МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулав
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаараа мэдээлэл хийлээ.
Эхнийх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-д өнөөдөр ирүүлсэн засагт хамтран ажиллах саналыг хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бүлгийн хурлаар энэ асуудлыг шууд шийдэх боломжгүй. Намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Бага хурлаас эцсийн шийдвэр гарна" гэлээ.
Уг саналтай холбогдуулж МАН-ын бүлгээс Су.Батболд гишүүнээр ахлуулсан Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. Энэхүү ажлын хэсэг нь засагт хамтарсан тохиолдолд ямар асуудлыг шийдэх, бүтэц, бүрэлдэхүүнээ яаж өөрчлөх, хууль эрх зүйн орчны хүрээнд эдийн засгийн ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхой болгож намын бүлэг, Удирдах зөвлөл, Бага хуралд оруулах үүрэг хүлээжээ.
Мөн бүлгийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 90 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг хэлэлцсэн байна. Гэхдээ уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
Эл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих дөрвөн зээлийн төслийн нөхцөл нь өмнөхөөсөө муудсан, хугацаа нь богиноссон, хүү нь нэмэгдсэн учраас зориулалт болон Монгол Улсад наалдах үр өгөөжийг нь илүү тодорхой болгох шаардлагатай гэж гишүүд үзэж, хойшлуулахаар тогтов.
Ингэхдээ Монгол Улсын гаднаас авсан өр зээлийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн. Нөгөө талаар холбогдох байгууллагууд өрийн хэмжээ, босгыг өөр өөрөөр тайлбарладаг учраас өрийн тодорхойлолтыг нэгдсэн нэг аргачлал, тогтсон тоотой болгох нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар боллоо.