой байтал алдар нэрэнд дурлан, хүссэн зүйлээ гүйцэлдүүлж байгаа нь харамсалтай.

Хүн өмгөөлснийхөө төлөө дөрвөн сар шоронд суусан
-Эрүүдэн шүүлтэд өртсөн хүн гомдлоо хаана албан ёсоор гаргах ёстой вэ?

Хүний эрхийн үндэснй комисс, Улсын их хурал, прокурор гээд гаргаад явдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар прокурор өөрөө шийдвэр гаргагч болоод хувирчихсан. Өмнө нь прокурор хянагч, цагдаа шийдвэр гаргагч байсан. Одоо бол цагдаа хүсэлт гаргаж, прокурор түүнийг нь баталгаажуулдаг болчихсон.

Энэ утгаараа жишээлбэл прокурорын байгууллага нэгдүгээрт маш их ачаалалтай, маш их эрх мэдэлтэй, хүний эрхийг зөрчихийг үгүйсгэхгүй хэмжээнд ажиллах нөхцөл бүрдчихлээ. Нэг ёсондоо хяналтын байгууллага байхгүй болсон гэсэн үг. Эмгэнэлтэй дүр зураг.

Ер нь иргэд өөрсдөө эрх зүйн боловсролоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хууль тогтоогчид хууль тогтоомждоо хүний эрхийн халдашгүй байдлыг хамгаалахын тулд бүрэн анхаарч, төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэргээс хамгаалахын тулд маш их судлагааны ажлыг хийх хэрэгтэй.  

Манай хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагуудаас санаачлаад иргэн хүн төрийн албан хаагчтай харьцахдаа бичгээр харьцаж, хариугаа заавал бичгээр авч, техник технологи ашиглах, гар утас камер ашиглаж баталгаажуулах боломжтой байх ёстой гэсэн асуудлыг тавьж, энэ талаарх судлагааг хийж, туршилт хүртэл хийж үзсэн. Иргэд өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Үүний тулд иргэний хяналтыг байгуулах нь зөв.

Сүүлийн үед миний тэмцээд байгаа асуудал бол энэ. Хүмүүс Эрүүгийн хуулинд гомдож явна гэж орж ирдэггүй, хэрэг бүртгэгч шударга биш байна, мөрдөн байцаагч миний эрхийг эдлүүлсэнгүй, намайг ингэж дарамталсан гээд эрүүдэн шүүгдсэн тухай гомдлыг барьж орж ирдэг. Тухайн хүн буруутай, буруугүй эсэхээс үл хамааран хэнд ч эрүү шүүлт тулгаж болохгүй. Тэгэхээр төрийн буруу механизм, үйл ажиллагаа ялангуяа хууль хяналтын байгууллага дээр хуучинсаг арга барилаа хадгалсан хэвээр байгааг өөрчлөх хэрэгтэй.  

-Та иргэдийн гомдлыг бариад шийдүүлэх гэж явж үзсэн үү?

 Ер нь өмгөөлөгчийн оролцоо орчихоор эрүүдэн шүүхээ больчихдог. Гэхдээ өмгөөлөгчийг нь хүртэл дарамтлах, эрүүдэн шүүх, гэмт хэрэгт гүтгэх асуудал байдаг. Тухайлбал би өөрөө эрүүдэн шүүлтэд өртөж байсан.Хүн өмгөөлснийхөө төлөө дөрвөн сар шоронд суусан. Манай хууль зүйн салбарт эрүүдэн шүүлт далд хэлбэрээр ажиллаад байгаа.

13 жилийн хорих ялтай  шоронд орчихоод долоон жилийг нь эдлэчихээд байж байтал энэ хүн буруугүй байсан байна гээд гаргачихдаг. Миний өмгөөлсөн хэргүүдэд ийм зүйл олон байсан. Таван жилийн ял аваад нэг жил эдлүүлчихээд буруугүй юм байна гээд гаргадаг.

Гэтэл тэр хүнийг хохироож буруутай гэж шоронд хийсэн хууль сахиулагчид ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тийм систем байхгүй. Иймээс төрийн албан хаагчид хүнийг зоригтойгоор эрүүдэн шүүдэг. Үүнийг иргэний хяналтын системээр л зогсооно. Төрийн үйл ажиллагаанд байгаа алдааг хянаж илрүүлнэ. Төрийн албан хаагчид хэрхэн ажиллаж байна гэдгийг хөндлөнгийн хяналтын байгууллагын оролцоотойгоор л хянана.  

Төрийн дотоод хяналтыг төрөөс хараат бусаар иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх ёстой. Төр өөрөө өөрийгөө хянаж чадахгүй. Аалзны тор шиг хэлхсэн сүлжээнд бие биенээ хянаж, шийтгэнэ гэхэд хэцүү. Тиймээс аалзны торыг эвдэхийн тулд өөр хөндлөнгийн хүнээр хянуулах ёстой. Хөндлөнгөөс нь харж ажиглахгүй бол дунд нь орж болохгүй.

-Авилгатай тэмцэх газрын чиг үүрэг төрийн албан хаагчдын хүнд суртал, чирэгдэл, авилгын талаарх санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг ч гэлээ төсвөөс санхүүждэг. Энэ хөндлөнгийн хяналт мөн үү?

Төрийн удирдлагын нэг хэсэг дор байгаа учир хянана гэхэд хэцүү. Төр өөрөө хууль тогтоож, хэрэгжүүлж, хянана гэж байхгүй. Эрүүдэн шүүх, төрийн эрх мэдлийг хэтрүүлж гэмт хэрэг хийдэг нь төрийн нэг том механизм болж ажиллаад байна шүү дээ.

Үүнийг бид нар адилхан механизм байгуулж зогсоохоос өөр аргагүй. Бид өнөөдөр туйлшралаас татгалзах хэрэгтэй. Бодитой хандья. Хууль сахиулагчид бүгдээрээ эрүүдэн шүүдэг гэж ойлгож болохгүй. Монголын гурван сая хүн амд хуулийн этгээд болсон хүмүүст бүгдийг нь эрхээ мэддэг болгох нь амархан уу, эсвэл 200 мянган төрийн албан хаагчийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болгож хянах нь амархан уу гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр төрийн албанд ямар ч муу хүн очсон сайн болгож ажиллуулах тийм хяналтын механизм байх хэрэгтэй.

Өөрийгөө хамгаалах зорилгоор төрийн байгууллагар ороходоо бичлэг хийж болно гээд ерөнхийлөгч мэдэгдвэл, төрийн албан хаагчаас мэдээлэл авахад сэтгүүлч хүртэл хэцүү байдаг. Тиймээс өөрийгөө хамгаалхыын тулд орчин үеийн тоног төхөөрөмжийг ажиллуулах хэрэгтэй.

-Хууль сахиулагчдын хүний эрхийн боловсрол, хандлагад нь нөлөөлөхүйц байдлаар дахин сургалт, мэргэшүүлэх сургалт, боловсролын системд нь байдаг болов уу?

Байхгүй. Бид нар хуульч болох гээд төр эрхийн онолыг л үздэг. Хүний эрхийн онолыг үздэггүй. Хүний эрх анхдагч уу, төрийн эрх анхдагч уу. Хүний эрх нь төрийн эрхийг хангаж ажиллах ёстой юм уу, төрийн эрх нь хүнээ хангах ёстой юм уу.

Гэтэл энэ хоёр харилцан бие биенээ хүндэтгэх, тэнцвэртэй байх тухай  асуудал өнөөдөр яригдах ёстой. Төр бол нийгмийг зохион байгуулах, удирдах үүрэг бүхий бүтэц. Тэнд ажиллаж айгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой эрх мэдлийг өгдөг. Эрх байгаа цагт үүрэг үүсдэг учир  хүний эрхийг дээдлэх, монгол улсын үндсэн хуулийн 1.2-т зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимуудыг хууль дээдлэх, үндэсний эв нэгдлийг хангах нь үндсэн зарчим байх ёстой. Төрийн албан хаагчид тангараг өргөдөг.

Гэтэл тэр хүмүүс амлалтаа мартаад хүмүүсийг эрүүдэн шүүж, яргалж, тамлаж сэтгэлийн дарамтад оруулж айлгаж сүрдүүлж, өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг буруу арга технологи нь нийгэмд айдас үүсгэж, өсөрхөж гомдох, үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байна. Ер нь төрийн албан хаагч гэдэг бол хуулиар програмчилагдсан робот. Төрийн албан хаагчийн хийх ёстой, ёсгүй бүх зүйлийг хуулинд заасан байгаа.  Хуулиас гадуур үйлдэл хийх эрхгүй.

-Ярилцсанд баярлалаа.