М.Энхболд: Намын даргын хувьд засагт орох эсэх асуудлаар байр суурь илэрхийлэх нь зохимжгүй
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2014.11.26

М.Энхболд: Намын даргын хувьд засагт орох эсэх асуудлаар байр суурь илэрхийлэх нь зохимжгүй

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын дэргэдэх зөвлөхүүдийн танхимын гишүүдтэй өчигдөр уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Зөвлөхүүдийн танхимд МАН-аас нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар сонгогдож ажиллаж байсан, түүнчлэн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан хүмүүс багтдаг. Хамгийн гол нь улс төрийн халуун сэдэв болсон дараагийн Засгийн газарт МАН хамтрах эсэх асуудлаар тэдний саналыг сонссон нь энэ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдоос зарим асуултад хариулт авлаа.

-Зөвлөхүүдийн танхимын гишүүдийн хувьд МАН засагт орох эсэхийг хэрхэн хүлээж авч байна вэ?

МАН-ын даргын дэргэдэх зөвлөхүүдийн танхим /өчигдөр/ хуралдаж байна. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс тавьсан албан тоотын дагуу зөвлөхүүдийн танхимын гишүүдийн саналыг сонсох нь чухал. Гэхдээ эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш ч намын дарга, Удирдах зөвлөлд бий болсон нөхцөл байдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгдөг.

Яагаад гэвэл, нэгэн үед манай намыг, улс орныг удирдаж явсан, Үндэсний аюулгүй байдлын гишүүн байсан хүндтэй хүмүүсээр бүрддэг учраас зайлшгүй саналыг нь сонсох ёстой гэдгээр энэ хурлыг хийж байгаа юм. Манай намын хувьд 28-ны баасан гарагт Бага хурлаа хуралдуулахаар зарласан.

Ер нь эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх ёстой. 

Бага хурлаар Ерөнхий сайдын ирүүлсэн бичгийн эцсийн шийд, хариу гарна. Өнөөдөр /өчигдөр/ ямар нэгэн тодорхой хариу, байр суурь илэрхийлэх боломж байхгүй. Манай намын дүрэмд ингэж заасан. Тэгэхээр дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явагдана.

Бид бодитой нөхцөл байдлыг мэдэх, мэдрэх үүднээс улс орны эдийн засгийн өнөөгийн үнэлэлт, дүгнэлтийг гаргахаар тодорхой хүнийг ажиллуулж байна.

Ер нь нийгэмд иргэд, олон түмэн ямар бодол, санаатай байгаа вэ гэдгийг мэдрэхийн тулд тодорхой судалгааны ажлыг хөдөө орон нутаг, нийслэлд энэ сарын 24-нөөс явуулсан.

Намын анхан болон дунд шатны байгууллагуудын бодол, санал ямар байна вэ гэдгийг сонсох зорилготойгоор тодорхой чиглэл өгөөд ойрын өдрүүдэд нөхцөл байдлын талаар бүх мэдээллийг цуглуулж, тав дахь өдөр эцсийн шийдвэр гарна.

-Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас болж иргэдийн амьдрал доройтож байгаа. Тэгэхээр улс орныг удирдаж явсан, Үндэсний аюулгүй байдлын гишүүн байсан хүмүүсийн хувьд цаашид МАН хэрхэн ажиллах талаар тодорхой санал тавьсан байх?

“Аль, аль талыг нь харж, үзэх хэрэгтэй. Ер нь эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх ёстой. Мөн өнгөрсөн хоёр жилийн үйл явдлыг бодох нь чухал” гэдэг саналыг хэлж байна.

-МАН-ыг дараагийн засагт орохыг хүлээж, хүсч байгаа зүйл байх шиг байна. Хувь улстөрчийн хувьд үүн дээр хэрхэн хандаж байна?

Намын Бага хурлаар эцсийн шийдвэр гарах учраас намын дарга ямар нэгэн байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Бага хурлаар эцсийн шийдвэр гарна.